Монгол Улсын Соёлын тухай хууль

Монгол Улсын Соёлын тухай хууль (2021)
322110Монгол Улсын Соёлын тухай хууль2021

2021 оны 07 сарын 02 өдөр

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Улаанбаатар хот

СОЁЛЫН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ - НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

edit

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь төрөөс соёлын талаар баримтлах бодлого, зарчмыг тодорхойлж, соёлын үйл ажиллагаа эрхлэх, түүний удирдлага, зохион байгуулалт, оролцогчдын эрх, үүрэг, эдийн засгийн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Соёлын хууль тогтоомж

2.1.Соёлын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."соёлын үнэт зүйл" гэж түүхэн тодорхой орон зай, цаг үеийн аль нэг хэсгийг төлөөлж чадах, эсхүл хүний оюун санаа, үйлдэхүйн үр дүнд бий болсон соёлын агуулга бүхий биет болон биет бус илэрхийллийг;

3.1.2."соёлын байгууллага" гэж энэ хуульд заасан журмын дагуу соёлын үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийг;

3.1.3."соёлын ажилтан" гэж соёлын үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, хамт олон, бүлэг хүнийг;

3.1.4."соёлын бүтээгдэхүүн" гэж соёлын үнэт зүйл, түүнтэй холбоотой үйлчилгээг агуулсан, эдийн засгийн нэмүү өртөг шингэсэн биет болон биет бус зүйлийг;

3.1.5."соёлын үйлчилгээ" гэж арилжааны үнэ цэнээс үл хамааран, хүний соёлын хэрэгцээг хангах зорилгоор үзүүлж байгаа соёлын илэрхийллийг агуулсан үйлчилгээг;

3.1.6."соёлын бүтээлч үйлдвэрлэл" гэж хүний бүтээлч сэтгэлгээ, авьяас билэг, ур чадварын үр дүнд техник технологи, инновац, оюуны өмчид суурилсан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох үйл явцыг;

3.1.7."уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлэг" гэж уран сайхны кино, теле жүжиг, телевизийн олон ангит кино, хөгжөөнт хөтөлбөр, тоглолт, баримтат болон хүүхэлдэйн кино, газар зүй, түүх, соёл, зан заншил, хэл зохиол, зан үйл, соёлын өвийг тайлбарлан таниулсан аливаа бүтээл ба сэтгүүл зүйн бусад төрлийн бүтээлийг;

3.1.8."үндэсний нэвтрүүлэг" гэж телевиз, радио, кабелийн сувгаар дамжуулж байгаа тухайн нэвтрүүлгийн зохиолч, ерөнхий найруулагч, продюсерын аль нэг нь Монгол Улсын иргэн байх, эсхүл зураг авалт, дуу бичлэг, сурвалжлах багийн бүрэлдэхүүний гуравны нэгээс доошгүй хувь нь Монгол Улсын иргэн байх бүх төрлийн бүтээлийг.

4 дүгээр зүйл.Төрөөс соёлын талаар баримтлах бодлого

4.1.Төрөөс соёлын талаар дараах бодлого хэрэгжүүлнэ:

4.1.1.соёлын өвийг төрийн онцгой анхаарал, ивээлд байлгах;

4.1.2.эх хэл, бичиг үсэг, үндэсний түүх, соёл, өв уламжлал, зан заншил зэрэг үндэсний үнэт зүйлийг эрхэмлэн хөгжүүлэх, нандигнан өвлүүлэх замаар үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх;

4.1.3.соёлын илэрхийллийн олон төрөлд хүндэтгэлтэй хандах, хамгаалах, дэмжих;

4.1.4.соёлын үнэт зүйлийг судлах, өвлөх, уламжлуулах нөхцөл бүрдүүлэх замаар соёлын дархлаа бүхий монгол хүнийг төлөвшүүлэх;

4.1.5.соёлын үнэт зүйлийг бүтээн туурвих таатай орчныг бий болгох, эдийн засаг, нийгмийн хөгжилд соёлын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, соёлын байгууллагын бие даасан, санхүүгийн тогтвортой байдлыг хангах;

4.1.6.хувь хүний бүтээлч хөгжил, авьяас, ур чадварыг хөгжүүлэхэд соёлын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх, соёлын боловсрол олгох үйл ажиллагааг дэмжих, иргэнийг соён гэгээрүүлэх;

4.1.7.салбар хоорондын хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлэх, төр, хуулийн этгээд, иргэний нэгдмэл үйл ажиллагаагаар хэрэгжүүлэх;

4.1.8.соёлын үйл ажиллагаа, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчийг хөрөнгө оруулалт, зээл, татварын бодлого болон бусад хэлбэрээр дэмжих;

4.1.9.соёлын үнэт зүйлийг олон улсад нээлттэй сурталчлан таниулах.

5 дугаар зүйл.Соёлын бодлого, үйл ажиллагаанд баримтлах үндсэн зарчим

5.1.Соёлын бодлого, үйл ажиллагаанд дараах үндсэн зарчим баримтална:

5.1.1.үндэсний язгуур эрх ашигт нийцсэн байх;

5.1.2.нэгдмэл цогц, харилцан уялдаатай, бүх нийтийн оролцоонд тулгуурласан байх;

5.1.3.төрийн бодлогын залгамж чанарыг хадгалах;

5.1.4.судалгаа, шинжилгээнд үндэслэсэн, дэвшилтэт техник технологи, инновацад тулгуурласан байх;

5.1.5.ил тод, нээлттэй байх;

5.1.6.тэгш, хүртээмжтэй байх;

5.1.7.соёлын үйл ажиллагааны чиглэл, хэлбэрийг хөндлөнгийн оролцоогүй, чөлөөтэй сонгох.

