Монгол Улсын Газрын тосны тухай хууль (1991)
/Энэ хуулийг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1991 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот
ГАЗРЫН ТОСНЫ ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. Нийтлэг үндэслэл
edit1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
Монгол Улсын газрын тосны тухай хуулийн зорилт нь Монгол Улсын болон гадаад улсын байгууллага, иргэдээс тус улсын газрын хэвлийд оршиж буй газрын тосыг хайх, хамгаалах, олборлох, боловсруулах, тээвэрлэх, хадгалах, борлуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Хуулийн нэр томъёо
1."Газрын тос" гэсэн ойлголтод газрын хэвлийд байгаа шингэн тос, хий болон хатуу байдалтай хамтад нь буюу дангаар нь олборлож болох нүүрс-ус төрөгчийн төрөл бүрийн нэгдлийг хамааруулна.
2."Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа" гэсэн ойлголтод газрын тос хайх, хамгаалах, олборлох, боловсруулах, тээвэрлэх, хадгалах, борлуулах ажиллагааг хамааруулна.
3."Газрын тосны хэрэг эрхлэх байгууллага" гэж Монгол Улсын Засгийн газраас газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах тухай гэрээ байгуулах, түүний биелэлтэд хяналт тавих эрх олгосон байгууллагыг хэлнэ.
4."Гэрээлэгч" гэж тус улсын нутаг дэвсгэрт газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах талаар газрын тосны хэрэг эрхлэх байгууллагатай гэрээ байгуулсан Монгол Улсын болон гадаад улсын байгууллага, иргэнийг хэлнэ.
3 дугаар зүйл.Газрын тосыг өмчлөх
Монгол Улсын газрын хэвлийд байгаа газрын тос нь зөвхөн төрийн өмч байна.
4 дүгээр зүйл. Газрын тостой холбогдсон үйл ажиллагааг төрөөс удирдах
1.Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тостой холбогдсон үйл ажиллагааг газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын олгосон тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэн явуулна.
/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
2.Монгол Улсын Засгийн газар нь улс үндэсний аюулгүй байдлыг хангах, газрын тосны орд-байгалийн агууламжид гэмтэл, хүн ам, байгаль орчинд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх, түүх, соёлын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нутаг дэвсгэрийн тодорхой хэсэгт газрын тос олборлохыг хориглох буюу хязгаарлах шийдвэр гаргаж болно.
3.Газрын тосны хайгуулын хөтөлбөрийг боловсруулж, гүйцэтгэлд нь хяналт тавих эрхийг зөвхөн газрын тосны хэрэг эрхлэх байгууллага эдэлнэ.
4.Энэ хуулийг хэрэгжүүлэх журмыг Монгол Улсын Засгийн газар батлан гаргана.
5 дугаар зүйл.Гадаадын гэрээлэгчийн эрх зүйн байдал
Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаадын гэрээлэгч нь Монгол Улсын хуулийн этгээд, иргэдийн нэг адил Монгол Улсын эрх зүйн хамгаалалтад байж, Монгол Улсын хууль тогтоомж болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй.
ХОЁРДУГААР БҮЛЭГ. Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа
edit6 дугаар зүйл. Газрын тосны тухай гэрээнд тавих үндсэн шаардлага
1/газрын хэвлийд байгаа ордын нөөцийн 20-иос доошгүй хувийг олборлож чадахуйц техник технологийг хэрэглэх;
2/Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэр бий болгон хөгжүүлэхийг эрхэмлэх;
3/мэргэжилтэй ажилтан бэлтгэх, гадаадын иргэдийг хөлслөн ажиллуулах асуудлыг шийдвэрлэх;
4/газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд эдийн засгийн өндөр үр ашигтай, хүрээлэн байгаа орчны зохист тэнцвэрийг алдагдуулахааргүй техник, технологи хэрэглэх;
5/газрын тостой холбогдсон үйл ажиллагааны тухай бүх мэдээ, баримт, тайланг газрын тосны хэрэг эрхлэх байгууллагад бүрэн эхээр нь шилжүүлэх;
6/хүн амын аюулгүй байдлыг хангах, ажиллагчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюул ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, эд хөрөнгө, байгалийн нөөц баялаг, газар, түүний хэвлий болон хүрээлэн байгаа орчинд хохирол учруулахгүй байх, ашигласан талбайг сэргээх.
7 дугаар зүйл.Гэрээлэгчид эдэлбэр олгох
1.Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулахад зориулан эдэлбэр газрын зөвшөөрлийг орон нутгийн эрх барих байгууллага, уурхайн эдэлбэрийн зөвшөөрлийг Засгийн газар тус тус олгоно.
2.Зөвшөөрсөн эдэлбэрийн хилээс гадна газрын тос хайх, олборлохыг хориглоно.
8 дугаар зүйл.Гэрээлэгчийн үйл ажиллагаа явуулах хугацаа
1.Эрэл, хайгуулын ажил явуулах хугацаа 5 хүртэл жил байна.
2.Газрын тосны хэрэг эрхлэх байгууллага нь гэрээлэгчтэй нөхцөлийг харилцан тохиролцсоны үндсэн дээр эрэл, хайгуулын ажлын хугацааг 2 удаа тус бүр 2 жилээр сунгаж болно.
