Монгол Улсын Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль
2009 оны 2 дугаар сарын 13-ны өдөр
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Улаанбаатар хот
МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ - НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
edit1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь мэргэжлийн боловсрол, сургалтын агуулга, зорилго, бүтэц, түүний удирдлага, зохион байгуулалтыг тодорхойлж, иргэнд мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх, мэргэжлийн ур чадвар олгох, дээшлүүлэх сургалтыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, ажил олгогчийн захиалгад нийцүүлэн зохион байгуулах, энэ үйл ажиллагаанд оролцогчийн эрх, үүрэгтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль тогтоомж
2.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Yндсэн хууль, Боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хууль нь өмчийн аль ч хэлбэрт түшиглэн мэргэжлийн боловсрол, сургалтыг зохион байгуулах хуулийн этгээдэд хамаарна.
4 дүгээр зүйл.Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1."мэргэжил" гэж тодорхой ажил, хөдөлмөр эрхлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, дадлын цогцыг;
4.1.2."мэргэжлийн боловсрол" гэж тодорхой мэргэжлийн үйл ажиллагааг гүйцэтгэх хэрэгцээнд нийцүүлж зохион байгуулалттай сургалтаар эзэмшүүлсэн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, хөдөлмөрийн болон харилцааны соёлын төлөвшлийг;
4.1.3."техникийн боловсрол" гэж техник, технологийн үйл ажиллагааг гүйцэтгэх, удирдах хэрэгцээнд нийцүүлж зохион байгуулалттай сургалтаар эзэмшүүлсэн үйлдвэрлэл, техник, технологийн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, хөдөлмөрийн болон харилцааны соёлын төлөвшлийг;
4.1.4."мэргэжлийн сургалт" гэж тодорхой ажил, хөдөлмөр эрхлэхэд шаардагдах мэргэжлийн ур чадвар олгох, дээшлүүлэх, давтан сургах, дадлагажуулах, хөдөлмөрийн болон харилцааны соёл төлөвшүүлэх, аж ахуй эрхлэх мэдлэг олгох үйл ажиллагааг;
4.1.5."мэргэшил" гэж тодорхой мэргэжлийн хүрээнд ажил гүйцэтгэхэд шаардагдах мэргэжлийн мэдлэг, чадвар, дадлын түвшинг;
4.1.6."мэргэжлийн суурь чадвар" гэж нийгмийн харилцаанд оролцоход шаардагдах мэдлэг, чадвар, төлөвшлийг;
4.1.7."мэргэжлийн үндсэн чадвар" гэж аливаа ажил үүрэг бие даан гүйцэтгэх, ажиллах, өөрчлөлтөд зохицон өсөж хөгжих чадварыг;
4.1.8."модуль" гэж тодорхой ажил, мэргэжлийн чадамж эзэмшүүлэхэд чиглэсэн харилцан уялдаа бүхий сургалтын нэгж ажилбарыг.
4.1.9."мэргэшлийн түвшин" гэж ажилтны эзэмших мэдлэг, чадвар, гүйцэтгэх ажил, үүргийн төлөвшил, хариуцлага, хандлагын хүрээг стандартаар тодорхойлсон мэргэшлийн шатлалыг.
/Энэ заалтыг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/
4.1.10."чадамж" гэж хөдөлмөрийн орчинд ажил олгогчийн зүгээс тавих мэргэжлийн шаардлагыг биелүүлэх түвшинд суралцагчийн эзэмшсэн байвал зохих мэдлэг, чадвар, дадал, хөдөлмөрийн соёлын төлөвшлийг;
/Энэ заалтыг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмсэн/
4.1.11.“чадамжийн сан” гэж ажил мэргэжлийн ангилал, тодорхойлолт, ажил мэргэжлийн стандартад нийцүүлэн бүрдүүлсэн тухайн мэргэжилд хамаарах ажилбарын жагсаалт, сургалтын хөтөлбөрийн агуулгыг багтаасан нэгдсэн мэдээллийг.
/Энэ заалтад 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтыг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмсэн/
4.2.Мэргэжлийн болон техникийн боловсрол олгох сургалт, түүнчлэн энэ хуулийн 4.1.4-т заасан үйл ажиллагааг хамтад нь мэргэжлийн боловсрол, сургалт гэж ойлгоно.
5 дугаар зүйл.Мэргэжлийн боловсрол, сургалтын зорилго
5.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын зорилго нь иргэний авьяас, сонирхол, хөдөлмөр эрхлэх хэрэгцээнд тулгуурлан боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг, хандлагад нийцүүлэн мэргэжлийн ур чадвар, боловсрол эзэмшүүлэх, мэргэшлийг дээшлүүлэх, хөдөлмөрийн болон харилцааны соёл төлөвшүүлэхэд оршино.