ХОЁРДУГААР БҮЛЭГ - СОЁЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ТҮҮНИЙГ ЭРХЛЭХ

edit

6 дугаар зүйл.Соёлын үйл ажиллагаа

6.1.Соёлын үйл ажиллагаа соёлын үнэт зүйлийг бүтээн туурвих, судлан шинжлэх, хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэхтэй холбоотой бүхий л үйл ажиллагаанаас бүрдэнэ.

6.2.Соёлын үйл ажиллагаа бүх нийтийн оролцоонд тулгуурлана.

7 дугаар зүйл.Соёлын үйл ажиллагаанд оролцох, соёлын үйл ажиллагаа эрхлэх

7.1.Иргэн хуулиар хориглосноос бусад тохиолдолд соёлын үйлчилгээ, арга хэмжээнд чөлөөтэй оролцож, соёлын үйл ажиллагаа эрхэлнэ.

7.2.Соёлын байгууллагыг өмчийн аль ч хэлбэрт үндэслэн үүсгэн байгуулж болно.

7.3.Соёлын байгууллагыг Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон холбогдох бусад хуульд заасны дагуу байгуулна.

7.4.Соёлын байгууллагын үйл ажиллагааны чиглэл, хамрах хүрээг үүсгэн байгуулагч тогтооно.

7.5.Олон улсын байгууллага Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу салбар, төлөөлөгчийн газар байгуулсны үндсэн дээр Монгол Улсын нутаг дэвсгэрт соёлын үйл ажиллагаа эрхэлнэ.

7.6.Соёлын байгууллагыг үйл ажиллагааны чадавх, нөхцөлийг нь харгалзан Үндэсний соёлын байгууллагаар тогтооно. Үндэсний соёлын байгууллагад тооцох шалгуур үзүүлэлт, холбогдох журмыг Засгийн газар батална.

7.7.Үндэсний соёлын байгууллага өөрийн эрхэлж байгаа үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд өмчийн хэлбэр харгалзахгүйгээр соёлын байгууллагад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх мэргэшсэн байгууллага байна.

7.8.Үндэсний соёлын байгууллага Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд заасны дагуу соёлын болон эрдэм шинжилгээний үйл ажиллагаа эрхлэх бөгөөд дэргэдээ судалгааны нэгж, лаборатори ажиллуулж болно.

7.9.Гадаад улсад монголын соёлын төв байгуулах, Монгол Улсад гадаад улсын соёлын төв байгуулах асуудлыг Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд шийдвэрлэнэ.

8 дугаар зүйл.Төрөөс тусгайлан дэмжлэг үзүүлэх соёлын үйл ажиллагааны чиглэл

8.1.Байгаль орчин, уламжлалт ахуйтайгаа харилцан шүтэлцсэн нүүдлийн соёл иргэншлийн онцлогийг хадгалсан орон зай, газар нутгийг тогтоох, хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

8.2.Нүүдлийн соёл иргэншлийн дурсгалт газарт уламжлалт ахуйг хамгаалах тааламжтай нөхцөлийг бүрдүүлж, хуульд зааснаас бусад дэглэмийг тогтоох, уламжлалт ахуй эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх журмыг Засгийн газар батална.

8.3.Монголын ард түмний оюун санааны нэгдмэл байдлыг илэрхийлэх бэлгэ тэмдэг болсон түүхэн суут хүний алдар, дүр төрхийг эрхэмлэн, хүндэтгэлтэй хандаж, хамгаалах бөгөөд холбогдох журмыг Засгийн газар батална.

8.4.Үндэсний өв уламжлал, гэр бүлийн соёл, хүмүүжлийн зан заншлыг эрхэмлэн, удам угсаагаа мэдэх, угийн бичиг хөтлөх арга хэмжээг орон даяар зохион байгуулахад дэмжлэг үзүүлнэ.

8.5.Монголын соёлын давтагдашгүй хэв шинж, уламжлалт мэдлэг, сэтгэлгээний илэрхийлэл болсон соёлын өвийг хамгаалж, баталгаажуулна.

8.6.Хүүхэд, залуучуудын авьяас, ур чадвар, бүтээлч үйл ажиллагааг урамшуулж, соёлын боловсрол олгох арга хэмжээг дэмжинэ.

8.7.Соёлын үнэт зүйлийг устах эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх, сэргээх, хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

9 дүгээр зүйл.Соёлын үйл ажиллагааны чиглэл

9.1.Соёлын үйл ажиллагааг дараах чиглэлээр явуулна:

9.1.1.соёлын өвийг хамгаалахтай холбоотой үйл ажиллагаа;

9.1.2.музейн үйл ажиллагаа;

9.1.3.номын сангийн үйлчилгээтэй холбоотой үйл ажиллагаа;

9.1.4.ном, утга зохиолын бүтээл туурвих, түгээхтэй холбоотой үйл ажиллагаа;

9.1.5.хөгжмийн урлагийн бүтээл туурвих, үйлдвэрлэх, түгээхтэй холбоотой үйл ажиллагаа;

9.1.6.тайзны урлагийн бүтээл туурвих, тоглох, түгээхтэй холбоотой үйл ажиллагаа;

9.1.7.дүрслэх урлаг, уран сайхны гэрэл зураг, гар урлал, хэрэглээний урлагийн бүтээл туурвих, түгээхтэй холбоотой үйл ажиллагаа;

