Монгол Улсын Зохиогчийн эрхийн тухай хууль

Монгол Улсын Зохиогчийн эрхийн тухай хууль (1993)
299049Монгол Улсын Зохиогчийн эрхийн тухай хууль1993

1993 оны 6 дугаар сарын 22-ны өдөр

/Энэ хуулийг 2006 оны 1 дyгээр сарын 19-ний өдрийн хуулиар хyчингyй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Улаанбаатар хот

ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ - НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

edit

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь зохиогчийн эрхийг хамгаалах, зохиогчийн эрхэд хамаарах бүтээлийг ашиглахтай холбогдож үүссэн харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомж

1.Зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон Монгол Улсын хууль тогтоомжийн холбогдох бусад актаас бүрдэнэ.

2.Монгол Улсын олон улсын гэрээнд Монгол Улсын зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Зохиогчийн эрхэд хамаарах бүтээл

1.Зохиогчийн эрхэд агуулга, зориулалт, хэлбэр, бүтээсэн болон хүртээл болох аргаасаа үл шалтгаалан дараахь бүтээл хамаарна:

/Энэ хэсэгт 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

1/шинжлэх ухаан, уран зохиолын зэрэг утга зохиолын аман буюу бичмэл бүх төрлийн бүтээл;

2/хөгжмийн урлагийн бүх төрлийн бүтээл;

3/дүрслэх урлагийн болон хавсарга урлагийн бүх төрлийн бүтээл;

4/архитектурын бүтээл, барилга байгууламжийн зураг төсөл;

5/бүжгийн урлагийн бүх төрлийн бүтээл, уран нугаралт, пантомим;

6/жүжгийн бүх төрлийн бүтээл;

7/кино урлагийн болон түүнтэй төсөөтэй аргаар туурвисан бүх төрлийн бүтээл;

8/гэрэл зургийн болон түүнтэй төсөөтэй аргаар туурвисан бүх төрлийн бүтээл;

9/шинжлэх ухаан, техникийн холбогдолтой төсөл, зураг, бүдүүвч, загвар;

10/цахим тооцоолуурын хөтөлбөр;

11/өөрийн зорилго, бүтэц, агуулгаараа оюуны бүтээл болох лавлах, толь бичиг, зохиолын цоморлиг, бусад мэдээллийн сангийн эмхтгэл. Ингэхдээ тэдгээрийг агуулж байгаа эх бүтээлийн зохиогчийн эрхийг хөндөхгүй;

/Энэ заалтыг 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12/урьд туурвисан бүтээлийг ашиглан түүний үндсэн дээр бий болгосон хялбаршуулсан бичвэр, орчуулга, хөгжмийн болон урлагийн бусад бүтээлийн зохиомж, найруулга зэрэг үүсмэл бүтээл.

/Энэ заалтыг 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

13/зохиогчийн оюуны бүтээлч үйл ажиллагааг илэрхийлж чадахуйц бусад бүтээл. /Зохиогчийн эрхэд хамаарах бүтээлийг энэ хуульд цаашид "бүтээл" гэнэ/

2.Дараахь зүйлийг зохиогчийн эрхийн бүтээлд тооцохгүй:

1/хууль тогтоомж, эрх зүйн бусад акт;

2/шүүхийн шийдвэр, албан ёсны баримт бичиг;

4/энэ хэсгийн 1, 2, З дахь заалтад заасан баримт бичгийн орчуулга;

5/тоо, баримт бүхий сонордуулгын шинжтэй аливаа мэдээ;

6/аливаа санаа, арга ажиллагаа, ажлын арга барил буюу математикийн үзэл баримтлал.

/Энэ хэсгийг 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.Ардын урлагийн бүтээлд тулгуурлан бүтээсэн, өөрчлөн сайжруулсан, үзүүлбэр болгон тоглосон, эмхэтгэсэн, кино, дуу авиа, дүрс бичлэг болон түүнтэй төсөөтэй аргаар туурвисан үүсмэл бүтээлийн зохиогчийн эрх нь энэ хуулиар хамгаалагдана.

