Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Үндсэн Хууль (1960)

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Үндсэн Хууль (1960)
321574Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Үндсэн Хууль1960

Хүн төрөлхтөн капитализмаас коммунизмд шилжин орохын эхлэлтийг нээн тавьсан агуу их октябрийн социалист хувьсгал нь Монголын ард түмнээс эрх чөлөөний төлөө олон зуун жилийн турш явуулсан тэмцлийн түүхэнд эргэлт болж, бүрэн эрхт, тусгаар тогтносон ардын ардчилсан улс төрөө байгуулах боломж олгов.

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Үндсэн Хууль

Бүгд Найрамдах Монгол Ард Улс бол Монголын ард түмэн 1921 онд ардын хувьсгал хийж, империалист колоничлогчдын ноёрхол, феодалын засгийг түлхэн унагааж, хамжлагат ёсыг халсны үр дүнд үүсэн тогтсон юм.

Бүгд Найрамдах Монгол Ард Улс нь Зөвлөлт Холбоот Улсын ах дүүгийн социалист тусламжийг түшиглэн империалистуудын түрэмгийлэл, дотоодын харгис хүчний эсрэг шаргуу тэмцэн улс төр, эдийн засгийнхаа тусгаар тогтнолыг бэхжүүлж, урьд ноёрхож байсан үндэсний ба нийгмийн дарлалын хүнд хор уршгийг гэтлэн давж, феодал ангийг устган социалист аж ахуй, соёлоо бүтээн байгуулсны үрээр өсч бэхжив.

Бүгд Найрамдах Монгол Ард Улс бол В.И.Лениний сургаалыг мөрдлөг болгон феодализмаас капиталист хөгжлийн шатыг алгасч социализмд шилжих замдаа нийгэм, эдийн засгийн хувьсгалт их үндсэн өөрчлөлт хийж социалист шинэ эдийн засгийг байгуулж, социалист үйлдвэрлэлийн харилцааг бүх улс ардын аж ахуйд ялуулж, хөдөлмөрчин ард түмний аж амьдрал, соёлын хэмжээг дээшлүүлэх талаар түүхэн их амжилт олов.

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын зорилго бол социализмыг төгөлдөр байгуулж цаашдаа коммунист нийгэм байгуулах явдал мөн.

Бүгд Найрамдах Монгол Ард Улс энх тайвнаар зэрэгцэн орших зарчмыг баримтлан даян дэлхийд бат энх тайвныг хангах, нийт улс түмэнтэй эв найрамдал, хамтын ажиллагааг хөгжүүлэх, пролетарийн интернационализмын хөдөлшгүй зарчмыг үндэслэн дэлхийн социалист системийн орнуудын ард түмний хооронд батжин хөгжсөөр байгаа ах дүүгийн эвдэршгүй найрамдал, харилцан туслалцаа, хамтын ажиллагааг бүхий л аргаар бэхжүүлэхийг эрмэлзсэн энх тайванч гадаад бодлого явуулна.

Марксизм-Ленинизмийн зарчмын үндсэн дээр социалист орнуудын ард түмний нэгдэл нягтралыг бүхий л аргаар бэхжүүлэхийн төлөө ямагт санаа тавьж тэмцэх явдал бол БНМАУ-ын ариун дээд үүрэг бөгөөд мандал бадрал, тусгаар тогтнолынх нь бэхжилтийн нэн чухал нөхцөл мөн.

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төр, нийгмийг удирдан чиглүүлэгч хүч бол бүхнийг ялагч марксист-ленинист онолыг үйл ажиллагаандаа удирдлага болгодог Монгол Ардын Хувьсгалт Нам мөн.

I. БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙГУУЛАМЖ

edit

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ - ТӨРИЙН МӨН ЧАНАР, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ЕРӨНХИЙ ЗАРЧИМ

edit

Нэгдүгээр зүйл

Бүгд Найрамдах Монгол Ард Улс бол ажилчид, хоршоолсон ардууд (малчид, тариаланчид), хөдөлмөрч сэхээтний социалист улс бөгөөд түүний үндэс нь ажилчин анги, хоршоолсон ардын холбоо мөн.

Хоёрдугаар зүйл

Бүгд Найрамдах Монгол Ард Улс бол ардчилсан төрийн хэлбэрээр тогтнон хөгжиж байгаа социалист улс мөн.

Гуравдугаар зүйл

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засгийн бүх эрх хөдөлмөрчин ард түмний мэдэлд байна. Хөдөлмөрчин ард түмэн өөрийгөө төлөөлсөн ардын депутатуудын хурлаар уламжлан засгийн эрх барина.

Дөрөвдүгээр зүйл

Ардын депутатуудын хурлыг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын иргэд нийтээрээ тэгш, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууц гаргаж сонгоно. Сонгууль явуулах журмыг тусгай дүрмээр тогтооно.

Тавдугаар зүйл

Төрийн бүх байгууллагын зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчим бол төвлөн удирдах ардчилсан ёс мөн. Төрийн бүх байгууллага хөдөлмөрчин олон түмнийг түшиглэж холбоогоо байнга бэхжүүлж байх үүрэгтэй.

Зургадугаар зүйл

Ардын депутатуудын бүх шатны хурал сонгогчдынхоо өмнө ажлаа хариуцан тайлагнана. Депутат бүр өөрийн ба ардын депутатуудын хурлын ажлын талаар сонгогчдынхоо өмнө тайлагнах үүрэгтэй. Сонгогчид, депутатаа хуулиар тогтоосон журмын дагуу хэзээ ч огцруулж болно.

Долдугаар зүйл

Төрийн бүх байгууллага нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Үндсэн хууль, бусад бүх хуулийг нарийн чанд биелүүлэх үүрэгтэй.

ХОЁРДУГААР БҮЛЭГ - ТӨРИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДСЭН ЗАРЧИМ БА ҮҮРЭГ

edit

Наймдугаар зүйл

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын эдийн засгийн үндэс бол хөдөлмөрчид олон жил шаргуу тэмцэн, үйлдвэрлэлийн хэрэгслийг хувьдаа өмчлөх журмыг халж, хүн хүнээ мөлжих ёсыг устгасны үрээр тогтсон социалист системийн аж ахуй, үйлдвэрлэлийн хэрэгслийг нийтээр өмчлөх социалист өмч мөн.

Есдүгээр зүйл

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын социалист өмч бол улсын (бүх ард түмний хөрөнгө), хоршооллын (хөдөө аж ахуйн нэгдэл ба бусад төрлийн хоршооллын хөрөнгө) ийм хоёр хэлбэртэй байна.