ХОЁРДУГААР БҮЛЭГ - Мэргэжлийн боловсрол, сургалтын удирдлага, зохион байгуулалт
edit/Энэ бүлгийн гарчигт 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хуулиар нэмэлт оруулсан/
6 дугаар зүйл.Мэргэжлийн боловсрол, сургалтын Yндэсний зөвлөл
6.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын Yндэсний зөвлөл (цаашид "Зөвлөл" гэх) нь мэргэжлийн боловсрол, сургалтын талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн тэнцүү оролцоог хангаж, тогтвортой ажиллах баталгааг бүрдүүлсэн орон тооны бус байгууллага мөн.
6.2.Энэ хуулийн 6.1-д заасан Зөвлөл мэргэжлийн боловсрол, сургалтын дээд удирдлагыг хэрэгжүүлнэ.
6.3.Зөвлөл нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.3.1.мэргэжлийн боловсрол, сургалтыг хөгжүүлэх урт, дунд болон богино хугацааны бодлого, төлөвлөгөөг хэлэлцэж, дүгнэлт, зөвлөмж гаргах;
/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.3.2.ажиллах хүчний талаар баримтлах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, ажил олгогчид, яамдын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;
/Энэ заалтыг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
6.3.3.мэргэжлийн боловсрол, сургалттай холбогдолтой хууль тогтоомжийн хэрэгжилт, мэргэшлийн түвшний үндэсний тогтолцоог хөгжүүлэх талаар мэдээлэл, илтгэл хэлэлцэх, тогтоол, зөвлөмж гаргах, чиглэл өгөх;
/Энэ заалтыг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ заалтад 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
6.3.4.ажил мэргэжлийн үндэсний ангилал, тодорхойлолт, мэргэжлийн стандарт, мэргэжлийн боловсрол, сургалтын агуулгыг хэлэлцэж дүгнэлт гаргах;
/Энэ заалтад 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6.3.5.мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих;
6.3.6.мэргэжлийн боловсрол, сургалттай холбогдолтой олон улсын гэрээ, конвенцид Монгол Улс нэгдэн орох асуудлыг судалж, санал гаргах;
6.3.7.гаргасан шийдвэр, зөвлөмжийнхээ хэрэгжилтэд хяналт тавих.
6.3.8.ажил олгогч болон салбар зөвлөлийн хамтарсан дүгнэлтийг үндэслэн мэргэшлийн түвшний хүрээ, ажил мэргэжлийн лавлах батлах.
/Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
/Энэ заалтыг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмсэн/
6.4.Зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар батална.
/Энэ хэсэгт 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
6.5.Зөвлөлийн бүрэлдэхүүн дэх хувийн хэвшлийн төлөөллийг ажил олгогчид болон Худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулсан төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын нэгдсэн хурлаас сонгоно.
6.6.Зөвлөлийн дүрмийг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсэгт 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
6.7.Зөвлөл ажлаа Засгийн газарт тайлагнана.
/Энэ хэсэгт 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
6-1 дүгээр зүйл.Мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоо
/Энэ зүйлийн гарчигт 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6-1.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоо нь зөвлөл, мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, үнэлгээ, мэдээллийн болон бүсийн арга зүйн төв, сургалтын байгууллагаас бүрдэнэ.
/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ зүйлийг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/
7 дугаар зүйл.Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
7.1.Боловсролын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн, түүнчлэн бусад төрийн захиргааны төв байгууллага хуулиар тогтоосон эрхлэх асуудлын чиглэлээр энэ хуулийн 6.1-д заасан Зөвлөлийг бодлогоор дэмжиж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана.
8 дугаар зүйл.Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүний бүрэн эрх
/Энэ зүйлийн гарчигт 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хуулиар нэмэлт оруулсан/
8.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын талаарх төрийн бодлого, Засгийн газрын болон энэ хуулийн 6.1-д заасан Зөвлөлийн шийдвэрийг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.
/Энэ хэсгийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
8.2./Энэ хэсгийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
8.3.Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 6.1-д заасан Зөвлөлийн ажлын албаны үүргийг гүйцэтгэнэ.