/Энэ хэсгийг 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

4.Зохиогчийн эрхэд хамаарах бүтээл нь туурвисан өдрөөс эхлэн хамгаалагдах бөгөөд зохиогч хүсвэл өөрийн бүтээл, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийг шилжүүлэх гэрээ, хэлцлийг Оюуны өмчийн газарт бүртгүүлж болно.

/Энэ хэсгийг 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

4 дүгээр зүйл. Зохиогч

1.Бүтээл туурвисан этгээдийг зохиогч гэнэ.

2.Бие даасан хэсэгт хуваагдахгүй хамтын бүтээл туурвисан хоёр буюу түүнээс дээш этгээдийг хамтарсан зохиогчид гэнэ. Хамтарсан зохиогчид тухайн бүтээлийн зохиогчийн эрхийг хамтран эдэлнэ.

3.Бие даасан хэсэгт хуваагдах хамтын бүтээл туурвисан хоёр буюу түүнээс дээш этгээдийг нэгдсэн зохиогчид гэнэ. Нэгдсэн зохиогчид тухайн бүтээлийн зохиогчийн эрхийг хамтран эдлэхээс гадна өөрт хамаарах хэсэгт зохиогчийн эрхийг бусад зохиогчтой байгуулсан гэрээний үндсэн дээр дангаар эдэлж болно.

5 дугаар зүйл.Зохиогчийн эрх эдлэх этгээд

1.Зохиогчийн эрхийг дараахь этгээд эдэлнэ:

1/бүтээл туурвисан Монгол Улсын иргэн, тус улсын нутаг дэвсгэрт байнга оршин суугаа гадаадын иргэн, харъяалалгүй хүн;

2/Монгол Улсад бүтээлээ анх удаа нийтийн хүртээл болгосон гадаадын иргэн. Гадаадын иргэн бүтээлээ өөр улсад нийтийн хүртээл болгосон өдрөөс хойш 30 хоногийн дотор Монгол Улсад нийтийн хүртээл болгосон бол Монгол Улсад анх удаа бүтээлээ нийтийн хүртээл болгосонтой адилаар үзнэ;

3/уран баримал, уран барилга болон барилга байгууламжийн бүрэлдэхүүн хэсэг болох дүрслэх урлагийн бүтээлээ тус улсын нутаг дэвсгэрт байнга байрлуулсан зохиогч;

4/зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомжоор тогтоосон нөхцөл, хэмжээ хязгаарын дотор зохиогчийн эрх эдлэх хуулийн этгээд.

5/Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд нэгдэн орсон бусад улсын иргэн, хуулийн этгээд болон харьяалалгүй хүн.

/Энэ заалтыг 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн./

2.Албан үүргээ гүйцэтгэх журмаар бүтээл туурвисан зохиогч тухайн байгууллагатай хийсэн гэрээнд өөрөөр заагаагүй бол уг бүтээлийн зохиогчийн эрхийг эдэлнэ.

/Энэ хэсгийг 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

6 дугаар зүйл.Оюуны өмчийн газар

1.Зохиогчийн эрхэд хамаарах бүтээлийн ажлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Оюуны өмчийн газар эрхлэн дараахь чиг үүргийг гүйцэтгэнэ:

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

1/зохиогчийн эрхэд хамаарах бүтээлийн мэдүүлэг хүлээн авч хянан шийдвэрлэх;

2/бүтээлийн гэрчилгээ олгох;

3/бүтээлийн талаархи мэдээллийг хэвлэн нийтлэх;

4/бүтээлийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх;

5/зохиогчийн эрхтэй холбоотой маргааныг шийдвэрлэхэд лавлагаа гаргаж өгөх;

6/зохиогчийн хүсэлтээр түүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр эх бүтээл хадгалах, хамгаалах, ашиглахтай холбогдсон арга хэмжээ авах;

7/Зохиогчийн эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах;

8/тодорхой бүтээлийн зохиогчийн эрхийг өөрийн болон гадаад оронд төлөөлөн хамгаалах;

9/бүтээлийн болон түүнтэй холбоотой гэрээний улсын бүртгэл хөтлөх;

10/бүтээлийн гэрчилгээний загвар тогтоох;

11/зохиогчийн эрхэд хамаарах бүтээлийн үнэлгээ тогтоох;

12/зохиогчийн эрхэд хамаарах бүтээлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллах иргэн, хуулийн этгээдийг шалгаруулж зөвшөөрөл олгох.

