Монгол Улсын Ариун цэврийн тухай хууль
1998 оны 5 дугаар сарын 7-ны өдөр
/Энэ хуулийг 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Улаанбаатар хот
АРИУН ЦЭВРИЙН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ - НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
edit1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь хүний эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхийг баталгаажуулах зорилгоор ариун цэврийг сахиулах, түүний хэвийн нөхцөлийг хангуулах ерөнхий шаардлагыг тодорхойлох, энэ талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх үүрэг, эдлэх эрх, хүлээх хариуцлагыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Ариун цэврийн тухай хууль тогтоомж
2.1. Ариун цэврийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль1, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
З дугаар зүйл. Хуулийн нэр томъёо
3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1.”ариун цэвэр” гэж байгаль, нийгмийн орчноос хүн амын эрүүл мэндэд нөлөөлж болох сөрөг хүчин зүйлийг арилгах, өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг;
3.1.2.”ариун цэврийн хэвийн нөхцөл” гэж хүний ажиллаж, амьдрах эрүүл, аюулгүй орчинг;
3.1.3."ариун цэврийн дэглэм” гэж хүн ам эрүүл мэндээ хамгаалах, бусдын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөхгүй, халдвар тараахгүй байхын тулд сахиж мөрдөх үйл ажиллагааг;
3.1.4.”ариун цэврийн хяналт” гэж ариун цэврийн хэвийн нөхцөлийг хангуулахтай холбогдсон хууль тогтоомж, стандарт, дүрмийн биелэлтэд хяналт тавих үйл ажиллагааг хэлнэ.
ХОЁРДУГААР БҮЛЭГ - АРИУН ЦЭВРИЙН ХЭВИЙН НӨХЦӨЛИЙГ
edit4 дүгээр зүйл. Хот, суурин, барилга байгууламж байгуулахад тавих шаардлага
Хот суурин, барилга байгууламжийн газрыг сонгох, зураг төсөл зохиох, түүнийг ашиглалтад оруулахад эрүүл ахуйн хэм хэмжээ, стандарт, дүрмийг баримтална.
/Энэ зүйлд 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5 дугаар зүйл. Хүн амыг унд, ахуйн усаар хангахад тавих шаардлага
5.1. Хүн амын унд, ахуйд ашиглаж байгаа усны эх булаг, ус түгээгүүрийн шугам сүлжээ, ус нөөцлөх сан, шахуургын станц, ус түгээх байранд холбогдох дүрмийн дагуу хамгаалалтын бүс тогтоож, бохирдолтоос хамгаалах арга хэмжээг нутгийн захиргааны болон ус ашиглалтын байгууллага, аж ахуйн нэгж, иргэн авч хэрэгжүүлнэ.
5.2. Хүн амын унд, ахуйд түгээж байгаа усны чанарт ус ашиглалтын байгууллагаас стандарт, дүрмийн дагуу үйлдвэрлэлийн хяналт, шинжилгээ хийж, усны чанарыг сайжруулах арга хэмжээ авна.
6 дугаар зүйл. Орчны агаарт тавих шаардлага
6.1. Хүний амьдрах, ажиллах, суралцах орчны агаар нь стандарт, эрүүл ахуйн хэм хэмжээнд тохирсон, бохирдоогүй байна.
6.2. Замын хөдөлгөөний нягтрал ихтэй төв, суурины тээврийн хэрэгслээс болон үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагаас гарч байгаа утаа, тоос, хаягдлын хэмжээ нь стандарт, эрүүл ахуйн хэм хэмжээнд тохирсон байна.
7 дугаар зүйл. Хөрсний ариун цэвэрт тавих шаардлага
7.1. Хүн амын суурьшлын орчны эдэлбэр газрын хөрс нь стандарт, эрүүл ахуйн хэм хэмжээнд тохирсон, бохирдолгүй байна.