/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
8.4.Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
8.4.1.мэргэжлийн болон техникийн боловсролыг хөгжүүлэх чиглэлээр ойрын болон хэтийн төлөвлөгөө, дүрэм, журам, заавар, үзэл баримтлал, үндсэн чиглэл, хөтөлбөр, төслийг боловсруулах, хэрэгжүүлэх;
/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтыг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
8.4.2.Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах;
8.4.3.мэргэжлийн болон техникийн боловсролын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн төлөвлөх;
8.4.4.төрийн өмчийн болон төрийн өмчийн бус мэргэжлийн боловсрол, сургалтын үйл ажиллагаа эрхлэх, өөрчлөх, үйл ажиллагааг нь зогсоох, татан буулгах талаар дүгнэлт гаргах;
/Энэ заалтад 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
8.4.5.хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг судлах, сурталчлах, энэ чиглэлээр холбогдох төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах;
8.4.6.мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын хүний нөөц, суралцагчдын нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтэд зохицуулалт хийх;
8.4.7.сургалт-үйлдвэрлэл, үйлдвэрлэл-сургалтын явцад шинэ технологи, шинжлэх ухаан, техникийн ололт, дэвшлийг нэвтрүүлэх арга хэмжээ авах;
8.4.8.мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын үйл ажиллагааг захиргааны болон мэргэжлийн удирдлагаар хангах, дүн шинжилгээ хийх, ангиллыг тогтоох;
8.4.9.мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг аттестатчилах, багшид мэргэшлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулах;
/Энэ заалтад 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
8.4.10.мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын агуулгыг тогтоох, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг батлах, дадлагын сургалтын үйл ажиллагааг зохицуулах баримт бичгийг батлах;
/Энэ заалтад 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
8.4.11.мэргэжлийн ур чадварыг үнэлэх, шалгах, баталгаажуулах хөндлөнгийн шалгалт зохион байгуулах;
8.4.12.мэргэжлийн боловсрол, сургалтын талаархи статистик болон бусад мэдээллийн нэгдсэн тогтолцоо, сан бүрдүүлэх, хөтлөх;
8.4.13.төрийн өмчийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх, ажлын байрын тодорхойлолтыг батлах;
/Энэ заалтад 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хуулиар нэмэлт оруулсан/
8.4.14.төрийн өмчийн болон төрийн өмчийн бус мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад хууль тогтоомжид заасан дэмжлэг, туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулах;
8.4.15.мэргэжлийн болон техникийн боловсролын асуудлаар шаардлагатай мэдээ тайлан, тооцоо судалгааг төрийн болон төрийн бус байгууллага, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулан авах;
8.4.16.мэргэжлийн болон техникийн боловсролын асуудлаар олон улсын гэрээ, конвенци, хэлэлцээрээр Монгол Улсын Засгийн газрын хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх, зохицуулах;
8.4.17.мэргэжлийн болон техникийн боловсролын чиглэлээр хийгдэх төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар хариуцуулан гүйцэтгүүлэх талаар судлах, санал боловсруулах;
8.4.18.энэ хуулийн 8.4.17-д заасан чиглэлээр хийгдсэн ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, дүгнэлт гаргах;
8.4.19.мэргэжлийн сургалтын сурах бичиг, хичээлийн хэрэглэгдэхүүнээр хангах ажлыг зохион байгуулах;
8.4.20.мэргэжлийн байгууллага, нийгэмлэг, холбоодын оролцоотойгоор ажил, мэргэжил, ур чадварын стандарт боловсруулах, модулийн сан, тестийн сан бүрдүүлэх, мэргэжлийн болон техникийн боловсролын хөтөлбөрийн шаардлагыг хангасан иргэдэд мэргэшлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулах.
/Энэ заалтад 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
8.4.21.мэргэшлийн түвшний үндэсний тогтолцоог бүрдүүлэх, үйл ажиллагааг нь зохион байгуулах;
/Энэ заалтыг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/
8.4.22.мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээллийн төвийн болон бүсийн арга зүйн төвийн бүтэц, орон тоо, дүрмийг баталж, менежерийг томилох, чөлөөлөх;
/Энэ заалтыг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтад 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
8.4.23.мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг аттестатчилах журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батлах.
/Энэ заалтыг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/
8.5.Мэргэжлийн боловсрол, сургалтын бүсийн арга зүйн төв нь мэргэжлийн боловсрол, сургалтын агуулгын хэрэгжилтийг хангах, чадамжийн сан бүрдүүлэх, багшийг чадваржуулах, хөгжүүлэх, сургалт, судалгаа эрхлэх чиг үүрэгтэй байна.
/Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/
8.6.Энэ хуулийн 8.4.9, 8.4.10, 8.4.11, 8.4.12, 8.4.19, 8.4.20-д заасан бүрэн эрхийг үнэлгээ, мэдээллийн болон бүсийн арга зүйн төв хэрэгжүүлж болно.