9.1.8.кино урлаг, дуу-дүрсний уран бүтээл туурвих, түгээхтэй холбоотой үйл ажиллагаа;

9.1.9.интернэт орчин, тоон технологид суурилсан соёлын агуулга, харилцаа бүхий цахим уран бүтээл туурвих, түгээхтэй холбоотой үйл ажиллагаа;

9.1.10.дизайн, архитектурын бүтээл туурвихтай холбоотой үйл ажиллагаа;

9.1.11.соёл, урлагийн арга хэмжээ, тоглолт, наадам зохион байгуулахтай холбоотой үйл ажиллагаа;

9.1.12.соёлын боловсрол олгохтой холбоотой үйл ажиллагаа;

9.1.13.соёл судлалын үйл ажиллагаа.

9.2.Соёлын өвийг хамгаалахтай холбогдсон харилцааг Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар нарийвчлан зохицуулна.

9.3.Музейн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг Музейн тухай хуулиар нарийвчлан зохицуулна.

9.4.Номын сангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг Номын сангийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна.

9.5.Кино урлагтай холбогдсон харилцааг Кино урлагийг дэмжих тухай хуулиар нарийвчлан зохицуулна.

10 дугаар зүйл.Соёл судлалын үйл ажиллагаа

10.1.Соёл судлалын үйл ажиллагаа нь соёлын үнэт зүйлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр танин мэдэх, хадгалж хамгаалах, бүтээн туурвих, судалгааны үр дүнг хэрэглээнд нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд чиглэгдэнэ.

10.2.Төрөөс соёл судлалын үйл ажиллагааг дэмжиж хөгжүүлнэ.

10.3.Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, арга хэмжээ нь соёл судлалын үйл ажиллагааны үр дүнд үндэслэнэ.

10.4.Соёлын салбарын хөгжлийн стратеги, төлөвлөлт, бодлогын суурь судалгаа хийх, судалгааны мэдээллээр хангах байгууллагыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд ажиллуулна.

11 дүгээр зүйл.Соёлын боловсрол олгох үйл ажиллагаа

11.1.Соёлын боловсрол хүнийг соён гэгээрүүлэх, авьяас, ур чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, үндэсний соёлын үнэт зүйлийг эрхэмлэн дээдлэх, хүндэтгэх, хамгаалах дадал, чадварыг эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.

11.2.Хүүхэд өөрийн хүсэл, сонирхолд нийцсэн соёлын боловсрол эзэмших эрхтэй ба эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн хүсэл, сонирхолд нийцүүлж соёлын боловсрол олгох үүрэгтэй.

11.3.Соёлын боловсрол олгох үйл ажиллагааг боловсролын албан болон албан бус хэлбэрээр дамжуулж олгох зарчмыг баримтална.

11.4.Соёлын боловсрол олгоход дэмжлэг үзүүлэх арга хэмжээ, төлөвлөгөөг Засгийн газар батлах бөгөөд уг арга хэмжээ, төлөвлөгөөнд дараах асуудлыг тусгана:

11.4.1.иргэний соёлын боловсролыг дээшлүүлэх;

11.4.2.соёлын боловсрол олгох багшийг мэргэшүүлэх;

11.4.3.соёлын ажилтныг мэргэжил эзэмшүүлэх, мэргэшлийг дээшлүүлэх;

11.4.4.соёлын боловсролын судалгаа, шинжилгээ явуулах;

11.4.5.соёлын боловсрол олгох сургалтын хөтөлбөр, агуулгыг тодорхойлох;

11.4.6.соёлын боловсрол олгох сургалтын байгууллагын үйл ажиллагааг дэмжих;

11.4.7.соёлын боловсрол олгох төрийн өмчийн сургалтын байгууллагын барилга байгууламж, түүний ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээ, техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх;

11.4.8.соёлын боловсролыг дэмжих бусад асуудал.

11.5.Боловсролын сургалтын байгууллагад суралцагчийн заавал судлах уран бүтээлийн жагсаалт, түүнийг судлахтай холбогдсон журмыг боловсролын болон соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

11.6.Соёлын байгууллага өөрийн үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд соёлын боловсрол олгох хөтөлбөр, арга хэмжээг боловсруулж, хэрэгжүүлнэ.

11.7.Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг сургалтын хөтөлбөр, агуулгад нь тусгагдсан соёлын боловсрол олгохтой холбоотой сургалтын орчин, техник, тоног төхөөрөмж, хүний нөөц, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах арга хэмжээг төрөөс авна.

12 дугаар зүйл.Соёлын үнэт зүйлийн бүртгэл

12.1.Соёлын үнэт зүйлийн үндэсний бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, эрхлэн хөтлөх, ашиглах чиг үүргийг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хариуцна.

12.2.Соёлын үнэт зүйлийн үндэсний бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, эрхлэн хөтлөх, ашиглах журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

12.3.Соёлын үнэт зүйлийн үндэсний бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан соёлын үйл ажиллагааны чиглэл тус бүрээр төрөлжсөн мэдээллийн сангаас бүрдэх бөгөөд төрөлжсөн мэдээллийн сангийн үйл ажиллагааг холбогдох хууль болон энэ хуулийн 12.2-т заасан журмаар зохицуулна.

12.4.Гадаад улсад байгаа монголын түүх, соёлд холбогдох соёлын үнэт зүйлийг үндэсний бүртгэл, мэдээллийн санд бүртгэж болно.