Аравдугаар зүйл

Бүх газар, түүний хөрсөн доорхи баялаг, ой мод, гол ус, тэдгээрийн баялаг, улсын фабрик, завод, уурхай, цахилгаан станц, төмөр зам, авто машин, усан ба агаарын тээвэр, засмал зам, холбооны хэрэгсэл, банк , улсын хөдөө аж ахуйн үйлдвэрийн газар (сангийн аж ахуй, мал аж ахуйн машинт станц зэрэг), улсын нийгэм ахуйн газар, хот, суурин газрын орон сууцны улсын үндсэн фонд, улсын үйлдвэрүүдийн түүхий эд, материал, бүтээгдэхүүн, улсын худалдаа бэлтгэлийн ба соёл, шинжлэх ухааны газрууд, мөн улсын бүх байгууллагын эд хөрөнгө, энэ бүхэн бол улсын өмч, өөрөөр хэлбэл бүх ард түмний хөрөнгө юм.

Арван нэгдүгээр зүйл

Хөдөө аж ахуйн нэгдэл, хоршооллын бусад байгууллагын нийгмийн үйлдвэрийн газрууд, түүний тоног төхөөрөмж, эд хогшил, гаргаж байгаа бүтээгдэхүүн, нийгмийн барилга, трактор, комбайн, хөдөө аж ахуйн бусад машин, багаж, тээврийн хэрэгсэл, нийгэмчилсэн мал, нийтийн бусад эд хөрөнгө бол эдгээр нэгдэл, хоршооллын байгууллагын социалист өмч мөн.

Хөдөө аж ахуйн нэгдлийн өрх нэг бүр нэгдлийн нийгмийн үйлдвэрлэлд гишүүдээ оролцуулж үндсэн орлогоо олохоос гадна амины туслах аж ахуйтай байж болно. Энэ туслах аж ахуйн хэмжээг хөдөө аж ахуйн нэгдлийн дүрмээр тогтооно.

Арван хоёрдугаар зүйл

Хөдөө аж ахуйн нэгдэлд газрыг үнэ төлбөргүй байнга эдлүүлнэ.

Арван гуравдугаар зүйл

Иргэний хөдөлмөрлөж олсон орлого, хадгаламж, орон сууц, амины туслах аж ахуй, амины хэрэгцээт зүйлс, гэрийн эд хогшлыг аминдаа өмчлөх эрх, түүнчлэн амины өмчийг өвлөх эрхийг хуулиар хамгаална. Амины өмчийн эрхийг улс нийгмийн эрх ашигт харш ашиглаж үл болно.

Арван дөрөвдүгээр зүйл

Социалист төр нь нийгмийн социалист өмчийг хамгаалж бэхжүүлэх, аж ахуй, соёлын байгуулалтад нийгмийн бүх гишүүдийг идэвхтэй оролцуулах, хөдөлмөрийн социалист сахилгыг бүх аргаар бэхжүүлэх, улс орныг империалист түрэмгийллээс батлан хамгаалах явдлыг зохион байгуулна.

Арван тавдугаар зүйл

Тус орны үйлдвэрлэх хүчийг байнга өсгөн өрнүүлж, социалист төрийн өргөтгөсөн нөхөн үйлдвэрлэлийг тасралтгүй явуулан, хөдөлмөрчин олон түмний аж байдал, соёлын хэмжээг хэлбэрэлтгүй дээшлүүлэхийн тулд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын эдийн засгийг улс ардын аж ахуйн нэгдсэн төлөвлөгөөгөөр удирдан хөгжүүлнэ.

Төрийн эдийн засгийн бодлого нь улс ардын аж ахуйн төлөвлөгөөнд социализмын эдийн засгийн хуулийн шаардлагыг зөв тусгахад чиглэгдэнэ.

Ардын Их Хурлаар батлагдсан БНМАУ-ын улс ардын аж ахуйн төлөвлөгөө бол хууль мөн. Улс ардын аж ахуйг улсаас удирдахдаа үйлдвэрлэл, хуваарилалт болон хөдөлмөр ба хэрэглэлтийн хэр хэмжээнд нарийн чанд бүртгэл хяналтыг өргөн нэвтрүүлнэ.

Арван зургадугаар зүйл

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын санхүү, зээллэгийн бодлогыг тус орны эдийн засгийн хүчин чадлыг байнга зузаатгах, социалист өмчийг өсгөн бэхжүүлэх, социалист соёлыг хөгжүүлэх, хөдөлмөрчдийн чинээлэг аж байдлыг дээшлүүлэхэд чиглүүлнэ.

Улсын санхүүгийн төлөвлөгөөг улс ардын аж ахуйг хөгжүүлэх төлөвлөгөөнд зохицуулан улсын төсөв болгож хуульчлан баталж нийтэлнэ.

БНМАУ-ын улсын төсвийн орлогын үндсэн эх сурвалж нь социалист аж ахуйн орлого, хуримтлал мөн.

Арван долдугаар зүйл

БНМАУ-ын социалист үйлдвэрлэлийн гол зорилго, хөгжүүлэх гол шалтгаан нь социалист нийгмийн гишүүдийн байнга өсч байгаа амины ба хамтын хэрэгцээг улам нэмэн хангахад шаардагдах ард нийтийн орлогыг хуримтлуулахын тул нийгмийн бүтээгдэхүүнийг улам ихээр үйлдвэрлэн гаргах явдал мөн.

БНМАУ-ын ард нийтийн орлогоос социалист үйлдвэрлэлийг өргөтгөх нөөц байгуулах, эрүүлийг хамгаалах, соёл боловсролыг хөгжүүлэх, нас хөгширсөн, хөдөлмөрийн чадваргүй болсон хүмүүсийг тэтгэх, түүнчлэн нийгмийн гишүүдийн хамтын бусад хэрэгцээг хангах нийгмийн фондод зориулагдах хэсгийг хасаад, үлдэх бүх хувийг нийгмийн бүх гишүүдэд хийсэн ажлын хэр хэмжээгээр “Хүн бүр чадлынхаа хирээр хийж, хийснийхээ хэрээр авах” социалист зарчмыг баримтлан хөдөлмөрийн хөлс олгож хуваарилна.

Бүгд Найрамдах Монгол Ард Улсад хөдөлмөр бол социалист өргөтгөсөн нөхөн үйлдвэрлэлийг хэрэгжүүлэх чухал нөхцөл, үндэс мөн бөгөөд хөдөлмөрчин олны чинээлэг аж байдлыг дээшлүүлэхэд хэрэглэгдэх эд материалын ба оюуны баялгийг бүтээх эх сурвалж мөн.


II. БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ТӨРИЙН БАЙГУУЛАМЖ

edit

ГУРАВДУГААР БҮЛЭГ - ТӨРИЙН ЭРХИЙГ БАРИХ ДЭЭД БАЙГУУЛЛАГУУД

edit

А. БНМАУ-ЫН АРДЫН ИХ ХУРАЛ

edit

Арван наймдугаар зүйл

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал мөн.