13/оюуны өмчийн хууль тогтоомжийн биелэлтэд тавих улсын хяналтыг хэрэгжүүлэх, оюуны өмчийн улсын байцаагч ажиллуулах.

/Энэ заалтыг 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмж, 1996 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Оюуны өмчийн газар нь үйл ажиллагааныхаа орлогоор санхүүжнэ.

/Энэ хэсгийг 1996 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.Оюуны өмчийн улсын хяналтын дүрмийг Засгийн газар батална.

/Энэ хэсгийг 1996 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон ба 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн./

4./Энэ хэсгийг 1996 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

5.Оюуны үнэт зүйлсийг хамгаалах сайн дурын байгууллага нь энэ хуулийн дагуу зохиогчийн эрхийг хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх зорилгоор зохиогчийн эрхийн байгууллагатай хамтран ажиллаж болно.

6.1 дүгээр зүйл.Хамтын удирдлагын байгууллага

1.Зохиогч, уран бүтээлчид эрхээ хамгаалуулах зорилгоор төрийн бус байгууллага болох Хамтын удирдлагын байгууллага байгуулж болно.

2.Хамтын удирдлагын байгууллага нь зохиогчийн эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулахдаа Оюуны өмчийн газартай гэрээ байгуулж ажиллана. Хамтын удирдлагын байгууллага, Оюуны өмчийн газар хамтран ажиллах журмыг оюуны өмчийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

3.Хамтын удирдлагын байгууллага нь өөрийн гишүүдийн эрх ашгийг хамгаалах талаар дараахь үйл ажиллагаа явуулах эрхтэй:

1/бүтээлийг нь ашиглуулах талаар гишүүдтэй гэрээ байгуулах;

2/бүтээл ашиглах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гишүүний нэрийн өмнөөс гэрээ байгуулах;

3/Оюуны өмчийн газартай хамтарч бүтээл ашигласны төлбөрийн хэмжээг тогтоох;

4/бүтээл ашиглуулсны төлбөр хураах, гишүүдэд хуваарилах;

5/гишүүдийн бүтээлийг хууль бусаар ашигласан тухай мэдээллийн дагуу Оюуны өмчийн газартай хамтарч шалгалт хийх, холбогдох арга хэмжээ авах.

4.Хамтын удирдлагын байгууллага нь гишүүдийнхээ бүтээлийг ашиглуулснаас олсон орлогын 10 хувийг Оюуны өмчийн газарт үлдээнэ.

/Энэ зүйлийг 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн./

ХОЁРДУГААР БҮЛЭГ - ЗОХИОГЧИЙН ЭДЛЭХ ЭРХ

edit

7 дугаар зүйл.Зохиогчийн эдлэх эрх

Зохиогч бүтээлийнхээ хувьд эд хөрөнгийн бус амины эрх болон бүтээл ашиглах онцгой / эд хөрөнгийн/ эрх эдэлнэ.

8 дугаар зүйл.Эд хөрөнгийн бус амины эрх

Зохиогч бүтээлийнхээ хувьд эд хөрөнгийн бус амины дараахь эрх эдэлнэ:

1/нэр хэрэглэх. Зохиогч бүтээлээ өөрийн буюу зохиомол / нууц/ нэрээ, эсхүл нэргүйгээр нийтийн хүртээл болгох эрхтэй. Уг нэрийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр өөрчлөх, задруулахыг хориглоно;

2/нэрээ дурдуулах. Зохиогч бүтээлээ нийтийн хүртээл болгосон тохиолдолд тухай бүр нэрээ дурдуулах эрхтэй;

3/бүтээл нь халдашгүй байх. Бүтээл, бүтээлийн нэрийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр аливаа арга, хэлбэрээр хувиргах, гажуудуулахыг хориглоно.