/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмсэн/
ГУРАВДУГААР БҮЛЭГ - МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН АГУУЛГА, СТАНДАРТ
edit9 дүгээр зүйл.Мэргэжлийн боловсрол, сургалтын агуулга
9.1.Мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын агуулга нь суралцагчид ажил, мэргэжлийн үндэсний ангиллаар тодорхойлсон мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлж, төлөвшүүлэхэд чиглэнэ.
9.2.Техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын агуулга нь суралцагчид технологийн процессийг удирдах, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлж, төлөвшүүлэхэд чиглэх бөгөөд ерөнхий суурь, мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хэсгээс бүрдэж, улмаар хэсэг тус бүрийн агуулга нь дараахь зорилтыг хэрэгжүүлнэ:
9.2.1.ерөнхий суурь хэсгийн агуулга нь суралцагчид мэргэжил, боловсрол, эзэмшихэд шаардлагатай шинжлэх ухаан, техникийн суурь мэдлэг олгох;
9.2.2.мэргэжлийн суурь хэсгийн агуулга нь суралцагчид үйлдвэрлэл, үйлчилгээ, техник, технологийн чиглэлээр шинэ техник эзэмших, өөрчлөлтөд зохицож хөгжих, тодорхой мэргэжил эзэмшихэд зайлшгүй шаардлагатай техникийн суурь мэдлэг, чадвар олгох;
9.2.3.мэргэшүүлэх хэсгийн агуулга нь суралцагчид мэргэжлийн үйл ажиллагааны чадвар, дадал эзэмшүүлэх, тухайн мэргэжлээр сонгон мэргэшүүлэх.
9.3.Мэргэжлийн боловсрол олгох сургалтыг бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх сургалттай хослуулан зохион байгуулж болох бөгөөд энэ тохиолдолд бүрэн дунд боловсролын агуулга нь Бага, дунд боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан зорилтод нийцсэн байна.
9.4.Мэргэжлийн сургалтын агуулга нь тодорхой түвшний ур чадвар эзэмшүүлэхэд зориулан боловсруулсан модулиас бүрдэнэ.
9.5.Энэ хуулийн 9.2-т заасан боловсрол эзэмшүүлэх сургалтыг багц цагт үндэслэн зохион байгуулна.
10 дугаар зүйл. Мэргэжлийн боловсрол, сургалтын стандарт
10.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын стандарт нь мэргэжлийн мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх, төлөвшүүлэх сургалтын агуулга, түүний үнэлгээ, багшийн мэргэшил, сургалтын орчинд тавих үндсэн шаардлагыг тодорхойлно.
10.2.Мэргэжлийн боловсрол, сургалтын стандартын загварыг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 9.1-д заасны дагуу баталж, улсын бүртгэлд бүртгэнэ.
/Энэ хэсэгт 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
11 дүгээр зүйл.Мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын ажлын зохион байгуулалт
11.1.Мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын ажлын зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь танхимын хичээл, үйлдвэрлэлийн сургалт, дадлагын ажил байна.
11.2.Yйлдвэрлэлийн сургалт, дадлагын ажлыг сургууль дээрх, ажлын байран дахь, төгсөлтийн өмнөх гэсэн үе шаттайгаар зохион байгуулна.
11.3.Мэргэжлийн боловсрол, сургалт нь өдрийн, оройн, хосмог, хөдөлмөр эрхлэлтийн зэрэг хэлбэртэй байж болно.
/Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
11.4.Үйлдвэрлэлийн дадлагын ажил хийлгэх асуудлаар аж ахуйн нэгж, байгууллага, суралцагч, сургууль гурван талт гэрээ байгуулна.
11.5.Тавиас дээш ажилтантай аж ахуйн нэгж суралцагчийн үйлдвэрлэлийн дадлагын ажлыг зохион байгуулж, удирдан чиглүүлэх үүрэг бүхий дадлагажуулагч багш ажиллуулна.
/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмсэн/
12 дугаар зүйл.Мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага
12.1.Мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага нь иргэний сонирхол, авьяас, чадварыг харгалзан хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжил олгох, техникийн боловсрол эзэмшүүлэх, ур чадварыг нь дээшлүүлэх үүрэг бүхий байгууллага мөн.
12.2.Мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага нь чиг үүргээсээ хамааран мэргэжлийн боловсролын, техникийн боловсролын болон мэргэжлийн сургалтын гэсэн ангилалтай байна.
12.3.Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага нь мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв байна.
12.4.Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийг бие даасан, эсхүл сургалтын бусад байгууллагатай хамтран зохион байгуулж болно.