13 дугаар зүйл.Соёлын үнэт зүйлийн үнэлгээ

13.1.Соёлын үнэт зүйлийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмын дагуу үнэлнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ - ИРГЭН, СОЁЛЫН АЖИЛТНЫ ЭРХ, ҮҮРЭГ, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА, ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦОО

edit

14 дүгээр зүйл.Соёлын талаарх иргэний эрх, үүрэг

14.1.Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн соёлын талаар дараах эрх эдэлнэ:

14.1.1.авьяас, ур чадвар, уламжлалт мэдлэг, итгэл үнэмшилдээ тулгуурлан амьдралын хэв маяг, соёлын үйл ажиллагааны чиглэлийг чөлөөтэй сонгох;

14.1.2.соёлын үнэт зүйлтэй танилцах, хүн төрөлхтний болон үндэсний соёл иргэншлийн ололт, соёлын үйл ажиллагааны үр шимийг хүртэх;

14.1.3.уран бүтээлийн сэдэв, төрөл зүйл, арга барил, дэг сургууль, урсгал чиглэлийг чөлөөтэй сонгож, бүтээл туурвих, ур чадварынхаа нууцыг хамгаалуулах;

14.1.4.соёлын үнэт зүйлийг бүтээн туурвих, соёлын үйл ажиллагаа эрхлэх, тэдгээрийн үр шимийг хүртэх;

14.1.5.Монгол Улсын болон тухайн улсын хууль тогтоомжоор хориглосноос бусад соёлын үйл ажиллагааг гадаад улсад явуулах, түүнд оролцох;

14.1.6.эх хэл, бичиг үсэг, үндэсний түүх, соёл, өв уламжлал, зан заншил, үнэт зүйлийг өвлөн хөгжүүлэх;

14.1.7.соёлын байгууллагын үйл ажиллагаанд оролцох, хамтарч ажиллах;

14.1.8.соёлын үйл ажиллагаа эрхлэх, эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах зорилгоор төрийн бус байгууллага байгуулах, эвлэлдэн нэгдэх.

14.2.Монгол Улсын иргэн соёлын талаар дараах үүрэг хүлээнэ:

14.2.1.эх хэл, бичиг үсэг, үндэсний түүх, соёл, өв уламжлал, зан заншил, үнэт зүйлийг хамгаалах, хойч үедээ өвлүүлэх;

14.2.2.соёлын илэрхийллийн олон төрлийг хүндэтгэх, соёлын үнэт зүйлийг хамгаалах;

14.2.3.гэр бүлийн соёл, хүмүүжлийн уламжлалыг дээдлэн хөгжүүлж, удам угсаагаа мэдэх, угийн бичиг хөтлөх;

14.2.4.соёлын үнэт зүйлийг хууль бус халдлагаас хамгаалах.

14.3.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн энэ хуулийн 14.2.2, 14.2.4-т заасан үүрэг хүлээнэ.

15 дугаар зүйл.Соёлын ажилтны эрх, үүрэг

15.1.Соёлын ажилтан дараах эрх эдэлнэ:

15.1.1.хууль тогтоомжийн хүрээнд соёлын үйл ажиллагаа эрхлэх нөхцөл, бололцоогоор хангуулах;

15.1.2.төрийн болон төрийн бус байгууллага, түүний удирдлага, иргэнд эрхэлж байгаа соёлын үйл ажиллагааны чиглэлийн асуудлаар зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, шаардлага тавих;

15.1.3.соёл, урлагийн наадам, уралдаан, тэмцээнд оролцох;

15.1.4.мэргэжлийн төрийн бус байгууллагад гишүүнээр элсэх;

15.1.5.уран бүтээлээ бодитойгоор үнэлүүлж, тохирсон шагнал, урамшуулал хүртэх, хөнгөлөлт эдлэх;

15.1.6.мэдлэг боловсрол, ур чадвараа бие даан болон байгууллагын дэмжлэгтэйгээр дээшлүүлэх, давтан сургалтад хамрагдах;

15.1.7.уран бүтээл туурвихдаа архив, номын сангийн үйлчилгээг чөлөөтэй авах;

15.1.8.албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай нөхцөлөөр хангуулах, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх;

15.1.9.оюуны өмч, зохиогчийн эрхээ хамгаалах, эрх бүхий байгууллагын дэмжлэг, туслалцаа авах.

15.2.Соёлын ажилтан дараах үүрэг хүлээнэ:

15.2.1.мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх;

15.2.2.эх хэл, бичиг үсэг, үндэсний түүх, соёл, өв уламжлал, зан заншил, үнэт зүйлийг хамгаалах, хойч үедээ өвлүүлэхэд идэвх санаачилгатай ажиллах;

15.2.3.оролцож байгаа соёлын арга хэмжээний журам болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх;

15.2.4.эрхэлж байгаа чиглэлийн хүрээнд соёлын үйлчилгээ хүргэх, иргэнийг соён гэгээрүүлэх, соёлын боловсрол олгох чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулах;

15.2.5.эрдэм шинжилгээний ажил эрхлэх;

15.2.6.соёлын үйлчилгээг мэргэжлийн түвшинд чанартай хүргэх;

15.2.7.соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэхэд аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах.