9 дүгээр зүйл.Бүтээл ашиглах онцгой / эд хөрөнгийн / эрх

1.Зохиогч бүтээлийнхээ хувьд бүтээл ашиглах дараахь онцгой /эд хөрөнгийн/ эрх эдэлнэ:

1/хуулбарлах, олшруулах. Зохиогч эх бүтээлээ хэвлэх, зурах, сийлэх, цутгах, гэрэл зураг авах, дуу авиа, дүрс бичлэг хийх болон бусад аргаар хуулбарлах, олшруулах онцгой эрхтэй;

2/өөрчлөх, засварлах, орчуулах. Зохиогч өөрийн бүтээл, бүтээлийн нэрийг өөрчлөх, бүтээлээ засварлах, орчуулах онцгой эрхтэй;

3/нийтийн хүртээл болгох. Зохиогч эх бүтээл болон хуулбарласан, олшруулсан өөрийн бүтээлийг худалдах, шилжүүлэх зэргээр нийтийн хүртээл болгох онцгой эрхтэй;

4/танилцуулах. Зохиогч бүтээлээ зохиогчийн эрхийг шилжүүлэлгүйгээр аливаа арга хэлбэрээр бусдад танилцуулах онцгой эрхтэй.

5/төлбөртэй ашиглуулах. Зохиогч бүтээлээ бусдад төлбөртэй ашиглуулах онцгой эрхтэй.

/Энэ заалтыг 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн./

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийг гагцхүү зохиогчийн зөвшөөрлөөр бусдад шилжүүлнэ.

3.Зохиогч бүтээлээ үнэлэх, бүтээлээ бусдад ашиглуулсны төлөө үнэ хөлс авах эрх эдэлнэ.

10 дугаар зүйл.Бүтээлд хэрэглэх таних тэмдэг

Бүтээл ашиглах онцгой эрх эзэмшигч нь нийтийн хүртээл болгосон бүтээлийн зохиогчийн эрх нь хамгаалагдсаныг илэрхийлэх дугуй хүрээтэй "С" гэсэн латин үсэг бүхий таних тэмдэг хэрэглэж болно. Уг таних тэмдгийн хамт бүтээлийг анх нийтийн хүртээл болгосон он, бүтээл ашиглах онцгой эрх эзэмшигчийн нэрийг бичнэ.

11 дүгээр зүйл.Бүтээл ашиглах онцгой эрхээ бусдад шилжүүлэх

1.Бүтээлээ ашиглах онцгой эрхийг гагцхүү бичгээр үйлдсэн гэрээний үндсэн дээр бүрэн буюу хэсэгчилэн бусад этгээдэд шилжүүлнэ.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрээнд дараахь зүйлийг заавал тусгана:

1/бүтээл ашиглах арга, хэлбэр, хугацаа;

2/зохиогчийн эдлэх эрх, хүлээх үүрэг;

3/бүтээлийг ашиглах этгээдийн эдлэх эрх, хүлээх үүрэг;

4/бүтээл ашигласны үнэ хөлсний хэмжээ, түүнийг олгох журам.

12 дугаар зүйл.Бүтээлийн зүйлийн өмчлөгч

1.Бүтээл илрэлээ олсон эд юмсыг бүтээлийн зүйл гэнэ. Бүтээлийн зүйлийг өмчлөгч этгээд өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ тухайн бүтээлийн зохиогчийн эрхийг хөндөхгүй.

2.Зохиогчийн худалдсан дүрслэх урлагийн болон хавсарга урлагийн бүтээлийн зүйлийг дуудлагын худалдаагаар худалдах буюу зуучлан дахин борлуулсан бол зохиогч тухай бүр борлуулсан үнийн 5 хувийг авах эрхтэй.

ГУРАВДУГААР БҮЛЭГ - БҮТЭЭЛИЙГ ДАЙЧЛАН АВАХ, ЗОХИОГЧИЙН ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР АШИГЛАХ

edit

13 дугаар зүйл.Бүтээлийг дайчлан авах

1.Төр, түүний эрх бүхий байгууллага нь бүтээлийг нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн зохиогчтой гэрээ байгуулах үндсэн дээр худалдан авч болно. Хэрэв хоёр тал энэ талаар харилцан тохиролцоонд хүрээгүй бол төр, түүний эрх бүхий байгууллага нь уг бүтээлийг дайчлан авах эрхтэй.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан тохиолдолд үнэ, нөхөх олговор болон бүтээл ашигласны үнэ хөлсийг төр, түүний эрх бүхий тухайн байгууллага олгоно.

3.Дайчлан авсан бүтээлийг ашиглах журмыг Засгийн газар тогтооно.