/Энэ хэсэгт 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
7.2. Оршуулгын газар, хог хаягдлын цэг, бие засах газар, бохир усны цэвэрлэх байгууламж, цооногийг стандарт, эрүүл ахуйн хэм хэмжээний дагуу байгуулж ашиглана.
7.3. Эмнэлгийн байгууллагын тусгай хог хаягдлыг болон нянгийн өсгөвөр, цацраг идэвхт болон химийн хортой бодис ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг байгууллага, аж ахуйн нэгж, иргэн хог хаягдлаа мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт, зөвшөөрөлгүйгээр хог хаягдлын нийтийн цэг дээр хаяхыг хориглоно.
7.4. Хог хаягдлын тогтоосон цэгээс өөр газарт хог хаягдал хаяж, орчныг бохирдуулахыг хориглоно.
7.5. Хүн, мал, амьтанд халдвар тараах, байгаль орчинд хор хөнөөлтэй хог хаягдлыг тогтоосон тусгай цэгт булшлах буюу устгана.
7.6. Энэ хуулийн 7.5-д заасан хог хаягдлын жагсаалтыг хүн, малын эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд хамтран тогтоож мөрдүүлнэ.
8 дугаар зүйл. Орон сууц, нийтийн үйлчилгээний барилга байгууламжид тавих шаардлага
Орон сууц, нийтийн үйлчилгээний барилга байгууламж нь хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй, ариун цэврийн стандарт, эрүүл ахуйн зохистой хэм хэмжээг хангасан байна.
9 дүгээр зүйл. Ажиллах, суралцах нөхцөлд тавих шаардлага
9.1. Үйлдвэрлэл, үйлчилгээ, сургалтын орчин, түүний тоноглол, байгууламж, хэрэгсэл нь ажиллагч, хэрэглэгч, суралцагчийн эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт сөрөг нөлөөлөхгүй, ариун цэвэр, аюулгүй ажиллагааны стандарт, төлөвлөлтийн хэм хэмжээнд тохирсон байна.
10 дугаар зүйл. Ионжуулдаг, ионжуулдаггүй туяаны үүсгүүр, химийн хорт бодис, нянгийн өсгөвөртэй ажиллахад тавих шаардлага
10.1. Цацраг идэвхт болон химийн хорт бодис, ионжуулдаг, ионжуулдаггүй туяа, физик хүчин зүйл /шуугиан, доргион, цахилгаан соронзон орон, радио долгион, хэт авиа зэрэг/-ийн үүсгүүр, нянгийн өсгөвөртэй ажилладаг байгууллага, аж ахуйн нэгж, иргэний аюулгүй ажиллагааны журмыг тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоож, биелэлтийг хангуулна.
10.2. Цацраг идэвхт болон химийн хорт бодис, ионжуулдаг, ионжуулдаггүй туяаны үүсгүүр, нянгийн өсгөврийг импортлох, үйлдвэрлэх, хэрэглэх, хадгалах, тээвэрлэх, булшлах, устгах үйл ажиллагааг тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын байгууллага хянаж, дүгнэлт гаргана.
11 дүгээр зүйл. Хүнсний ариун цэвэрт тавих шаардлага
Хүнсний үйлдвэрлэл, тээвэрлэлт, хадгалалт, худалдаа, хэрэглээ нь чанар, эрүүл ахуйн аюулгүй байдлын стандарт, зохистой хэм хэмжээний шаардлага хангасан байхаас гадна хүнсний нийтийн үйлдвэрлэл, үйлчилгээг холбогдох эрүүл мэндийн болон ариун цэврийн байгууллагаас тусгай зөвшөөрөл олгогдсон хүн эрхэлнэ.
12 дугаар зүйл. Шинэ бүтээгдэхүүн, бодис, бэлдмэл материал, техник, технологид тавих шаардлага
Шинэ бүтээгдэхүүн, бодис, бэлдмэл, материал, техник, технологи нь хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх шаардлага хангасан байна.