12.5.Техникийн боловсролын сургалтын байгууллагын хэв шинж нь политехник коллеж байна.
12.6.Политехник коллеж нь харьяалалдаа мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагатай байж болно.
12.7.Мэргэжлийн сургалтын байгууллага нь үйлдвэрлэлийн харьяалалтай сургалтын төв, хөдөлмөр эрхлэлтийн сургалтын төв, хөдөлмөр эрхлэлтийн боловсролын төв, тусгай хэрэгцээт боловсролын сургалтын байгууллага зэрэг хэв шинжтэй байж болно.
12.8.Мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага нь тусгай зөвшөөрөл авсан байх бөгөөд сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөлийг хангаж, сургалтыг дагнасан буюу шаталсан хэлбэрээр зохион байгуулна.
12.9.Мэргэжлийн сургалтыг зохих зөвшөөрөл авсан сургалтын байгууллага, аж ахуйн нэгж, иргэн зохион байгуулж болно.
/Энэ хэсэгт 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
12.10.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн төлөөлөлд ажил олгогчийн төлөөлөл байх ба удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үлгэрчилсэн дүрмийг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
12.11.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын удирдлага, удирдах зөвлөлийг байгуулах, ажиллуулахтай холбогдсон харилцааг Боловсролын тухай хуулийн 33, 36 дугаар зүйлээр зохицуулна.
13 дугаар зүйл. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын зохион байгуулалтын бүтэц
13.1.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага нь сургалтын орчны стандартын шаардлага хангасан хичээлийн танхим, лаборатори, дадлагын газар, сургалтын талбай, туршилт-үйлдвэрлэлийн цех, сургалтын аж ахуй, номын сан, соёл-спортын болон мэдээллийн төвтэй байна.
13.2.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага нь бүрэлдэхүүндээ, эсхүл харьяалалдаа мэргэжлийн зөвлөгөө өгөх, үйлдвэрлэл-үйлчилгээ эрхлэх нэгж, бизнес инкубатор, туслах аж ахуйтай байж болно.
13.3.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага өөрийн үйл ажиллагаанаас орлого олох, зарцуулах, тайлагнах журмыг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмсэн/
13.4.Төрийн захиргааны төв болон холбогдох бусад байгууллагын хамтарсан шийдвэрээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагыг мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын сургалт-үйлдвэрлэл, дадлагын түшиц газар болгон ажиллуулж болно.
/Энэ хэсгийн дугаарт 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
14 дүгээр зүйл.Мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагыг үүсгэн байгуулах, тусгай зөвшөөрөл олгох, улсын бүртгэлд бүртгэх
14.1.Төрийн өмчийн мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагыг Засгийн газар байгуулна.
14.2.Төрийн өмчийн бус мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын үйл ажиллагааг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 7.4-т заасны дагуу зохих зөвшөөрөл авсан хуулийн этгээд эрхэлж болно.
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хууль, 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
14.3.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбогдсон харилцааг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1, 5.2, 5.3 дугаар зүйл, 6.1, 6.2 дугаар зүйл, Боловсролын тухай хуулийн 21, 22, 23, 24 дүгээр зүйлд заасны дагуу зохицуулна.
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ хэсэгт 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
14.4.Энэ хуулийн 4.1.4-т заасан мэргэжлийн сургалтыг хуульд заасны дагуу бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд эрхэлж болно.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
14.5.Мэргэжлийн сургалтын байгууллагыг бүртгэх, сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тогтоох журмыг боловсролын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
14.6.Мэргэжлийн сургалтын байгууллагыг улсын бүртгэлд бүртгэх асуудлыг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
15 дугаар зүйл.Суралцагч элсүүлэх
15.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага нь иргэнийг эзэмшсэн боловсрол, ур чадварын түвшин, хэрэгцээ, сонирхолд нь үндэслэн зохих модулийн сургалтад элсүүлнэ.
15.2.Техникийн боловсролын сургалтын байгууллагад бүрэн дунд, түүнээс дээш боловсролтой иргэнийг элсүүлнэ.
15.3.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагч элсүүлэх мэргэжлийн чиглэл, хяналтын тоо, элсэлтийн үлгэрчилсэн журмыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлж Зөвлөлийн шийдвэрийг үндэслэн энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан байгууллага батална.
15.4.Суралцагч элсүүлэхэд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, ажил олгогчийн захиалгыг үндэслэн зохион байгуулах бөгөөд эрэлтийн судалгааг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргана.