16 дугаар зүйл.Соёлын үйл ажиллагааг дэмжих талаарх аж ахуйн нэгж, байгууллагын оролцоо

16.1.Соёлын үйл ажиллагааг дэмжих талаар аж ахуйн нэгж, байгууллага дараах хэлбэрээр оролцоотой байна:

16.1.1.соёлын илэрхийллийн олон төрлийг хүндэтгэх, соёлын үнэт зүйлийг хадгалж хамгаалах;

16.1.2.ажиллагсдын урлаг, уран сайхны мэдрэмж, авьяас, ур чадварыг хөгжүүлэх, соёлын боловсрол олгох арга хэмжээг зохион байгуулах, шаардагдах хөрөнгийг жил бүр төсөв, төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлэх;

16.1.3.ажиллагсдын оюуны болон соёлын хэрэгцээг хангах зорилгоор соёлын үйлчилгээ явуулах, соёлын үйл ажиллагаа эрхлэх нэгж байгуулж, ажиллуулах;

16.1.4.соёлын үйл ажиллагаанд тусламж, дэмжлэг үзүүлэх зорилгоор хөрөнгө оруулалт хийх, хандив өгөх;

16.1.5.үйлдвэрлэл, үйлчилгээний соёл, гоо зүй, дизайн бүхий орчныг бүрдүүлж, хөгжүүлэх.

16.2.Аж ахуйн нэгж, байгууллага тухайн орон нутгийн соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг тэргүүн ээлжид худалдан авах зарчмыг баримтална.

17 дугаар зүйл.Соёлын үйл ажиллагааг дэмжих талаарх төрийн бус байгууллагын оролцоо

17.1.Соёлын үйл ажиллагааг дэмжих талаар мэргэжлийн төрийн бус байгууллага дараах үйл ажиллагааг явуулж болно:

17.1.1.соёлын хууль тогтоомжийн биелэлтэд олон нийтийн хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгахыг шаардах, уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

17.1.2.соёлын илэрхийллийн олон төрөл, үндэсний соёлын үнэт зүйлийг хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх арга хэмжээг зохион байгуулах;

17.1.3.соёлын боловсрол олгох ажлыг дангаар болон бусад байгууллагатай хамтран зохион байгуулах.

17.2.Соёлын үнэт зүйлийг ашиглах, хамгаалах онцгой эрхийг хэрэгжүүлэх зорилго бүхий ашгийн төлөө бус хамтын удирдлагын байгууллагын саналыг салбарын хууль тогтоомж боловсруулахад харгалзан үзэж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж болно.

18 дугаар зүйл.Соёлын байгууллагын эрх, үүрэг, удирдлага

18.1.Соёлын байгууллага дараах нийтлэг эрх, үүрэгтэй:

18.1.1.хуулиар хориглосноос бусад үйл ажиллагааны чиглэл, төрлийг чөлөөтэй сонгох, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх;

18.1.2.дотоод, гадаадын төсөл, хөтөлбөрт хамрагдах, бусад байгууллагатай мэргэжлийн чиглэлээр хамтран ажиллах;

18.1.3.соёлын үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд мэргэжлийн ур чадвар, үйлчилгээний стандарт хангасан түвшинд явуулах;

18.1.4.төсөв, төсөл болон хандивын хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах;

18.1.5.соёлын ажилтны ур чадвар, мэргэжлийг дээшлүүлэх, нийгмийн баталгааг нь хангах;

18.1.6.зориулалтын барилга байгууламж, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл нь эрүүл ахуйн болон стандартын шаардлага хангасан, соёлын ажилтны хөдөлмөрийн онцлогт тохирсон, аюулгүй ажиллагааны нөхцөлийг бүрдүүлсэн байх;

18.1.7.соёлын үйл ажиллагааны стандартыг мөрдөн ажиллах;

18.1.8.үйл ажиллагааны чиглэл, статистик мэдээллийг гаргаж, холбогдох байгууллагад хүргүүлэх.

18.2.Аймаг, нийслэлийн соёлын газрын удирдлагыг аймаг, нийслэлийн Засаг даргатай зөвшилцөн соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө.

18.3.Төрийн өмчийн соёлын байгууллагын удирдлагыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн соёлын байгууллагын удирдлагыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн аймаг, нийслэлийн Засаг дарга, сум, дүүргийн соёлын байгууллагын удирдлагыг аймаг, нийслэлийн соёлын газрын удирдлагатай зөвшилцөн сум, дүүргийн Засаг дарга тус тус томилж, чөлөөлнө.

18.4.Энэ хуулийн 18.3-т зааснаас бусад соёлын байгууллагын удирдлагыг үүсгэн байгуулагч нь томилж, чөлөөлнө.

18.5.Төрийн болон орон нутгийн өмчийн соёлын байгууллага нь мэргэжлийн холбоод, иргэний төлөөллийг оролцуулсан олон нийтийн зөвлөлтэй байж болно. Олон нийтийн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ - СОЁЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭРЭГЖҮҮЛЭХ БҮРЭН ЭРХ

edit

19 дүгээр зүйл.Соёлын үйл ажиллагааны удирдлагын тогтолцоо

19.1.Соёлын үйл ажиллагааны удирдлагын тогтолцоо нь Засгийн газар, соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага, соёлын байгууллагын удирдлагаас бүрдэнэ.

20 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрх

20.1.Монгол Улсын Засгийн газар соёлын үйл ажиллагааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

20.1.1.соёлын хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах;

20.1.2.соёлын төлөв байдлын тайланг хоёр жил тутам Улсын Их Хуралд танилцуулах;

20.1.3.соёлын цогцолбор байгуулж хөгжүүлэх, үйл ажиллагааг нь зохион байгуулах;

20.1.4.хүүхдийн соёл, урлагийн цогцолбор байгуулах, хүүхдэд зориулсан уран бүтээлийг дэмжих;

20.1.5.соёлын үйл ажиллагааны чиглэлээр хөтөлбөр, арга хэмжээ, төлөвлөгөөг батлах;

20.1.6.үндэсний бахархлыг тодорхойлох, тогтоох;

20.1.7.хуульд заасан бусад бүрэн эрх.