Арван есдүгээр зүйл

Бүгд Найрамдах Монгол Ард Улсад гагцхүү Ардын Их Хурал хууль тогтоох эрхтэй байна. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын байнгын комисс, Ардын Их Хурлын Тэргүүлэгчид, Сайд нарын Зөвлөл, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дээд шүүх, Ардын Их Хурлын депутатууд хуулийн төсөл боловсруулж оруулах эрхтэй.

Хорьдугаар зүйл

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурал төрийн бүх эрхийг барих бөгөөд үүнээс тухайлбал:

а) БНМАУ-ын Үндсэн хуулийг батлах, өөрчлөх;

б) Хууль гаргах;

в) Дотоод, гадаадын улс төрийн бодлогын үндсэн зарчим арга явууллагыг тогтоох;

г) Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийг сонгох;

д) Сайд нарын Зөвлөлийг байгуулах;

е) Шинээр байгуулсан, татан буулгасан, өөрчлөн байгуулсан яамд болон БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн бүрэлдэхүүнд орох төрийн захиргааны бусад тусгай газруудыг батлах;

ж) Бүгд Найрамдах Монгол Ард Улсын улс ардын аж ахуйн төлөвлөгөөг хянан үзэж батлах;

з) Улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тухай тайланг хянан үзэж батлах;

и) Ардын Их Хурлын чуулганы чөлөө цагт Ардын Их Хурлын Тэргүүлэгчдээс гаргасан Ардын Их Хурлаар батлуулбал зохих зарлигуудыг батлах;

к) Өршөөл үзүүлэх;

л) Социалист эх орноо хамгаалах хийгээд найрамдах тухай асуудлыг шийдвэрлэх болно.

Хорин нэгдүгээр зүйл

БНМАУ-ын иргэд нь дөрвөн мянган хүн тутмаас нэг депутат байхаар бодож сонгуулийн тойргууд байгуулж Ардын Их Хурлыг сонгоно.

Хорин хоёрдугаар зүйл

Ардын Их Хурлыг гурван жилийн хугацаагаар сонгоно.

Хорин гуравдугаар зүйл

БНМАУ-ын шинэ сонгогдох Ардын Их Хурлын сонгуулийг Ардын Их Хурлын Тэргүүлэгчдээс Ардын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа дуусахаас хоёр сарын өмнө зарлана.

Хорин дөрөвдүгээр зүйл

Шинэ сонгогдсон Ардын Их Хурлыг сонгууль явагдсанаас хойш хоёр сарын дотор Ардын Их Хурлын урьд сонгогдсон Тэргүүлэгчдээс зарлан хуралдуулна.

Хорин тавдугаар зүйл

Ардын Их Хурлын ээлжит чуулганыг жилд нэг удаа хийнэ.

Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн санаачилгаар буюу эсхүл депутатуудын гуравны нэгээс доошгүй нь шаардвал Ардын Их Хурлын ээлжит бус чуулганыг хийж болно.

Хорин зургадугаар зүйл

Ардын Их Хурлаас Ардын Их Хурлын дарга, түүний дөрвөн орлогчийг сонгоно. Ардын Их Хурлын дарга Ардын Их Хурлын чуулганы хуралдааныг удирдаж, түүний дотоод журмыг эрхэлнэ.

Хорин долдугаар зүйл

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурал нь тус Их Хурлын депутатуудын бүрэн эрхийг шалгах мандатын комиссыг сонгоно.

Хорин наймдугаар зүйл

Ардын Их Хурал нь төсөв-эдийн засаг, хуулийн төсөл боловсруулах, гадаад хэрэг эрхлэх, үндэстний хэрэг эрхлэх байнгын комиссуудыг байгуулна. Хэрэгцээ тохиолдвол бусад комисс байгуулна. Комиссуудын ажиллах журмыг Ардын Их Хурал тогтооно.

Хорин есдүгээр зүйл

Ардын Их Хурал, тус Их хурлын Тэргүүлэгчдийг Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, зургаан тэргүүлэгч гишүүнтэйгээр сонгоно.

Гучдугаар зүйл

БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатуудын олонхийн саналаар батлагдвал хуулийг хүчин төгөлдөрт тооцно.

БНМАУ-ын Ардын Их Хурлаас баталсан хууль, тогтоолыг БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, нарийн бичгийн дарга хоёрын гарын үсэгтэй нийтэлнэ. Харин Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийг сонгосон тогтоолыг Ардын Их Хурлын даргын гарын үсэгтэй нийтэлж байна.

Гучин нэгдүгээр зүйл

БНМАУ-ын Ардын Их Хурлын ба орон нутгийн ардын хурлын депутат нар, төрийн захиргааны харьяаныхаа байгууллагын гишүүдэд эрх хэмжээнийх нь асуудлаар асуулга тавих эрхтэй. Депутатын асуулганд захиргааны зохих байгууллага хариу өгөх үүрэгтэй.

Гучин хоёрдугаар зүйл

Ардын Их Хурлын депутатыг Ардын Их Хурал, түүний чөлөө цагт Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийг зөвшөөрөлгүйгээр баривчлах буюу эрүүгийн хариуцлагад татаж болохгүй.

Б.АРДЫН ИХ ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧИД

edit

Гучин гуравдугаар зүйл

Ардын Их Хурлын Тэргүүлэгчид Ардын Их Хурлын чуулганы чөлөө цагт төрийн эрхийг барих дээд байгууллага мөн.

Гучин дөрөвдүгээр зүйл

Ардын Их Хурлын Тэргүүлэгчид нь:

а) БНМАУ-ын Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг хянана;

б) Ардын Их Хурлын сонгуулийг зарлан явуулна;

в) Ардын Их Хурлын чуулганыг зарлан хийлгэнэ;

г) Дагаж шийтгүүлж байгаа хуулиудыг тайлбарлана;

д) Зарлиг гаргана;

е) Ард нийтийн санал хураах ажил явуулна;

ж) БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, орон нутгийн ардын депутатуудын хурлаас хуульд нийцэхгүй тогтоол, захирамж гаргасан байвал түүнийг өөрчилнө;

з) Ардын Их Хурлын чуулганд дараа оруулан батлуулахаар яамд мөн төрийн захиргааны тусгай газруудыг байгуулах, татан буулгах, өөрчлөх ажлыг эрхэлнэ;

и) Ардын Хурлын чуулганд дараа оруулан батлуулахаар сайд нар Засгийн газрын бусад гишүүдийг Сайд нарын Зөвлөлийн даргын өргөн мэдүүлснээр томилох буюу албан тушаалаас нь чөлөөлнө;