/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
15.5.Ажил, мэргэжлийн тодорхой чадамжийг эзэмших, ур чадвараа дээшлүүлэх, давтан суралцах хүсэлтэй иргэн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад нас, боловсролын түвшин харгалзахгүйгээр хөдөлмөр эрхлэх мэргэжлийн болон аж ахуй эрхлэх сургалтад хамрагдана.
16 дугаар зүйл.Мэргэжлийн боловсрол, сургалтын чанарын үнэлгээ
16.1.Суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх, дүгнэх журмыг хөдөлмөрийн болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсэгт 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
16.2.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийн ахиц, өөрчлөлтийг сургалтын явцад болон анги дэвших, сургууль төгсөхөд нь шалган үнэлж, энэ хуулийн 16.3-т заасны дагуу сургалтын стандартын хэрэгжилтийг дүгнэнэ.
16.3.Мэргэжлийн боловсрол, сургалтын стандартын хэрэгжилтийг багшийн үнэлгээ, сургалтын байгууллагын шалгалтын болон мэргэжлийн үнэлгээний байгууллагын дүнгээр тодорхойлно.
16.4.Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага нь төгсөгчид дараахь бичиг баримт олгоно:
16.4.1.мэргэжлийн боловсрол, сургалтын стандарт, хөтөлбөрийг албан болон албан бус сургалтын хэлбэрээр эзэмшиж, үнэлгээнд тэнцсэн иргэнд мэргэжлийн диплом, мэргэжлийн үнэмлэх, чадамжийн гэрчилгээ;
/Энэ заалтыг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ заалтад 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
16.4.2.суурь боловсрол эзэмшсэний дараа 2.5-аас доошгүй жил суралцаж мэргэжлийн болон бүрэн дунд боловсролыг хамтад нь эзэмшсэн иргэнд энэ хуулийн 16.4.1-д заасан бичиг баримтаас гадна бүрэн дунд боловсролын гэрчилгээ;
/Энэ заалтыг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
16.4.3.мэргэжлийн тодорхой түвшний ур чадвар олгох сургалтад хамрагдаж чадамж эзэмшсэн иргэнд чадамжийн гэрчилгээ.
/Энэ заалтыг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
16.5./Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
16.6./Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
16.7.Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай гэрээ байгуулсан төрийн бус байгууллага тодорхой мэргэжлээр ур чадварын шалгалт зохион байгуулж болно.
/Энэ хэсэгт 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсгийг 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
16.8.Энэ хуулийн 16.4-т заасан бичиг баримтын загвар, бичиг баримт бүрдүүлэх, олгох журмыг Зөвлөлийн саналыг үндэслэн хөдөлмөрийн болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
/Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/
16.9.Үнэлгээ, мэдээллийн төв энэ хуулийн 16.1-д заасан журмыг хэрэгжүүлж, хөндлөнгийн шалгалт зохион байгуулах, төгсөгч, мэргэжлийн ур чадвар эзэмшсэн иргэний мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэлт гаргах, ном сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмсэн/
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ- МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХАРИЛЦААНД ОРОЛЦОГЧДЫН ЭРХ, ҮҮРЭГ
edit17 дугаар зүйл.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчийн эрх, үүрэг
17.1.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагч Боловсролын тухай хуулийн 45.1-д зааснаас гадна дараахь эрхтэй:
17.1.1.сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хичээлийн хэрэглэгдэхүүнийг үнэ төлбөргүй ашиглах;
17.1.2.үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагад дадлагын ажил хийхдээ үндсэн болон дагаладангийн орон тоон дээр ажилласан бол хөдөлмөрийн хөлс авах, хөнгөлөлт эдлэх;
17.1.3.мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийг дээд үнэлгээтэй төгсөгч нь шаталсан сургалттай техникийн боловсролын сургалтын байгууллагын дараагийн шатны сургалтад үргэлжлүүлэн суралцах;
17.1.4.Засгийн газраас тогтоосон журмын дагуу Боловсролын тухай хуулийн 43.2-т заасан нийгмийн баталгаагаар хангагдах.
17.2.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагч Боловсролын тухай хуулийн 45.2-т зааснаас гадна үйлдвэрлэлийн дадлагын ажлын үед аж ахуйн нэгж, байгууллагын дотоод журам, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, энэ хуулийн 11.4-т заасан гэрээний заалтыг сахин биелүүлэх үүрэгтэй.
17.3.Энэ хуулийн 17.1.2-т заасныг зөрчсөн албан тушаалтныг 50000-60000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-200000 төгрөгөөр торгох шийтгэлийг боловсролын хяналтын улсын байцаагч ногдуулна.
18 дугаар зүйл.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш
18.1.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нь бакалавр, түүнээс дээш зэрэгтэй, эсхүл үйлдвэрлэлийн ажлын зохих дадлагатай, мэргэшлийн өндөр зэрэгтэй, багшлах эрхтэй байна.