1З дугаар зүйл. Хилийн ариун цэвэрт тавих шаардлага
13.1.Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх технологи, бараа бүтээгдэхүүн, бодис, бэлдмэлийг экспортолж, импортлоход ариун цэврийн болон мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гаргуулсан байна.
/Энэ хэсэгт 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
13.2.Хуульд өөрөөр заагаагүй бол хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортолж, импортлоход энэ хуулийн 13.1 дэх хэсгийн заалт хамаарахгүй.
/Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн/
14 дүгээр зүйл. Импортлох бүтээгдэхүүн, бодис, бэлдмэл, материал, техник, технологид тавих шаардлага
14.1. Импортлох бүтээгдэхүүн, бодис, бэлдмэл, материал, техник, технологи нь хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд хор аюулгүй, Монгол Улс, олон улсын болон бүс нутгийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн стандартын шаардлага хангасан, чанарын баталгаатай байна.
14.2. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь бүтээгдэхүүн, бодис, бэлдмэл, материал, техник, технологи импортлохдоо энэ хуулийн 14.1-д заасан шаардлагыг гэрээ, хэлэлцээрт урьдчилан тусгаж, хуульд заасан тохиолдолд гадаад худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авч, улсын хилээр нэвтрүүлэхдээ уг гэрээ, хэлэлцээр болон тухайн бүтээгдэхүүн импортлох зөвшөөрөл, чанарын баталгааг хилийн мэргэжлийн хяналтын байгууллагад шалгуулна.
/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
14.3. Импортолсон бүтээгдэхүүн, бодис, бэлдмэл, материал, техник, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, хэрэглээнд гаргахдаа мэргэжлийн хяналтын байгууллагаар дүгнэлт гаргуулсан байна.
14.4. Эрх бүхий байгууллагаас улсын хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрсөн онц хортой бодис, бэлдмэлийг тээвэрлэх, хадгалах, худалдах, ашиглах аюулгүй ажиллагааны шаардлагыг импортлогч байгууллага, аж ахуйн нэгж, иргэн хариуцна.
14.5.Хуульд өөрөөр заагаагүй бол хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг импортлоход энэ хуулийн 14.2, 14.3 дахь хэсгийн заалт хамаарахгүй.
/Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн/
ГУРАВДУГААР БҮЛЭГ - АРИУН ЦЭВРИЙН ХЭВИЙН НӨХЦӨЛИЙГ ХАНГУУЛАХ ТАЛААРХИ НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГА, ЗАСАГ ДАРГЫН БҮРЭН ЭРХ
edit15 дугаар зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын бүрэн эрх
15.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ариун цэврийн хэвийн нөхцөлийг хангуулах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
15.1.1 ариун цэврийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавьж, түүнтэй холбогдсон асуудлаар Засаг даргын тайлан, мэдээллийг хэлэлцэх, холбогдох шийдвэр гаргах;
15.1.2. ариун цэврийн нөхцөлийг сайжруулах арга хэмжээнд шаардагдах төсвийг баталж, хэрэгжилтэд хяналт тавих;
15.1.3. хуулиар олгогдсон бусад бүрэн эрх.