к) Уучлал үзүүлнэ;

л) БНМАУ-ын одон медалийг батлах, БНМАУ-ын хүндэт цол, цэргийн ба бусад цол тогтооно;

м) БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс өргөн мэдүүлснээр БНМАУ-ын одон медаль, хүндэт цол шагнана;

н) Тус улсаас гадаад улсад суух дипломат төлөөлөгчдийг томилох буюу эгүүлэн татна;

о) Гадаад улсаас тус улсад суухаар ирсэн дипломат төлөөлөгчдийн итгэмжлэх, эгүүлэн татах жуух бичгийг хүлээн авна;

ө) Бусад улстай гэрээ, хэлэлцээр хийх бүрэн эрхийг Сайд нарын Зөвлөлд олгоно;

п) Бусад улстай байгуулсан гэрээ, хэлэлцээрийг батлах буюу цуцална;

р) БНМАУ-д халдан довтлоход буюу түүнчлэн харийн довтолгооноос харилцан бие биеэ хамгаалах талаар олон улсын гэрээгээр авсан үүргээ биелүүлэх хэрэгцээ тохиолдвол Ардын Их Хурлын чуулганы чөлөө цагт дайны байдал зарлана;

с) Нийтийн буюу хэсгээр цэрэг дайчилгаа зарлана;

т) БНМАУ-ын иргэн болгож авна. Мөн БНМАУ-ын иргэнээс гарахад зөвшөөрөл олгоно;

у) Сайд нарын Зөвлөлийн өргөн мэдүүлснээр аймаг (хот), сум, (хороо) байгуулах ба татан буулгах, мөн аймаг, (хот), сум (хороо)-ны засаг захиргааны хуваарийг батална.

Гучин тавдугаар зүйл

Ардын Их Хурлын Тэргүүлэгчид, Ардын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа дуусахад шинэ сонгогдсон Ардын Их Хурлаас Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийг сонгох хүртэл бүрэн эрхээ хэвээр хадгалан эдэлнэ.

Гучин зургадугаар зүйл

Ардын Их Хурлын тэргүүлэгчид нь үйл ажиллагааныхаа талаар Ардын Их Хурлын өмнө хариуцан тайлагнана.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ - ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ДЭЭД БА ТӨВИЙН БАЙГУУЛЛАГУУД

edit

Гучин долдугаар зүйл

БНМАУ-ын төрийн гүйцэтгэн захирах дээд байгууллага бол БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл мөн.

Гучин наймдугаар зүйл

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл бол Ардын Их хуралд, түүний чуулганы чөлөө цагт Ардын Их Хурлын Тэргүүлэгчдэд үйл ажиллагаагаа хариуцан тайлагнана.

Гучин есдүгээр зүйл

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл нь дагаж шийтгүүлж байгаа хуулиудыг үндэслэж тэдгээрийг биелүүлэхийн тул тогтоол, захирамж гаргаж, гүйцэтгэлийг шалгана.

Дөчдүгээр зүйл

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоол, захирамжийг БНМАУ-ын бүх дэвсгэр нутаг дээр заавал биелүүлнэ.

Дөчин нэгдүгээр зүйл

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл:

а) Улс төр, эдийн засаг, соёлын байгуулалтыг удирдах талаар БНМАУ-ын яамд ба харьяа бусад албан газрын ажиллагааг нэгтгэн удирдана;

б) Улс ардын аж ахуйг төлөвлөх ажлыг удирдаж, улс ардын аж ахуйн төлөвлөгөө, улсын ба орон нутгийн төсвийг биелүүлэх арга хэмжээ авах ба санхүү-зээллэгийн бодлого явуулна;

в) Гадаад улсуудтай харилцах ажлыг ерөнхийд нь удирдах ба гадаад худалдааны онц эрхийг биелүүлнэ.;

г) Улс орныг батлан хамгаалах, зэвсэгт хүчин байгуулах ажлыг ерөнхийд нь удирдаж, цэргийн жинхэнэ албанд татах иргэдийн тоог тогтооно;

д) Улсын эрх ашгийг сахин хамгаалж, социалист төрийн эдийн засгийн үндэс болсон социалист өмчийг бүхий л аргаар хамгаалах, бэхжүүлэх арга хэмжээ авна;

е) Нийгмийн ёс дэглэмийг хангах, иргэдийн хувийн ба эд хөрөнгийн эрхийг хамгаалах арга хэмжээ авна;

ж) Аймаг, хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаадын ажиллагааг шууд удирдан чиглүүлнэ;

з) Хэрэгцээ тохиолдвол яамд, Сайд нарын Зөвлөлийн шууд харьяа газрууд, төрийн захиргааны бусад байгууллагын тушаал, зааврыг өөрчлөх буюу хүчингүй болгоно;

и) Хэрэгцээ тохиолдвол Сайд нарын Зөвлөлийн дэргэд аж ахуй, соёлын байгуулалтын хэрэг эрхлэх төв газрууд байгуулна;

к) Төрийн захиргааны байгууллага, газруудын хэрэглэх төрийн сүлд бүхий тамганы маягийг баталж, хийх зөвшөөрөл олгоно.

Дөчин хоёрдугаар зүйл

Бүгд Найрамдах Монгол Ардын Улсын Сайд нарын Зөвлөлийг Ардын Их Хурлаас доорхи бүрэлдэхүүнээр байгуулна.

Үүнд:

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга;

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга нар;

БНМАУ-ын сайд нар.

Дөчин гуравдугаар зүйл

Улсын яамд, тусгай газрууд бол БНМАУ-ын төрийн захиргааны төв байгууллага мөн.

БНМАУ-ын Сайд нар, тусгай газрын эрх баригчид төрийн захиргааны зохих салаа мөчрийн ажил төрлийг удирдаж, тэдгээрийн байдал, ажиллагааны талаар Сайд нарын Зөвлөлийн өмнө бүрэн хариуцна.

БНМАУ-ын яамд, тусгай газруудын ажиллагаа нь нэгдмэл захирамжийн зарчим, асуудлыг хамтарч хэлэлцэх зарчмыг тууштай хэрэгжүүлж, ажилтан бүрийн хувийн хариуцлагыг байнга дээшлүүлэх үндсэн дээр зохион байгуулагдана.

Дөчин дөрөвдүгээр зүйл

Яам, тусгай газар бүрийн эрх хэмжээг хуульд нийцүүлэн боловсруулж, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөр батлагдсан тусгай дүрмээр тогтооно.

Дөчин тавдугаар зүйл

БНМАУ-ын яамдын сайд тусгай газрын эрх баригчид эрх хэмжээнийхээ дотор тушаал, заавар гаргаж, түүний биелэлтийг шалгана. Эдгээр тушаал, зааврыг тус улсын хууль, дүрэм, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоол, захирамжийг үндэс болгон тэдгээрийг биелүүлэхийн тул гаргана.