/Энэ хэсэгт 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
18.2.Мэргэжлийн сургалтыг хөтлөн удирдах багш нь үйлдвэрлэл, технологийн туршлагатай, мэргэшлийн өндөр зэрэгтэй, багшлах эрхтэй байна.
/Энэ хэсэгт 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
18.3.Багшийн мэргэжил эзэмшээгүй орон тооны багш нь сургалтын заах арга зүй эзэмшиж, багшлах эрхийн үнэмлэх авсан байна.
18.4.Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын онолын болон дадлагын багшийн сургалтын цагийн ачаалал, цалин хөлс, амралтын хоног нь адил тэгш байна.
18.5.Энэ хуулийн 18.4-т заасан багшийн цалин, нэмэгдэл хөлс олгох журмыг санхүүгийн болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран, харин ажлын байрны тодорхойлолт, сургалтын цагийн ачааллыг тогтоох, тооцох журам, аргачлал, зөвлөмжийг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тус тус батална.
/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсэгт 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
18.6.Энэ хуулийн 18.4-т заасан багшид заах аргач багш, тэргүүлэх багш, зөвлөх багш гэсэн зэрэг олгоно.
18.7.Багшлах эрх, энэ хуулийн 18.6-д заасан зэрэг олгох, хасах журмыг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
19 дүгээр зүйл. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшийн эрх, үүрэг, нийгмийн баталгаа
19.1.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нь Боловсролын тухай хуулийн 44.1-д зааснаас гадна дараахь эрхтэй:
19.1.1.үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагад мэргэжлийн дагуу гэрээгээр ажиллах, мэргэшил дээшлүүлэх, зөвлөгөө өгөх;
19.1.2.шинэ техник, технологи судлах, дадлага хийх;
19.1.3.бүтээлийн чөлөө авах.
19.2.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нь Боловсролын тухай хуулийн 44.2-т зааснаас гадна дараахь үүрэгтэй:
19.2.1.сургалтын явцад эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны шаардлагыг ханган ажиллах;
19.2.2.аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжлийн туслалцаа үзүүлэх;
19.2.3.шинэ техник, технологи, стандарт, норматив, хөдөлмөр зохион байгуулалтын дэвшилтэт арга барил судлах, сургалтандаа эдгээрийг хэрэглэх.
19.3.Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, түүнтэй адилтгах мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын багш нь Боловсролын тухай хуулийн 43.1-д заасан баталгаагаар хангагдахаас гадна түүнд 5 жил тутамд нэг удаа 10 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа сургалтын байгууллагаас олгоно.
20 дугаар зүйл.Нийгмийн түншлэл
20.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудлаар хамтран ажиллах нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллага, ажил олгогч, ажилтан, үйлдвэрчний эвлэл, мэргэжлийн холбоо, аж ахуйн нэгж, байгууллага, суралцагч, эцэг, эх зэрэг сонирхогч этгээд нийгмийн түншлэлийг бүрдүүлж, зөвлөлийн хэлбэрээр ажиллаж болох бөгөөд дараахь түвшинд ажиллана:
20.1.1.салбарын түвшний нийгмийн түншлэлийг салбарын яам, агентлаг, мэргэжлийн холбоод, ажил олгогч, эцэг, эхийн төлөөлөл бүрдүүлэх;
20.1.2.орон нутгийн нийгмийн түншлэлийг нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллага, ажил олгогч, мэргэжлийн холбоод, эцэг, эх бүрдүүлэх;
20.1.3.сургалтын байгууллагын нийгмийн түншлэлийг аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогч, эцэг, эх, суралцагч бүрдүүлэх.
/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
20.2.Нийгмийн түншлэл нь дараахь чиглэлээр хамтран ажиллана:
20.2.1.мэргэжлийн боловсрол, сургалтын талаархи төрийн бодлого боловсруулахад оролцох;
20.2.2.мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын сургалтын орчин, нөхцөлийг сайжруулах;
20.2.3.мэргэжлийн хяналт шинжилгээний тогтолцоог бүрдүүлэх, сургалтын агуулга, стандарт боловсруулахад оролцох;
20.2.4.үйлдвэрлэлийн сургалт, дадлагыг хамтран зохион байгуулах;
20.2.5.багш нарын мэргэшил дээшлүүлэх;
20.2.6.мэргэжлийн шалгалт хамтран авах;
20.2.7.суралцагчийн сурлагын амжилт, мэргэжлийн ур чадварыг ажил олгогчдод мэдээлэх, дадлагажуулах, төгсөгчийн сонирхолд тулгуурлан ажлын байранд зуучлах, аж ахуй эрхлэх санаачилгыг дэмжих замаар ажлын байраар хангах;
/Энэ заалтыг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
20.2.8.багш, инженер-техникийн ажилтны солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх;
20.2.9.үйлдвэрлэлийн техник, технологийг шинэчлэх, судалгаа, туршилт хамтран явуулах;
20.2.10.хуулиар хориглоогүй бусад үйл ажиллагаа.