21 дүгээр зүйл.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

21.1.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага соёлын үйл ажиллагааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

21.1.1.соёлын хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг хангуулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах;

21.1.2.хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд соёлын үйл ажиллагааг зохицуулах дүрэм, журмыг баталж, хэрэгжүүлэх;

21.1.3.соёлын үйл ажиллагааны чиглэлээр захиалгат судалгаа, шинжилгээ хийх, инновац нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

21.1.4.соёлын барилга байгууламж, техник, тоног төхөөрөмж, үйлчилгээний орчны шаардлагыг боловсруулж, батлуулах;

21.1.5.соёлын байгууллагыг холбогдох хууль тогтоомжийн дагуу санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлэх;

21.1.6.төрийн болон орон нутгийн өмчийн соёлын байгууллагын оновчтой тогтолцоо, бүтцийг бий болгож ажиллуулах талаар зохион байгуулалтын арга хэмжээг авах;

21.1.7.соёлын гадаад харилцаа, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, соёлын үнэт зүйлийг сурталчлах ажлыг зохион байгуулах;

21.1.8.соёлын салбарт хүний нөөц бэлтгэх, соёлын байгууллагыг мэргэжлийн ажиллах хүчнээр хангахад дэмжлэг үзүүлэх;

21.1.9.соёлын ажилтны нийгмийн баталгааг хангах асуудлыг холбогдох байгууллагатай хамтран шийдвэрлэх;

21.1.10.соёл судлалын үйл ажиллагааг дэмжих;

21.1.11.соёлын боловсрол олгох арга хэмжээг зохион байгуулах;

21.1.12.соёлын салбарт Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасны дагуу төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслийг төлөвлөх, холбогдох байгууллагад төслийн санал гаргах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний хэрэгжилтэд хяналт тавих;

/Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

21.1.13.хуульд заасан бусад бүрэн эрх.

/Энэ заалтын дугаарт "21.1.13" гэж 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

22 дугаар зүйл.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх

22.1.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага соёлын үйл ажиллагааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

22.1.1.соёлын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах;

22.1.2.дайн, түрэмгийлэл, хүчирхийлэл, садар самууныг сурталчилсан соёлын үйл ажиллагаа эрхлэхийг хориглох арга хэмжээг авах;

22.1.3.соёлын статистик мэдээллийг нэгтгэн гаргаж, дүн шинжилгээ хийх;

22.1.4.соёлын үнэт зүйлийг хадгалах, хамгаалах ажлыг зохицуулах, үндэсний соёл, дизайны уламжлалыг дэмжин хөгжүүлэх;

22.1.5.түүх, соёлын дурсгалт зүйлийг хадгалж хамгаалах болон дотоод, гадаадад үзэсгэлэн гаргахад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, хяналт тавих;

22.1.6.соёлын салбарт хэрэгжих төсөл, хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулах;

22.1.7.соёл, урлагийн мэргэжлийн холбоод, олон нийтийн болон хувийн хэвшлийн байгууллагатай хамтран ажиллах, тэдгээрт дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

22.1.8.хуульд заасан бусад бүрэн эрх.

23 дугаар зүйл.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх

/Энэ зүйлийн гарчигт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

23.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал соёлын үйл ажиллагааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

23.1.1.харьяалах нутаг дэвсгэрийн хүн амд соёлын боловсрол олгох, орон нутгийн онцлог бүхий соёлын бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих хөтөлбөр баталж, хэрэгжилтийг хангуулах;

23.1.2.тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд соёлын талаар дэвшүүлсэн зорилтын биелэлтийг дүгнэж, хөгжлийн хэтийн төлөв байдлыг тодорхойлж, хяналт тавих;

23.1.3.уран бүтээл туурвихад бүх талын дэмжлэг үзүүлэх.

24 дүгээр зүйл.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын бүрэн эрх

/Энэ зүйлийн гарчигт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

24.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга соёлын үйл ажиллагааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

24.1.1.орон нутгийн онцлог бүхий соёлын бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, брэнд бий болгох, баяжуулан хөгжүүлэх, сурталчлах ажлыг зохион байгуулах;

24.1.2.орон нутгийн өмчийн соёлын байгууллагын хүний нөөцийг хөгжүүлэх, барилга байгууламжийн ашиглалтыг сайжруулах.

25 дугаар зүйл.Аймаг, нийслэлийн соёлын газар, сум, дүүргийн соёлын төв, соёлын ордны чиг үүрэг

25.1.Аймаг, нийслэлийн соёлын газар соёлын үйл ажиллагааг дэмжих чиглэлээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

25.1.1.соёлын хууль тогтоомжийн дагуу соёл, урлагийг хөгжүүлэх, иргэний соёлын эрэлт хэрэгцээг хангахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх;

25.1.2.соёлын байгууллагын үйл ажиллагааг зохицуулж, хууль тогтоомжид заасны дагуу төрөөс санхүүжүүлэх, тэдгээрт дэмжлэг, туслалцаа үзүүлэх, ажиллагсдын нийгмийн баталгааг хангах арга хэмжээг авах;

25.1.З.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан соёлын зорилтыг хэрэгжүүлэх ажлыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран зохион байгуулах;

25.1.4.харьяалах нутаг дэвсгэрийн соёлын байгууллагын үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавих;

25.1.5.соёлын статистик мэдээлэл, соёлын байгууллагын тайланг нэгтгэн холбогдох байгууллагад хүргүүлэх.