ТАВДУГААР БҮЛЭГ - ОРОН НУТГИЙН ЭРХ БАРИХ БА ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУД

edit

Дөчин зургадугаар зүйл

БНМАУ-ын нутаг дэвсгэрийн бол засаг захиргааны талаар аймаг, хот болж хуваагдана. Аймаг нь сумдад хот, суурин нь хороодод тус тус хуваагдана.

Дөчин долдугаар зүйл

Аймаг, хот, сум, хороодын эрх барих байгууллага нь аймаг, хот, сум, хороодын ардын депутатуудын хурал мөн. Эдгээр хурлыг зохих орон нутгийн хөдөлмөрчид хоёр жилийн хугацаагаар сонгоно.

Дөчин наймдугаар зүйл

Орон нутгийн ардын депутатуудын хуралд хичнээн хүн ам тутмаас нэг депутат сонгохыг БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдээс батлан тогтооно.

Дөчин есдүгээр зүйл

Аймаг, хотын ардын депутатуудын хурлын ээлжит чуулганыг тэдгээрийн гүйцэтгэх захиргаанаас зарлан жилд хоёроос цөөнгүй хийлгэнэ. Сум, хороодын ардын депутатуудын хурлын чуулганыг тэдгээрийн гүйцэтгэх захиргаанаас зарлан жилд гурваас цөөнгүй хийлгэнэ. Орон нутгийн ардын депутатуудын хурлын ээлжит бус чуулганыг тэдгээрийн гүйцэтгэх захиргааны санаачилга, мөн түүнчлэн Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн заалтаар буюу эсхүл депутат нарын тал хувиас цөөнгүй нь шаардвал зарлан хийлгэнэ.

Орон нутгийн ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаад нь зохих шатны хурлуудын чуулганы хуралдах өдөр, хэлэлцэх асуудлыг ард олонд цаг тухайд нь зарлан мэдэгдэж чуулганы ажилд хөдөлмөрчдийг оролцуулж байна.

Тавьдугаар зүйл

Аймаг, хот, сум, хорооны ардын депутатуудын хурал нь чуулганы үед дарга, нарийн бичгийн дарга нарыг сонгож хуралдааныг удирдуулна.

Тавин нэгдүгээр зүйл

Аймаг, хотын ардын депутатуудын хурал нь өдөр тутмын ажлыг эрхлүүлэхээр гүйцэтгэн захирах газар болох гүйцэтгэх захиргааг дарга, орлогч дарга нар, хариуцлагатай нарийн бичгийн даргыг оролцуулан 7-оос 11 гишүүдийн бүрэлдэхүүнтэй сонгоно.

Тавин хоёрдугаар зүйл

Сум, хороодын ардын депутатуудын хурлын гүйцэтгэн захирах газар нь мөн хурлаас 5-аас 9 гишүүний бүрэлдэхүүнтэй сонгосон гүйцэтгэх захиргаа мөн. Уул бүрэлдэхүүнд дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга ба гишүүд орно.

Тавин гуравдугаар зүйл

Гүйцэтгэх захиргааны дарга, захиргааныхаа бүх ажил хэргийг удирдах бөгөөд гүйцэтгэх захиргааны хуралдааныг зарлан хуралдуулж даргална.

Тавин дөрөвдүгээр зүйл

Аймаг, хот, сум, хорооны ардын депутатуудын хурлын бүрэн эрхийн хугацаа дуусахад гүйцэтгэх захиргаад шинэ сонгогдсон хурлаар гүйцэтгэн захирах шинэ байгууллага байгуулах хүртэл бүрэн эрхээ хадгалан эдэлнэ.

Тавин тавдугаар зүйл

Аймаг, хот, сум, хорооны ардын депутатуудын хурал, түүний гүйцэтгэх захиргаа:

а) Харьяа нутаг дэвсгэр дээрээ аж ахуй, соёл, улс төрийн байгуулалтыг удирдана;

б) Аж ахуйн ба хоршооллын байгууллагын ажлыг хянан удирдана;

в) орон нутгийн аж ахуйн төлөвлөгөө ба төсвийг баталж, тэдгээрийг биелүүлэх арга хэмжээ авна;

г) Харьяалсан захиргааны байгууллагуудын ажиллагааг удирдана.

д) Социалист хэв ёс, улсын үйлдвэр, албан газар, хөдөө аж ахуйн нэгдэл, хоршооллын бусад байгууллагын эрх ашиг, мөн иргэний эрхийг хамгаална;

е) Хууль, дүрмийг нарийн чанд биелүүлж, дээд байгууллагын шийдвэрийг ёсчлон гүйцэтгэнэ;

ж) хөдөлмөрчин олон түмнийг төр, аж ахуй, соёлын байгуулалтын бүх ажилд өргөн бөгөөд идэвхтэй оролцуулна.

Тавин зургадугаар зүйл

Орон нутгийн ардын депутатуудын хурал нь хуулиар олгосон эрх хэмжээний дотор тогтоол гаргана.

Тавин долдугаар зүйл

Ардын депутатуудын дээд шатны хурал нь ардын депутатуудын доод шатны хурал ба гүйцэтгэх захиргааны тогтоол, захирамжийг өөрчлөх буюу хүчингүй болгох эрхтэй.

Тавин наймдугаар зүйл

Ардын депутатуудын хурлын дээд шатны гүйцэтгэх захиргаа нь доод шатны гүйцэтгэх захиргааны тогтоол, захирамжийг өөрчлөх буюу хүчингүй болгох, ардын депутатуудын доод шатны хурлын тогтоолыг зогсоох эрхтэй.

Тавин есдүгээр зүйл

Орон нутгийн ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа нь түүнийг сонгосон ардын депутатуудын хуралд болон мөн ардын депутатуудын дээд шатны хурлын гүйцэтгэх захиргааны өмнө шууд тайлагнана.

Жардугаар зүйл

Орон нутгийн ардын депутатуудын хурал нь ажиллагааныхаа зохих салбараар байнгын комисс байгуулж, түүний ажилд хөдөлмөрчдийн дундаас идэвхтнийг өргөнөөр татан оролцуулна.

Жаран нэгдүгээр зүйл

Аймаг, хотын гүйцэтгэх захиргаанд ажлын салбарыг удирдах хэлтэс, газрууд байгуулна. Тэр хэлтэс, газрууд нь аймаг, хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа болон БНМАУ-ын зохих яам буюу тусгай газарт захирагдана.