20.3. Салбар, үйлдвэрийн онцлогоос хамааран аж ахуйн нэгж, байгууллага нь мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих санд цалингийн сангаасаа энэ хуулийн 6.1-д заасан Зөвлөлөөс тогтоосон тодорхой хувь хэмжээгээр санхүүгийн дэмжлэг үзүүлж болно.
ТАВДУГААР БҮЛЭГ - БУСАД ЗҮЙЛ
edit21 дүгээр зүйл.Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын санхүүжилт
21.1.Мэргэжлийн боловсрол, сургалтад зарцуулах хөрөнгийг Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангаас санхүүжүүлэх бөгөөд уг сангийн санхүүгийн удирдлагыг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.
/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
21.2.Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих журмыг Засгийн газар батална.
22 дугаар зүйл.Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн орлогын эх үүсвэр
22.1.Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан нь дор дурдсан эх үүсвэрээс бүрдэнэ:
22.1.1.улсын төсвөөс хуваарилсан хөрөнгө;
22.1.2.орон нутгийн төсвөөс хуваарилсан хөрөнгө;
22.1.3.гадаад улс, олон улсын байгууллагаас мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих зорилгоор олгосон зээлийн хөрөнгө, буцалтгүй тусламж;
22.1.4.гадаад улс, олон улсын байгууллага, Монгол Улсын болон гадаад улсын аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус байгууллага, иргэдээс өгсөн хандив, тусламж;
22.1.5.аж ахуйн нэгж, байгууллагаас энэ хуулийн 20.3-т заасны дагуу төвлөрүүлсэн хөрөнгө;
22.1.6.бусад эх үүсвэр.
23 дугаар зүйл.Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн зарцуулалт
23.1.Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн хөрөнгийг дараахь байдлаар хуваарилан зарцуулна:
23.1.1.төрийн өмчийн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын тогтмол зардал, түүнчлэн сурагчийн дотуур байрны нийт зардал;
23.1.2.өмчийн хэлбэр харгалзахгүйгээр мэргэжлийн өөрийн өртгийг үндэслэн тогтоосон нэг сурагчид ногдох хувьсах зардлаар олгосон санхүүжилт, тэтгэлэг;
23.1.3.мэргэжил олгох, давтан сургалт зохион байгуулах зардал;
23.1.4.хувиараа аж ахуй эрхлэгч иргэнийг аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх арга барил, ур чадвар эзэмшүүлэх сургалтад хамруулах зардал;
23.1.5.үйлдвэрлэл дээр мэргэжлийн сургалт зохион байгуулах зардал.
24 дүгээр зүйл.Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн орлого, зарлагын төсөв
24.1.Улсын төсвөөс тухайн жилд Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих санд олгох хөрөнгийн хэмжээг Улсын Их Хурал тухайн жилийн төсөвт тусгаж батална.
24.2.Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих санд орон нутгийн төсвөөс олгох хөрөнгийн хэмжээг аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн жилийн орон нутгийн төсөвт тусгаж батална.
24.3.Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн тухайн жилийн орлого, зарлагын төсвийг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн энэ хуулийн 6.1-д заасан Зөвлөл батална.
/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
25 дугаар зүйл.Сангийн тайлан гаргах
25.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн орлого, зарлагын тайланг дор дурдсан хугацаанд гаргаж, энэ хуулийн 6.1-д заасан Зөвлөл болон хөдөлмөр, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ирүүлнэ:
/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
25.1.1.улирлын нэгдсэн тайланг дараа улирлын хоёр дахь сарын 5-ны дотор;
25.1.2.жилийн эцсийн тайланг дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор.
26 дугаар зүйл.Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих
26.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хууль тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд хяналт тавина.
/Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
27 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
27.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ хэсгийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
28 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
28.1.Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2009 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
This work is in the public domain in Mongolia and other jurisdictions.
According to the Law of Mongolia on Copyright from September 1st, 1993 as amended on February 1st, 1997, May 21st, 1999 and Jan 19, 2006, works first published in Mongolia are exempt from copyright if they fall under one of the following categories:
This work falls into one or more of the above categories and is in the public domain. |