14 дүгээр зүйл.Бүтээлийг нийтийн тусад нийцүүлэн нийтэд танилцуулах

1.Нийтийн хүртээл болсон бүтээлийг нийтийн тусад нийцүүлэн зохиогчийн нь зөвшөөрөлгүй, түүнд үнэ хөлс төлөхгүйгээр дараахь тохиолдолд зохиогчийн нэр болон бүтээлийн эх сурвалжийг дурдаж нийтэд хэсэгчлэн танилцуулж болно:

1/сургалтад ашиглах;

2/олон нийтийг хамарсан арга хэмжээний явцад орлого олох зорилгогүйгээр ашиглах;

3/албан ёсны болон нийтийг хамарсан хурал, цуглаан дээр хэлсэн үгийг тогтмол хэвлэл, радио, телевизээр дамжуулан нийтэд танилцуулах.

2.Энэ хуулийн 16 дугаар зүйлийн 5, 7-д заасан тохиолдолд бүтээлийг хуулбарласан, олшруулсан этгээд нь зохиогчийн зөвшөөрөлгүй, түүнд үнэ хөлс төлөхгүйгээр бүтээлийг нийтэд танилцуулж болно.

15 дугаар зүйл.Бусдын бүтээлийг амины хэрэгцээнд зориулан хуулбарлах

1.Нийтийн хүртээл болсон бусдын бүтээлийг зохиогчийн зөвшөөрөлгүй, түүнд үнэ хөлс төлөхгүйгээр зөвхөн амины хэрэгцээнд зориулан хуулбарлаж болно.

2.Бүтээлийн хэвийн ашиглалтыг зөрчихгүйгээр, түүнчлэн зохиогчийн эрх, эзэмшигчийн хууль ёсны эрхийг хөндөхгүйгээр түүнийг хуулбарлаж болно.

/Энэ хэсгийг 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

16 дугаар зүйл.Бүтээлийг нийтийн тусад нийцүүлэн хуулбарлах, олшруулах

Нийтийн хүртээл болсон бүтээлийг нийтийн тусад нийцүүлэн зохиогчийн нь зөвшөөрөлгүй, түүнд үнэ хөлс төлөхгүйгээр дараахь тохиолдолд зохиогчийн нэр болон бүтээлийн эх сурвалжийг дурдан хэсэгчлэн хуулбарлах буюу олшруулж болно:

1/архив, музей, номын санд тавигдсан бүтээлийг орлого олох зорилгогүйгээр ашиглах;

2/сургалтад ашиглах;

3/ /Энэ заалтыг 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

4/хараагүй хүмүүст зориулах;

5/судалгаа, шинжилгээ, шүүмжид зориулах;

6/болсон үйл явдлыг нийтэд мэдээлэхтэй холбогдуулан дүрслэх урлагийн болон хавсарга урлагийн бүтээлийг тогтмол хэвлэлд нийтлэх;

7/бүтээлийг гудамж, талбай зэрэг олон нийтийн газар байршуулсан бол. Харин түүнийг орлого олох зорилгоор ашиглавал зохиогчийн зөвшөөрлийг урьдчилан авч, түүнд төлөх үнэ хөлсний хэмжээг тохиролцсон байвал зохино;

8/худалдахаар буюу нийтэд үзүүлэхээр бэлтгэсэн бүтээлийг сурталчлах, зарлах;

9/хэвлэлд нийтлэгдсэн бүтээлийн талаар хэвлэлийн тойм бэлтгэх.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ - ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ХУГАЦАА, ЭРХ ӨВЛӨХ

edit

17 дугаар зүйл.Зохиогчийн эрхийн хугацаа

1.Тодорхой бүтээлийн зохиогчийн эрхийн хугацааг уг бүтээлийг туурвисан өдрөөс эхлэн тооцно.

2.Зохиогчийн бүтээлээ ашиглах онцгой эрх нь зохиогчийн насан туршид болон нас барснаас нь хойш 50 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.