Жаран хоёрдугаар зүйл

БНМАУ-ын орон нутгийн ардын хурлын депутатыг мөн хурал, түүний чуулганы чөлөө цагт гүйцэтгэх захиргааны зөвшөөрөлгүйгээр баривчлах буюу эрүүгийн хариуцлагад татаж үл болно.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ - ШҮҮХ, ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГА

edit

А. ШҮҮХ

edit

Жаран гуравдугаар зүйл

БНМАУ-д шүүн таслах ажлыг БНМАУ-ын Дээд шүүх, аймаг, хотын шүүх, тусгай шүүх, мөн ардын хэсгийн шүүхүүд тус улсын хууль ёсоор гүйцэтгэнэ.

Жаран дөрөвдүгээр зүйл

Бүх шатны шүүхэд хэрэг шүүн таслах явдлыг хэрэв хуульд зориуд тусгайлан заагаагүй бол ардын төлөөлөгчдийг оролцуулан байнгын шүүгч нар гүйцэтгэнэ.

Жаран тавдугаар зүйл

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дээд шүүх бол шүүн таслах дээд байгууллага мөн. Дээд шүүх тус улсын шүүхийн байгууллагын бүх ажлыг удирдаж, шүүн таслах ажиллагаанд нь хяналт тавина.

Жаран зургадугаар зүйл

БНМАУ-ын Дээд шүүхийг Ардын Их Хурлаас гурван жилийн хугацаагаар сонгоно. Дээд шүүх нь Ардын Их Хурал ба түүний Тэргүүлэгчдэд ажлаа хариуцан тайлагнана.

Жаран долдугаар зүйл

Аймаг, хотын шүүхийг аймаг, хотын ардын депутатуудын хурлаас хоёр жилийн хугацаагаар сонгоно.

Жаран наймдугаар зүйл

Ардын хэсгийн шүүхийг зохих аймаг, сум, хот, хорооны иргэд нийтээрээ тэгш, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууц гаргаж, хоёр жилийн хугацаагаар сонгоно.

Шүүгч, ардын төлөөлөгчдөд ял шийтгэлгүй 23 нас хүрсэн иргэд сонгогдоно.

Жаран есдүгээр зүйл

Шүүн таслах ажлыг монгол хэлээр явуулна. Монгол хэл мэдэхгүй хүнд хэргийн материалыг хэлмэрчлүүлэн бүрэн танилцуулж, бас шүүн таслах хурал дээр төрөлх хэлээр нь үг хэлэх эрх олгоно.

Далдугаар зүйл

Бүх шатны шүүх хэрэг таслахдаа хэрэгтэнд өмгөөлүүлэх эрх олгон, хэргийг ил тасална. Хуулиар тусгайлан заасан хэрэгт шүүн таслах хурлыг хаалттай явуулж болно.

Далан нэгдүгээр зүйл

Шүүгч нар хэргийг шүүн таслахдаа хэний ч нөлөөнд үл автан, гагцхүү хуульд захирагдана.

Б. ПРОКУРОРЫН ГАЗАР

edit

Далан хоёрдугаар зүйл

БНМАУ-ын бүх яам, төв байгууллагууд тэдгээрийн харьяа албан газар, байгууллага, орон нутгийн засаг захиргаа болон олон нийт, хоршооллын бүх байгууллага, мөн албан тушаалтан ба ард иргэдээс хуулийг хэрхэн нарийн чанд биелүүлж байгааг нэгэн адил хянах дээд хяналтыг улсын прокурор гүйцэтгэнэ.

Далан гуравдугаар зүйл

БНМАУ-ын прокурорыг Ардын Их Хурлаас гурван жилийн хугацаагаар томилно. Улсын прокурор бол Ардын Их Хурал ба түүний тэргүүлэгчдэд ажлаа хариуцан тайлагнана.

Далан дөрөвдүгээр зүйл

Орон нутагт прокурорын хяналтыг аймаг, хотын ба хэсгийн прокурорууд гүйцэтгэнэ. Эдгээр прокурорыг БНМАУ-ын прокурор гурван жилийн хугацаагаар томилно.

Далан тавдугаар зүйл

Орон нутгийн прокурорууд гагцхүү зохих дээд шатны прокурорт захирагдан үүргээ гүйцэтгэнэ.

III. БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ИРГЭДИЙН ҮНДСЭН ЭРХ, ҮҮРЭГ

edit

ДОЛДУГААР БҮЛЭГ - ИРГЭДИЙН ҮНДСЭН ЭРХ БА ТҮҮНИЙГ ХАНГАХ БАТАЛГАА

edit

Далан зургадугаар зүйл

БНМАУ-ын иргэд эрэгтэй, эмэгтэй, арьс, үндэс, шашин шүтлэг, нийгмийн гарал байдлаар ялгаваргүй тэгш эрхтэй.

Далан долдугаар зүйл

БНМАУ-ын иргэд хөдөлмөрлөх, хөдөлмөрийн хэмжээ чанарт тохирсон цалин хөлс авах эрхтэй. БНМАУ-ын иргэн бүр аж ахуй, соёлын байгуулалтын аль ч салбарт хүч чадал, мэдлэгээ саадгүй ашиглан хөдөлмөрлөж, хийснийхээ хэрээр тогтоогдсон цалин хөлс авч энэхүү эрхээ эдлэх бололцоог тус улсын социалист аж ахуйн системийн бүх давуу тал хангаж өгнө.

Далан наймдугаар зүйл

БНМАУ-ын иргэд амрах эрхтэй. Үүнд: Ажлын өдрийн дээд хэмжээг 8 цагаар тогтоож, зарим онцгой мэргэжлийн ажлын цагийг хорогдуулж, ажилчин, албан хаагчдыг долоо хоног тутам ба жил бүр амруулж, жилийн амралтын цалинг нь хэвээр олгон, амралт сувиллын газар, театр, клуб зэрэг үйлчилгээний газрын хөдөлмөрчдөд зориулан ажиллуулж энэхүү эрхийг хангана.

Тус орны үйлдвэрлэх хүчин хөгжих тутам ажлын цагийг хорогдуулж, төрөл бүрийн үйлчилгээг сайжруулан хөдөлмөрчдөд ойр дөт болгох замаар хөдөлмөрчдийн чөлөө цагийг нэмэгдүүлж, тэрхүү чөлөө цагаа гагцхүү амрахдаа биш харин мэдлэг, боловсролоо дээшлүүлэн бие бялдар, оюун ухаанаа хөгжүүлэхэд улам улмаар ашиглах боломж олгоход БНМАУ-ын бодлого чиглэгдсэн байна.