25.2.Сум, дүүргийн соёлын төв, соёлын ордон нь тухайн орон нутгийн иргэний соёлын үйл ажиллагаа эрхлэх, бүтээл туурвих, соёлын ололт, үр шимийг хүртэх нөхцөлийг хангах, орон нутгийн байгаль, түүх, соёлын үнэт зүйлийг сурталчлах, номын сангийн үйлчилгээ хүргэх чиг үүрэгтэй соёлын боловсрол олгох анхан шатны байгууллага бөгөөд соёл, мэдээллийн төв байна.

25.3.Сум, дүүргийн соёлын төв, соёлын ордны үйл ажиллагааны жишиг дүрмийг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

25.4.Энэ хуулийн 25.2-т заасан байгууллага үйл ажиллагаагаа дангаараа болон бусад аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, олон нийтийн төлөөлөлтэй хамтран явуулна.

ТАВДУГААР БҮЛЭГ - СОЁЛЫН САЛБАРЫН ТҮНШЛЭЛ, ХАМТЫН АЖИЛЛАГАА

edit

26 дугаар зүйл.Соёлын салбарын түншлэл

26.1.Соёлын салбарын түншлэл нь соёлын үйл ажиллагааг дэмжих, хөгжүүлэх, соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэхэд чиглэсэн бүх хэлбэрийг хангасан байх ба оюуны бүтээлч үйл ажиллагаа, санхүү, шинжлэх ухаан, технологийн болон хүний нөөцийг багтаасан, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэний үр ашигтай, хамтын ажиллагааг дэмжихэд чиглэгдэнэ.

26.2.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын салбарын бүтээн байгуулалтад болон нийгмийн ач холбогдол бүхий, эсхүл хувийн хэвшил дангаараа хэрэгжүүлэх боломжгүй, төрийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулахыг төрөөс дэмжинэ.

26.3.Энэ хуулийн 26.2-т заасан төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг Засгийн газар батална.

26.4.Соёлын салбарын зарим ажил, үйлчилгээг мэргэжлийн төрийн бус болон хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлж болох бөгөөд уг байгууллагад тавих нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлт болон холбогдох журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

26.5.Cоёлын салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар зохицуулна.

/Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

27 дугаар зүйл.Олон улсын хамтын ажиллагаа

27.1.Олон улсын хамтын ажиллагааг дараах чиглэлээр дэмжиж, хөгжүүлнэ:

27.1.1.монголын түүх, соёлд холбогдох соёлын өвийг сурвалжлан олох, судалж шинжлэх, хадгалж хамгаалах талаар уг өв байгаа улстай хамтран ажиллах;

27.1.2.монголын түүх, соёлд холбогдох соёлын үнэт зүйлийн хуулбарыг авчрах;

27.1.3.хууль бусаар алдагдсан соёлын өвийг эргүүлэн авчрах;

27.1.4.монголын түүх, соёлыг гадаадад сурталчлах;

27.1.5.соёлын биет өвийг сэргээн засварлах;

27.1.6.уран бүтээл хамтран бүтээх, солилцох;

27.1.7.соёлын ажилтныг сургах, мэргэшүүлэх;

27.1.8.соёлын үйл ажиллагаанд шинэ техник технологи, инновац, тоног төхөөрөмж нэвтрүүлэх;

27.1.9.соёлын боловсрол олгох сургалтын арга зүй, сургалтын хөтөлбөрийг харилцан солилцох.

27.2.Төрийн холбогдох байгууллага бүрэн эрхийнхээ хүрээнд энэ хуулийн 27.1-д заасан чиглэлийн дагуу үйл ажиллагаа эрхэлнэ.

28 дугаар зүйл.Гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын иргэнийг соёлын үйл ажиллагаанд оролцуулах

28.1.Гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын иргэнд эх хэл, бичиг үсэг, үндэсний түүх, соёл, өв уламжлал, зан заншил, соёлын үнэт зүйлийг таниулахад чиглэсэн хөтөлбөр, төсөл, арга хэмжээг гадаад харилцаа, санхүү, төсвийн болон соёл, боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран баталж, хэрэгжүүлнэ.

28.2.Олон улсад танигдсан, гадаад улсад соёлын үйл ажиллагаа эрхэлж байгаа Монгол Улсын иргэнийг эх орондоо соёлын үйл ажиллагаа эрхлэх, хамтарч уран бүтээл туурвихад төрийн болон төрийн бус байгууллага, соёлын байгууллага дэмжиж ажиллана.

28.3.Монгол Улсын иргэн, хуулийн этгээд гадаад улсад соёлын үйл ажиллагаа эрхлэхэд төрийн холбогдох байгууллага зохион байгуулалт, санхүүгийн болон бусад дэмжлэгийг үзүүлж болно.

29 дүгээр зүйл.Соёлын үйл ажиллагааг олон улсад сурталчлахад иргэнийг оролцуулах

29.1.Монгол Улсын соёлын үнэт зүйл, соёлын үйл ажиллагааг сурталчлах, олон улсын дэмжлэгийг татах зорилгоор урлаг, спорт, шинжлэх ухааны болон бусад салбарын нэр хүндтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн иргэнийг хоёр жилийн хугацаатайгаар соёлын элчээр томилон ажиллуулж болно.