3.Зохиогч нь бүтээлээ зохиомол /нууц/ нэрээр буюу нэргүйгээр нийтийн хүртээл болгосон тохиолдолд ийнхүү бүтээл анх нийтийн хүртээл болсны дараа жилийн нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 75 жилийн хугацаанд уг зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрх хүчин төгөлдөр байна. Зохиомол /нууц/ нэрээр бүтээлээ нийтэлсэн зохиогчийн жинхэнэ нэр, эсхүл нэргүйгээр нийтлэгдсэн бүтээлийн зохиогч хэн болох нь нийтэд тодорхой болсон бол зохиогчийн бүтээлээ ашиглах онцгой эрхийн хугацааг энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмын дагуу тооцно.

4.Хуулийн этгээдийн зохиогчийн эрх нь тухайн бүтээлийг туурвисны дараа жилийн нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 75 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.

5.Зохиогчийн эд хөрөнгийн бус амины эрх хугацаагаар хязгаарлагдахгүй.

6.Гэрэл зургийн болон хавсарга урлагийн бүтээлийн хамгаалалтын хугацаа бүтээл туурвисан өдрөөс хойш 25 жил байна.

/Энэ хэсгийг 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн./

18 дугаар зүйл.Бүтээлийг улсын өв хөрөнгө болгон зарлах

Зохиогчийн эрхийн хугацаа дууссан бүтээлийг Засгийн газрын шийдвэрээр улсын өв хөрөнгө болгон зарлаж болно.

19 дүгээр зүйл.Зохиогчийн эрхийг өвлөх

1.Зохиогчийн бүтээлээ ашиглах онцгой эрхийг монгол Улсын Иргэний хуульд заасан журмын дагуу өвлөнө. Зохиогчийн эд хөрөнгийн бус амины эрх өвлөгдөхгүй боловч өв болон эрх залгамжлагч уг эрхийг хамгаалах үүрэгтэй бөгөөд энэ эрх нь төрийн хамгаалалтад байна.

2.Хамтын бүтээл зохиогчдын бүтээлээ ашиглах онцгой эрхийн өв залгамжлал сүүлчийн зохиогч нас барсан өдрөөс эхлэн үүснэ. Харин уг бүтээлийг ашигласны үнэ, хөлсийг нас барсан зохиогчийн өв залгамжлагч болон үлдсэн зохиогч гэрээний дагуу хуваан авна.

ТАВДУГААР БҮЛЭГ - УРАН БҮТЭЭЛЧ, ДУУ АВИА, ДҮРС БИЧЛЭГ ҮЙЛДВЭРЛЭГЧ,РАДИО, ТЕЛЕВИЗИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗОХИОГЧИЙН ЭРХТЭЙ ХОЛБОГДОХ ЭРХ

edit

/Энэ бүлгийн нэрийг 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан. /

20 дугаар зүйл.Үүсмэл бүтээл туурвигчийн зохиогчийн эрхтэй холбогдох эрх

1.Энэ хуулийн уран бүтээлчид холбогдох заалт нь дараахь хүмүүст хамаарна:

1/Монгол Улсын иргэн-уран бүтээлч: дуучин, жүжигчин, циркчин, удирдаач, бүжигчин, уран уншигч, хөгжимчин;

2/тоглолт нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр болж байгаа, энэ хуулиар хамгаалагдсан дуу авианы бичлэгт бичигдсэн, дуу авианы бичлэгт бичигдээгүй боловч энэ хуулиар хамгаалагдсан радио, телевизийн нэвтрүүлэгт орсон гадаадын иргэн буюу харьяалалгүй хүн.

/Энэ хэсгийг 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан уран бүтээлч бүтээлийнхээ хувьд дараахь эрх эдэлнэ:

1/нэр хэрэглэх буюу нэрээ дурдуулах;

2/бүтээл нь халдашгүй байх;

3/бүтээлээ гэрээний үндсэн дээр аливаа арга хэлбэрээр бусдад ашиглуулах, түүний төлөө үнэ хөлс авах;

4/эх бүтээлийн зохиогчтой байгуулсан гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан бусад эрх;

5/өөрийн бүтээл /тоглолт/-ийг бичлэгт буулгах, уг бичлэгийг бусад этгээд олшруулахад зөвшөөрөл олгох;

6/өөрийн бүтээл /тоглолт/-ийг нийтэд танилцуулах зорилгоор нэвтрүүлэх зөвшөөрөл олгох.