Далан есдүгээр зүйл

БНМАУ-ын иргэд нас хөгшрөх, мөн өвдөх, хөдөлмөрийн чадвараа алдах, тэжээгчээ алдахад эдийн тусламж авах эрхтэй. Үүнд: нийгмийн даатгал, улсын тэтгэвэр хоршооллын байгууллагын тусгай фондын системээр дамжуулан хөдөлмөрчдөд тусламж олгож, амралт, сувиллын газрыг олшруулан, эмнэлгийн тусламжийг үнэ төлбөргүй үзүүлж, хөдөлмөр хамгааллыг хөгжүүлж энэхүү эрхийг хангана.

Наядугаар зүйл

БНМАУ-ын иргэд сурч боловсрох эрхтэй. Үүнд: үнэ төлбөргүй сургаж, ерөнхий боловсролын сургууль, тусгай мэргэжлийн дунд сургууль, дээд сургуулийг олшруулж, мэргэшил дээшлүүлэх явдлыг хөгжүүлэн, тусгай мэргэжлийн дунд сургууль, дээд сургуулийн оюутнуудад улсаас цалин олгож энэхүү эрхийг хангана.

Наян нэгдүгээр зүйл

БНМАУ-ын иргэд нь шууд буюу төлөөлсөн байгууллагаараа уламжлан улс ба нийгэм, аж ахуйг удирдах хэрэгт чөлөөтэй оролцох эрхтэй. Энэ эрхийг тус орны улс төр, аж ахуй, соёлын байгуулалтын бүх салаа мөчирт өргөнөөр оролцох, үүний дотор сонгууль, ард нийтийн санал хураахад оролцох, төрөл бүрийн ардчилсан нийгэмлэг байгуулах бодит бололцоог бүх иргэдэд олгосноор хангана.

Ухаан солиотой гэж нотлогдсон хүнээс бусад 18 насанд хүрсэн БНМАУ-ын бүх иргэн төрийн аль ч байгууллагад сонгох, сонгогдох эрх эдэлнэ.

Наян хоёрдугаар зүйл

БНМАУ-ын иргэд үйлдвэрчний эвлэл, хоршоолол, залуучууд, биеийн тамирын эвлэл зэрэг байгууллага, соёл, шинжлэх ухаан, техникийн нийгэмлэг,тэрчлэн улс түмний эв найрамдал, энх тайвныг бэхжүүлэх нийгэмлэг зэрэг олон нийтийн байгууллагад эвлэлдэн нэгдэх эрхтэй.

Улсын ба хөдөлмөрчдийн олон түмний бусад бүх байгууллагын манлайлагч бөгөөд жолоодогч Монгол Ардын Хувьсгалт Намд ажилчид, хоршоолсон хөдөлмөрчид, хөдөлмөрч сэхээтний эгнээнээс шалгарсан хамгийн идэвхтэй, ухамсартай, иргэд эвлэлдэн нэгдэнэ.

Наян гуравдугаар зүйл

БНМАУ-ын иргэд яс үндэс ялгаваргүй улс орныхоо төр, аж ахуй, соёл, нийгэм улс төрийн бүх ажилд тэгш эрхтэй оролцоно. Арьс, үндэс ялгаварлаж дээрэнгүй үндсэрхэх үзэл гаргаж, иргэдийн эрхийг шууд буюу шууд бусаар хязгаарлахыг хуулиар хориглоно.

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын нутаг дэвсгэр дээр оршин сууж байгаа бүх үндэстэнд үндэсний соёлыг хөгжүүлэн төрөлх хэлээрээ суралцах, ажил хэргээ явуулах бололцоог улсаас олгоно.

Хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах, үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэх, энх тайвныг бэхжүүлэх хэрэгт зүтгэсэн буюу шинжлэх ухааны үйл ажиллагааны улмаас хавчигдсан гадаадын иргэдэд БНМАУ-ын нутагт дэвсгэрт оршин суух эрх эдлүүлнэ.

Наян дөрөвдүгээр зүйл

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын эмэгтэйчүүд нь төр, аж ахуй, нийгэм, улс төр, соёлын бүх салбарт эрэгтэйчүүдийн нэгэн адил эрх эдэлнэ. Үүнд: эмэгтэйчүүд хөдөлмөрлөх, амрах, нийгмийн даатгалаар хангагдах, боловсрох нөхцөлийг эрэгтэйчүүдийн адил тэгш олгож, эх нялхсын эрх ашгийг улсаас хамгаалж, олон хүүхэдтэй эхчүүдэд тусламж үзүүлэх, жирэмсэн эмэгтэйчүүдэд амаржихын өмнө ба хойно зохих чөлөө олгож цалин хэвээр нь өгөх, амаржих газар ба хүүхдийн ясли, цэцэрлэгийг өргөтгөж энэхүү эрхийг хангана.

Эмэгтэйчүүдийг эрхээ эдлэхэд ямар нэгэн саад тотгор учруулахыг хуулиар хориглоно.

Наян тавдугаар зүйл

БНМАУ-ын иргэд төрийн байгууллага ба албан тушаалтны хууль бус ажиллагаа, чирэгдэл, хүнд суртал гарсан тухай төрийн эрх барих байгууллага болоод захиргааны аль ч байгууллагад өргөдөл, гомдлоо амаар буюу бичгээр өгөх эрхтэй. Улсын байгууллага ба албан тушаалтнаас уул өргөдөл, гомдлыг дарагдуулалгүй хянан үзэж, хууль ёс зөрчсөн явдалд арга хэмжээ авч, өргөдөл, гомдлын нь хариуг өгөх үүрэгтэй.

Наян зургадугаар зүйл

БНМАУ-д шашныг төр ба сургуулиас тусгаарласан юм. БНМАУ-ын иргэд шүтэх, бишрэх, шашны эсрэг суртал нэвтрүүлэг хийх эрх чөлөөтэй.

Наян долдугаар зүйл

БНМАУ-ын төрийн байгууллыг хөгжүүлэн бэхжүүлэх зорилгоор хөдөлмөрчдийн эрх ашигт нийцүүлэн БНМАУ-ын иргэдэд:

1.Үг хэлэх;

2.Хэвлэн нийтлэх;

3.Хурал, цуглаан хийх;

4.Жагсаал ёслол үйлдэх эрх чөлөөг хуулиар батлан олгосон болно.

Эдгээр эрх чөлөөг эдлэхэд шаардагдах эд материалын нөхцөлийг хөдөлмөрчид ба тэдгээрийн байгууллагад хангаж өгнө.

Наян наймдугаар зүйл

БНМАУ-ын иргэдийн амь бие, тэдний орон сууц, захидал харилцааны нууц нь халдашгүй эрхээр хангагдана. Шүүхийн тогтоол буюу прокурорын зөвшөөрөлгүйгээр хэнийг ч баривчилж үл болно.