Гэрээлэгч эрэл, хайгуулын ажил явуулах хугацааг сунгуулах хүсэлт гаргасан тохиолдолд гэрээний биелэлтийн явц, гэрээт талбайд эрэл, хайгуулын ажил үргэлжлүүлэн явуулах шаардлагыг харгалзан эрэл, хайгуулын ажил явуулах хугацааг 5 хүртэл жилээр сунгах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт 2003 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
3.Газрын тосны ордыг ашиглах хугацаа нь газрын тос олборлохыг зөвшөөрөх тухай газрын тосны хэрэг эрхлэх байгууллагын шийдвэр гарсан өдрөөс хойш 20 хүртэл жил байж болно.
4.Гэрээлэгч нь боловсруулах үйлдвэр барих, шингэн тос, байгалийн хий тээвэрлэх хоолой тавих зэрэг үйлдвэрлэлийн дэд бүтэц шинээр барьж байгуулах тохиолдолд орд ашиглах хугацааг газрын тосны хэрэг эрхлэх байгууллага хоёр удаа тус бүр 5 жилээс илүүгүй хугацаагаар сунгаж болно.
9 дүгээр зүйл.Гэрээлэгчид ногдуулах төлбөр, татвар
1.Гэрээлэгч нь газрын тос олборлосны төлбөрийг улсад төлнө. Төлбөрийн хэмжээг Монгол Улсын Засгийн газар тогтооно.
2.Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулж байгаа гэрээлэгчид Монгол Улсын хууль тогтоомжид заасан хувь хэмжээгээр татвар ногдуулна.
3.Газрын тос олборлосны төлбөр, татвар төлөх хэлбэрийг гэрээлэгч болон газрын тосны хэрэг эрхлэх байгууллагын саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газар тогтооно.
4.Гэрээлэгчийн татварын хувь, хэмжээ болон татварын орчныг тогтворжуулах асуудлыг Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан журмын дагуу зохицуулна.
/Энэ хэсгийг 2013 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар нэмсэн/
10 дугаар зүйл.Бүтээгдэхүүн хуваах
1.Гэрээлэгч нь газрын тос олборлосны төлбөр болон зардлаа нөхөх хэсгийг нийт олборлолтоос хасаад үлдсэн бүтээгдэхүүнийг газрын тосны хэрэг эрхлэх байгууллагатай хуваана. Бүтээгдэхүүн хуваах хувь хэмжээг хоногт гаргаж байгаа газрын тосны хэмжээтэй уялдуулан тохиролцож газрын тосны тухай гэрээнд тодорхойлон заана.
2.Гэрээлэгч хуваарьт газрын тосоо экспортлож болно.
3.Газрын тосны хэрэг эрхлэх байгууллага нь гэрээлэгчээс түүний хуваарьт газрын тосыг Монгол Улсын дотоодын хэрэгцээнд нийлүүлэхийг хүсэх эрхтэй.
11 дүгээр зүйл.Зардал нөхөх
Гэрээлэгч нь газрын тосыг үр ашигтай олборлож эхэлсэн нөхцөлд газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулсан зардлаа нөхөж авах эрхтэй. Зардал нөхөхөд тухайн гэрээлэгчийн жилд олборлосон нийт газрын тосны 40 хүртэл хувийг зарцуулна.
12 дугаар зүйл. Гаалийн татвараас чөлөөлөх
/Энэ зүйлийг 1998 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
ГУРАВДУГААР БҮЛЭГ. Маргааныг хянан шийдвэрлэх, хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
edit13 дугаар зүйл.Маргааныг хянан шийдвэрлэх
1.Газрын тостой холбогдсон үйл ажиллагааны явцад үүссэн эд хөрөнгийн маргааныг газрын тосны тухай гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын шүүх Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу хянан шийдвэрлэнэ.
2.Газрын тосны тухай гэрээний нөхцөлийг өөрчлөх, гэрээг хүчингүй болгох зэрэг гэрээтэй холбогдох асуудлаар үүссэн маргааныг талууд хүсвэл НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн байгууллагын дүрмийн дагуу зохицуулан шийдвэрлүүлж болно.
14 дүгээр зүйл.Хуулийн хариуцлага
1.Газрын тостой холбогдсон үйл ажиллагааг дур мэдэн буюу зөвшөөрөлгүй явуулсан бол тухайн этгээдийн уг үйл ажиллагаа явуулахад хэрэглэсэн тоног төхөөрөмж, эд хөрөнгө, олборлосон бүтээгдэхүүн, орлогыг Монгол Улсын эрх бүхий байгууллага хураан авч улсын орлогод шилжүүлнэ.
Харин уг үйл ажиллагаа нь гэмт хэргийн шинжтэй байвал Монгол Улсын шүүх шийдвэрлэнэ.2.Гэрээлэгч талууд нь энэ хууль болон Монгол Улсын холбогдох бусад хуулийг зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгууллага, иргэдэд хохирол учруулсан бол Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.
3.Гэрээлэгч талууд нь гэрээний үүргийг зөрчсөнөөс учирсан хохирлыг гэрээнд буюу Монгол Улсын иргэний хууль тогтоомжид заасны дагуу гэм буруутай тал нь нөхөн төлнө.
15 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
Энэ хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгч батламжилсан өдрөөс дагаж мөрдөнө.
БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ЧИМИД
This work is in the public domain in Mongolia and other jurisdictions.
According to the Law of Mongolia on Copyright from September 1st, 1993 as amended on February 1st, 1997, May 21st, 1999 and Jan 19, 2006, works first published in Mongolia are exempt from copyright if they fall under one of the following categories:
This work falls into one or more of the above categories and is in the public domain. |