/Энэ хэсгийг 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.Албан үүргээ гүйцэтгэх буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх журмаар туурвисан хамтын үүсмэл бүтээлийн туурвигчийн эрхийг гэрээнд өөрөөр заагаагүй бол уг бүтээлийг санхүүжүүлэгч / продюсор/ этгээд эдэлнэ.

21 дүгээр зүйл.Дуу авиа, дүрс бичлэг үйлдвэрлэгчийн зохиогчийн эрхтэй холбогдох эрх

1.Дуу авиа, дүрс билэг үйлдвэрлэгч зохиогчийн эрхтэй холбогдох дараахь эрх эдэлнэ:

1/дуу авиа, дүрс бичлэгээ хуулбарлах;

2/дуу авиа, дүрс бичлэгээ өөрчлөн найруулах;

3/дуу авиа, дүрс бичлэгээ олшруулан нийтийн хүртээл болгох;

4/дуу авиа, дүрс бичлэгээ гэрээний үндсэн дээр бусдад ашиглуулах, түүний төлөө үнэ хөлс авах;

5/эх бүтээлийн зохиогчтой байгуулсан гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан бусад эрх.

2.Дуу авиа, дүрс бичлэг үйлдвэрлэгчийн зөвшөөрөлгүйгээр, түүнд үнэ хөлс төлөхгүйгээр нийтийн хүртээл болсон дуу авиа, дүрс бичлэгийг орлого олох зорилгогүйгээр ашиглах болно.

3.Дуу авиа, дүрс бичлэгийн олшруулсан хувийг хөлсөөр эдлүүлэх газраар дамжуулан нийтийн хүртээл болгох эрхийг зөвхөн уг дуу авиа, дүрс бичлэг үйлдвэрлэгч эдэлнэ.

4.Уран бүтээлч, дуу авиа, дүрс бичлэг үйлдвэрлэгчийн зохиогчийн эрхийг хамгаалах хугацаа нь бичлэг хийгдсэн өдрөөс, эсхүл тоглолт болсон өдрөөс хойш 50 жил байна.

/Энэ хэсгийг 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

5.Энэ зүйлд заасан дуу авиа, дүрс бичлэгийн хамгаалалтад дор дурдсан зүйл хамаарна:

1/Монгол Улсын иргэний үйлдвэрлэсэн дуу авиа, дүрс бичлэг;

2/Монгол Улсад анх үйлдвэрлэгдсэн дуу авиа, дүрс бичлэг;

3/Монгол Улсад анх нийтийн хүртээл болгосон дуу авиа, дүрс бичлэг.

/Энэ хэсгийг 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

22 дугаар зүйл.Радио, телевизийн байгууллагын зохиогчийн эрхтэй холбогдох эрх

1.Радио, телевизийн байгууллага зохиогчийн эрхтэй холбогдох дараахь эрх эдэлнэ:

1/өөрийн нэвтрүүлгийг нэгэн зэрэг нэвтрүүлэх эрхийг бусад радио болон телевизийн байгууллагад олгох;

2/телевизийн байгууллага радио, радиогийн байгууллага телевизэд нэвтрүүлэг дамжуулах;

3/нэвтрүүлгийн бичлэгийг хуулбарлах;

4/эх бүтээлийн зохиогчтой байгуулсан гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан бусад эрх.

2.Радио, телевизийн байгууллагын зохиогчийн эрхтэй холбогдох эрхийн хугацаа уг нэвтрүүлгийг анх нэвтрүүлсний дараа жилийн нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 25 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна. Энэ хугацаанд радио, телевизийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр уг нэвтрүүлгийг хуулбарлах, дамжуулан нэвтрүүлэх, бичлэг ашиглан нэвтрүүлэх зэргээр нийтэд танилцуулахыг хориглоно.

3.Энэ зүйлд заасан радио, телевизийн нэвтрүүлгийн хамгаалалтад дор дурдсан зүйл хамаарна:

1/төв байгууллага нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байрладаг радио, телевизийн байгууллагын нэвтрүүлэг;

2/Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байрладаг дамжуулагчаас дамжуулсан радио, телевизийн нэвтрүүлэг.