15.2.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
15.2.1. ариун цэврийн хэвийн нөхцөлийг хангуулах асуудал боловсруулж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хэлэлцүүлэх;
15.2.2. нутаг дэвсгэртээ ариун цэврийн хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах ажлыг зохион байгуулах;
15.2.3. ариун цэврийн асуудлаар нутаг дэвсгэртээ мөрдөх шийдвэр гаргах, хэрэгжилтэд хяналт тавих;
15.2.4. ариун цэврийн хэвийн нөхцөлийг хангуулах ажилд тухайн нутаг дэвсгэр дэх байгууллага, аж ахуйн нэгж, иргэнийг татан оролцуулах;
15.2.5. нутаг дэвсгэртээ байгаа худалдааны зах, унд, ахуйн хэрэглээний усны эх булаг, гол мөрөн, булаг шанд, халуун ус, цэвэр, бохир усны сүлжээ, татуурга, цооног бие засах газар, хог хаягдлын цэг, оршуулгын газар болон цэвэрлэх байгууламжийн ашиглалтад хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах;
15.2.6. нийтийн эзэмшлийн гудамж, талбайн ариун цэвэр, тохижилт, цэцэрлэгжүүлэлт, эзэмшлийн байдалд хяналт тавих;
15.2.7. нутаг дэвсгэрийн хэмжээнд олон нийтийн үүсгэл санаачилгад тулгуурласан ариун цэврийн хөдөлгөөн өрнүүлэх, олон нийтийн хяналт тавихад дэмжлэг үзүүлэх;
15.2.8. ариун цэврийн хэвийн нөхцөлийг хангуулах арга хэмжээнд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусган батлуулах, зарцуулалтад нь хяналт тавих;
15.2.9. хууль тогтоомжоор олгогдсон бусад бүрэн эрх.
16 дугаар зүйл. Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал, Засаг даргын бүрэн эрх
16.1. Баг, хорооны иргэдийн Нийтийн хурал, Засаг дарга нутаг дэвсгэртээ ариун цэврийн хэвийн нөхцөлийг хангуулах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
16.1.1. ариун цэврийн хэвийн нөхцөлийг хангуулах ажилд нутаг дэвсгэрийн хэмжээнд аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг татан оролцуулах;
16.1.2. ариун цэврийн нөхцөлийг сайжруулах талаархи сургалт, сурталчилгаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулах ажлыг зохион байгуулах;
16.1.3. ариун цэврийн олон нийтийн хяналтын хөдөлгөөнийг өрнүүлэх, энэ ажилд дэмжлэг үзүүлэх;
16.1.4.хог хаягдал, бохир усны цэг, оршуулгын газарт ариун цэврийн шаардлага хангуулах, усны эх булагт ариун цэврийн хамгаалалтын бүсийн дэглэм сахиулах ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ - АРИУН ЦЭВРИЙН ХЭВИЙН НӨХЦӨЛИЙГ ХАНГАХ ТАЛААР БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭНИЙ ҮҮРЭГ
edit17 дугаар зүйл. Байгууллага, аж ахуйн нэгжийн үүрэг
17.1. Ариун цэврийн хэвийн нөхцөлийг хангах талаар байгууллага, аж ахуйн нэгж дараахь үүрэг хүлээнэ:
17.1.1. ариун цэврийн хууль тогтоомжид нийцүүлэн байгууллагын хэмжээнд мөрдөх журмыг баталж мөрдүүлэх;
17.1.2. хүн амын эрүүл мэнд, ариун цэврийн байдалд хортой нөлөө үзүүлэх нөхцөл байдал бий болсон үед зөрчлийг тухайн нутаг дэвсгэрийн ариун цэврийн болон мэргэжлийн хяналтын байгууллагад яаралтай мэдээлэх, үр дагаврыг нь арилгахад зохих дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
17.1.3. мэргэжлийн хяналтын байгууллага, байцаагчаас ариун цэврийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар тавьсан шаардлагыг хугацаанд нь биелүүлж мэдэгдэх, зөрчлийг бүрэн арилгах арга хэмжээ авах;
17.1.4. гадаад орчноо бохирдуулахгүй байх;
17.1.5. ажилтнууддаа ариун цэвэр сахих, эрүүл мэндээ хамгаалах, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэхэд чиглэсэн сургалт, сурталчилгааг явуулах;
17.1.6. аж ахуйн нэгж, байгууллагад халдварт өвчин, хордлого, үйлдвэрлэлийн осол, гэмтэл гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах;
17.1.7. үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа байгууллага, аж ахуйн нэгж нь ажилтнуудаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт оруулж байх.