НАЙМДУГААР БҮЛЭГ - ИРГЭДИЙН ҮНДСЭН ҮҮРЭГ

edit

Наян есдүгээр зүйл

БНМАУ-ын иргэн бүр:

а) Үнэнч шударга хөдөлмөр бол социалист улсын эд баялаг, хүчин чадлыг зузаатгах, хөдөлмөрчин олон түмний чинээлэг аж байдлыг дээшлүүлэх эх сурвалж мөн гэдгийг ямагт санаж бүх хүчин чадал, эрдэм мэдлэгээ социализм байгуулах үйлсэд бүрнээ зориулах;

б) БНМАУ-ын Үндсэн хуулийг нарийн чанд сахин, хууль, дүрмийг ёсчлон биелүүлж, хөдөлмөрийн сахилгыг хатуу сахиж, хамтын аж байдлын социалист хэв журмыг дагаж, нийгмийн ёс дэглэмд харш аливаа үзэгдэлтэй идэвхтэй тэмцэх;

в) Хувийн ба нийгмийн эрх ашгийг зөв зохицуулах, улс нийгмийн эрх ашгийг хувийнхаас илүүд үзэж байх;

г) Социалист байгууллын халдашгүй ариун дархан үндэс болсон нийгмийн социалист өмчийг нүдний цөцгий мэт хайрлаж, түүнийг бүхий л аргаар баяжуулан арвижуулах;

д) Улс түмний интернационалист найрамдлыг бүхий л аргаар бэхжүүлэх явдлыг туйлын чухалд үзэж, хаа байгаа газраа өдөр тутмын үйл ажиллагаагаараа хөдөлмөрчдийн найрамдал, эв санааны барилдлагаа, Зөвлөлт Холбоот Улс тэргүүтэй социалист лагерийн орнуудын ард түмний нэгдэл нягтралыг бэхжүүлэхэд тус нэмэр үзүүлэх, энэ ариун найрамдал, нэгдэлд хор хохирол учруулж болох элдэв үзэгдэлтэй шийдвэртэй тэмцэх;

е) Өсвөрийн залуу үеийг хөдөлмөрт дуртай, сахилгатай, зохион байгуулалттай, хамт олонч, нийгмийн эрх ашгийг хүндэтгэгч, хөдөлмөр ба социалист өмчийг коммунист ёсоор үзэгч коммунизмын үзэл ба пролетарийн интернационализмын зарчим, социалист эх орондоо хязгааргүй үнэнч, хөдөлмөрчин бүхнийг арьс, үндсээр ялгаварлахгүйгээр хүндэтгэгч хүмүүс болгон хүмүүжүүлэх;

ж) Ардын ардчилсан байгууллагыг бэхжүүлэх үйлсэд идэвхтэй оролцож, улсын нууцыг чанд хадгалах, дайснаас ямагт сэрэмжилж байх;

з) Социалист эрх орноо социализмын дайснаас ариунаар хамгаалах, БНМАУ-ын ардын цэрэгт алба хаах явдал бол Бүгд Найрамдах Монгол Ард Улсын ард иргэдийн хүндэт үүрэг мөн.

и) Иргэний бүх үүргээ нарийн чанд биелүүлэхийн хамт нэг адил биелүүлэхийг бусад иргэдээс шаардах үүрэгтэй болно.

IV. БУСАД ЗҮЙЛ

edit

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ - СҮЛД, ДАЛБАА, НИЙСЛЭЛ

edit

Ердүгээр зүйл

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн сүлд бол төрийн мөн чанар, улс түмний найрамдлын үзлийг илэрхийлэн, тус орны үндэсний болон эдийн засгийн онцлогийг үзүүлсэн байна.

БНМАУ-ын сүлд бол тарианы түрүүгээр хөвөөлсөн дугуй хэлбэртэй байна. Тарианы ишийг хүрд араагаар холбож, эдгээрийг “БНМАУ” гэсэн үсэг бүхий улаан, цэнхэр өнгийн туузаар ороож зангидсан байна.

Сүлдийн төвд БНМАУ-ын хангай, говь, тал хосолсон нутгаар мандах коммунизмын наран өөд хурдалж яваа морь унасан хөдөлмөрчин хүн зурсан байна.

Сүлдний магнайд тариан түрүүний хоёр үзүүрийн хооронд дундаа алтан соёмбо үсэг бүхий таван хошуу байна.

Ерэн нэгдүгээр зүйл

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн далбааг улсын сүлдийг үндэслэн хийнэ.

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн далбааг улаан, цэнхэр өнгийн эдээр үйлдэх бөгөөд тэгэхдээ гурав хуваасны нэгийн хэмжээтэй дунд тал нь цэнхэр огторгуйн өнгөтэй байх ба түүний хоёр хажуу нь улаан өнгөтэй байна.

Ишинд уях талын улаан дэвсгэрийн дээд хэсэгт алтан таван хошуу, түүний доор мөн алтан соёмбо үсэг байна.

Далбааны өргөн, урт хоёр 1:2-ын харьцаатай байна.

Ерэн хоёрдугаар зүйл

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын нийслэл бол Улаанбаатар хот мөн.

АРАВДУГААР БҮЛЭГ - БНМАУ-ЫН ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХ БА ХАЛАХ ТУХАЙ

edit

Ерэн гуравдугаар зүйл

БНМАУ-ын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг гагцхүү Ардын Их Хурлаар хэлэлцэж, түүний депутатуудын гуравны хоёроос доошгүй нь баталснаар оруулна.

Ерэн дөрөвдүгээр зүйл

Коммунизмын үед төрийн зарим үүрэг мөхөх тутам тэр үүргийн тухай Үндсэн хуульд бичигдсэн зүйлс хүчингүй болж байна. Социализм, коммунизм байгуулах гол зэвсэг болсон төр байх хэрэгцээгүй болж, түүнийг хөдөлмөрчдийн коммунист эвлэлээр сольсон цагт БНМАУ-ын Үндсэн хууль халагдана.

БНМАУ-ын Үндсэн хууль, 1960 он.

Улаанбаатар хот


  This work is in the public domain in Mongolia and other jurisdictions.

According to the Law of Mongolia on Copyright from September 1st, 1993 as amended on February 1st, 1997, May 21st, 1999 and Jan 19, 2006, works first published in Mongolia are exempt from copyright if they fall under one of the following categories:

  • legislation and other legal documents
  • administrative decisions and official documents of legal entities and organizations
  • court decisions, resolutions, judge's decrees, and other documents and speeches delivered during court hearings
  • translations of any of the above
  • coat of arms, banners, flags, awards, orders, and medals
  • any news for the purpose of reporting currents events and results
  • works of folklore and national traditions
  • ideas, methods, procedures, scientific discoveries, and mathematical concepts

This work falls into one or more of the above categories and is in the public domain.