/Энэ хэсгийг 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн./

23 дугаар зүйл.Дуу авиа, дүрс бичлэг үйлдвэрлэгч, үүсмэл бүтээл туурвигч болон радио, телевизийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр бүтээлийг ашиглах

Үүсмэл бүтээл болон дуу авиа, дүрс бичлэг, радио, телевизийн нэвтрүүлгийг нийтийн тусад нийцүүлэн холбогдох этгээдийн нь зөвшөөрөлгүйгээр, түүнд үнэ хөлс төлөхгүйгээр дараахь тохиолдолд хэсэгчлэн танилцуулж болно:

1/радио, телевизийн нэвтрүүлгээр үүсмэл бүтээл болон дуу авиа, дүрс бичлэг нэвтрүүлэх;

2/сургалт болон эрдэм шинжилгээний ажилд ашиглах;

3/мэдээлэх зорилгоор иш татан хэрэглэх.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ - БУСАД ЗҮЙЛ

edit

24 дүгээр зүйл.Зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

1.Зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол улсын байцаагч иргэнийг 5000 хүртэл төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000 хүртэл төгрөгөөр торгох, шүүгч иргэнийг 50000 хүртэл төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 250000 хүртэл төгрөгөөр торгох, эсхүл гэм буруутай иргэн, албан тушаалтныг 7-14 хүртэл хоногоор баривчлах шийтгэл ногдуулж, зохиогчийн эрх зөрчсөн бүтээлийг хураана.

/Энэ хэсгийг 1995 оны 4 дүгээр сарын 17, 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиудаар өөрчлөн найруулсан./

2.Бүтээлд хэрэглэх таних тэмдгийг хуурамчаар үйлдэж хэрэглэсэн, уг таних тэмдгийн хамт бичигдсэн зүйлийг өөрчилсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч зөрчил гаргасан иргэнийг 50000 хүртэл, аж ахуйн нэгж, байгууллагыг 250000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

/Энэ хэсгийг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.Бүтээл ашиглах онцгой эрхийг зөрчсөнөөс учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг Монгол Улсын иргэний хуулийн дагуу шийдвэрлэнэ.

4.Иргэдээс нийтийн хүртээл болсон бүтээлийг зохиогчийн нь зөвшөөрөлгүй, үнэ хөлс төлөхгүйгээр өрх гэрийнхээ хүрээнд ашиглах явдлыг зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомж зөрчсөн гэж үзэхгүй.

25 дугаар зүйл.Зохиогчийн эд хөрөнгийн бус амины эрхийг хамгаалах

Бүтээлийн халдашгүй байдал болон зохиогчийн эд хөрөнгийн бус амины бусад эрхийг зөрчсөн тохиолдолд зохиогч нь, харин зохиогч нас барсан бол түүний өв болон эрх залгамжлагч, харин хууль ёсоор буюу гэрээслэлээр өв залгамжлагч байхгүй, эдгээр өвлөгчид өв залгамжлахаас татгалзсан буюу тэдгээрийн өв залгамжлах эрх хасагдсан бол зохиогчийн эрхийн байгууллага нь зөрчигдсөн эрхийг зохих журмаар сэргээн тогтоохыг уг эрхийг зөрчсөн этгээдээс шаардах, улмаар шүүхэд гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.

26 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

1.Энэ хууль 199З оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

2.Энэ хуулийг буцааж хэрэглэхгүй.

ИХ ХУРЛЫН ДАРГА Н. БАГАБАНДИ
НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н. РИНЧИНДОРЖ


  This work is in the public domain in Mongolia and other jurisdictions.

According to the Law of Mongolia on Copyright from September 1st, 1993 as amended on February 1st, 1997, May 21st, 1999 and Jan 19, 2006, works first published in Mongolia are exempt from copyright if they fall under one of the following categories:

  • legislation and other legal documents
  • administrative decisions and official documents of legal entities and organizations
  • court decisions, resolutions, judge's decrees, and other documents and speeches delivered during court hearings
  • translations of any of the above
  • coat of arms, banners, flags, awards, orders, and medals
  • any news for the purpose of reporting currents events and results
  • works of folklore and national traditions
  • ideas, methods, procedures, scientific discoveries, and mathematical concepts

This work falls into one or more of the above categories and is in the public domain.