18 дугаар зүйл. Иргэний үүрэг
18.1. Ариун цэврийн хэвийн нөхцөлийг хангах талаар иргэн дараахь үүрэг хүлээнэ:
18.1.1. ариун цэврийн хэвийн нөхцөлийг хангуулах талаар нутгийн захиргааны, ариун цэврийн болон мэргэжлийн хяналтын байгууллагаас зохион байгуулж байгаа арга хэмжээнд оролцох, тэдгээрээс тавьсан шаардлагыг хугацаанд нь бүрэн биелүүлэх;
18.1.2. байгууллага, аж ахуйн нэгж, иргэнээс явуулж байгаа үйл ажиллагаа нь ариун цэврийн байдалд сөрөг нөлөөлж байвал энэ талаар холбогдох этгээдэд шаардлага тавих, эрх бүхий байгууллагад яаралтай мэдэгдэх;
18.1.3. төвлөрсөн усан хангамж, ариутгах татуургын шугамд холбогдоогүй орон сууц, нийтийн байранд оршин суугчид нь бие засах газар, бохир усны цооног, хог хаягдлын савыг ариун цэврийн дүрэм, стандартын дагуу байгуулж ашиглах;
18.1.4. гэрийн тэжээвэр амьтан /нохой,муур, гахай, шувуу гэх мэт/-ыг тогтоосон журмын дагуу мал эмнэлгийн үзлэгт оруулж, халдвар хамгааллын дэглэм сахих, хүн, мал, амьтны ялгадас, хаягдлаар хот, суурины гудамж талбай, зүлэг, ногоон байгууламж, орон сууц, түүний орчныг бохирдуулахгүй байх, мал, амьтнаас хүнд халдварладаг өвчин /бруцеллёз, сүрьеэ, ям зэрэг/-өөс сэргийлэх арга хэмжээ авах.
ТАВДУГААР БҮЛЭГ - БУСАД ЗҮЙЛ
edit19 дүгээр зүйл. Ариун цэврийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналт
Ариун цэврийн болон түүнтэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжийн хэрэгжилтэд иргэдийн Төлөөлөгчдийн болон Нийтийн Хурал, бүх шатны Засаг дарга, мэргэжлийн хяналтын байгууллага, түүнчлэн хууль тогтоомжоор эрх олгогдсон байгууллага, албан тушаалтан хяналт тавина.
20 дугаар зүйл. Ариун цэврийн тухай хууль тогтоомж
20.1. Энэ хуулийн 6.2-т заасныг зөрчсөн тохиолдолд цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд орохыг хориглох ба хууль тогтоомжоор тусгайлан эрх олгогдсон улсын байцаагч нь иргэн, албан тушаалтныг 10000-50000, байгууллага, аж ахуйн нэгжийг 150000-200000 төгрөгөөр торгож, давтан үйлдсэн бол аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг зогсооно.
20.2. Энэ хуулийн 7.З, 7.4, 7.5-д заасныг зөрчсөн тохиолдолд цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан, хууль тогтоомжоор тусгайлан эрх олгогдсон улсын байцаагч нь иргэнийг 5000-10000, байгууллага, аж ахуйн нэгжийг 100000-250000 төгрөгөөр торгож, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах буюу түүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлнэ.
20.3. Энэ хуулийн 20.1, 20.2-т зааснаас бусад тохиолдолд ариун цэврийн хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий улсын байцаагч, албан тушаалтан Захиргааны хариуцлагын тухай1 болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
20 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
20.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулахаар заасан бөгөөд үүнийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрднө/
21 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
Энэ хуулийг 1998 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
This work is in the public domain in Mongolia and other jurisdictions.
According to the Law of Mongolia on Copyright from September 1st, 1993 as amended on February 1st, 1997, May 21st, 1999 and Jan 19, 2006, works first published in Mongolia are exempt from copyright if they fall under one of the following categories:
This work falls into one or more of the above categories and is in the public domain. |