29.2.Соёлын элчийн ажиллах журмыг Засгийн газар батална.

30 дугаар зүйл.Соёлын орчин, орон зайг хөгжүүлэх

30.1.Аймаг, сум, нийслэл, дүүрэгт түүх, соёл, урлаг, эсхүл соёлын үнэт зүйлийг төлөөлж, илэрхийлэх соёлын орчин, орон зайг бүрдүүлж, хөгжүүлнэ.

/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

30.2.Энэ хуулийн 30.1-д заасан соёлын орчин, орон зайг бүрдүүлэх, хөгжүүлэх чиг үүргийг Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, бүх шатны Засаг дарга, аж ахуйн нэгж, байгууллага хэрэгжүүлнэ. Иргэн, хуулийн этгээд соёлын орчин, орон зайг бий болгох, санал санаачилгыг гаргаж, тухайн шатны Засаг даргад уламжлан шийдвэрлүүлнэ.

/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

30.3.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал орон нутгийн онцлог бүхий соёлын орчин, орон зайг тодорхойлж, хот, суурин газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгаж, батална.

30.4.Түүх, урлаг,уран сайхны үнэт ач холбогдолтой, эсхүл өвөрмөц хийцтэй, үндэсний хэв загварыг хадгалсан салангид буюу цогцолбор барилга байгууламж, түүний тодорхой хэсэг, хөшөө, сүрлэг чимэглэлийн уран баримал, уран зургийн бүтээлийг хадгалж, хамгаална.

30.5.Энэ хуулийн 30.4-т заасан барилга байгууламж, хөшөө, урлагийн бүтээлийн жагсаалтыг Засаг даргын санал, эрдэм шинжилгээний байгууллагын дүгнэлтийг үндэслэн соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ - СОЁЛЫН ЭДИЙН ЗАСАГ, ҮЙЛДВЭРЛЭЛ

edit

31 дүгээр зүйл.Өмч

31.1.Соёлын байгууллагын өмчтэй холбогдсон харилцааг Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулна.

31.2.Соёлын зориулалтаар ашиглаж байгаа төрийн болон орон нутгийн өмчийн барилга байгууламж, эзэмшил газрыг тухайн байгууллагын үндсэн чиг үүрэгт нь харшлах өөр зориулалтаар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно.

32 дугаар зүйл.Соёлын үйл ажиллагааны санхүүжилт

32.1.Соёлын үйл ажиллагааны санхүүжилтийн тогтолцоо нь иргэнд тэгш, хүртээмжтэй, чанартай соёлын үйлчилгээ үзүүлэхэд чиглэгдэнэ.

32.2.Соёлын үйл ажиллагааны төсөв нь улсын болон орон нутгийн төсөв, Засгийн газрын тусгай сан, дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллагын хандив, соёлын байгууллагын төлбөртэй үйлчилгээ, дотоод, гадаадад зохион байгуулсан соёл, урлагийн арга хэмжээнээс олсон орлого, өөрийн үйл ажиллагааны орлого, хуулиар хориглоогүй бусад эх үүсвэрээс бүрдэнэ.

32.3.Соёлын үйл ажиллагааны зардлыг улсын болон орон нутгийн төсөвт бие даасан хөтөлбөр болгож батална.

32.4.Төрийн өмчит соёлын байгууллагын улсын төсвөөс санхүүжүүлэх хөрөнгийг өөрийн үйл ажиллагааны орлого болон байгууллага, иргэний хандивын хэмжээгээр багасгаж төлөвлөх, соёлын үйл ажиллагаанд зориулсан төсвийн хөрөнгийг өөр зориулалтаар зарцуулахыг хориглоно.

32.5.Төрийн өмчийн соёлын байгууллагаас бусад ашгийн төлөө бус соёлын байгууллагад тодорхой төслийг үндэслэн төрөөс санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлж болох бөгөөд холбогдох журмыг Засгийн газар батална.

32.6.Соёлын үйл ажиллагааг дэмжих, соёлын өвийг хамгаалах зорилгоор иргэн, хуулийн этгээдээс оруулсан хандив, хөрөнгө оруулалтад албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх журмыг холбогдох хуулиар тогтооно.

32.7.Хөгжим, дүрслэх урлаг, утга зохиолын шилдэг бүтээлийг улсын санд худалдан авна. Шилдэг бүтээл шалгаруулах, худалдан авах, хадгалах, ашиглах журмыг Засгийн газар батална.

32.8.Үндэсний болон сонгодог урлагийн бүтээл, хүүхдэд зориулсан уран бүтээлд төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар батална.

32.9.Соёлын ажилтныг олон улсын хэмжээний соёл, урлагийн наадам, уралдаан тэмцээнд оролцоход төрөөс дэмжлэг үзүүлж, онцгой амжилт гаргасан соёлын ажилтанд мөнгөн шагнал олгох бөгөөд холбогдох журмыг Засгийн газар батална.

32.10.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага соёлын үйл ажиллагаа, төсөл, арга хэмжээг ивээн тэтгэж болно.

32.11.Нийтийн ашиг тусын тулд чиглэсэн соёлын үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах дотоодод үйлдвэрлэдэггүй тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмж, түүхий эд материал, урвалж бодисыг улсын хилээр нэвтрүүлэхэд татвараас хөнгөлж, чөлөөлнө.

32.12.Соёлын арга хэмжээний шагналын орлогыг татвараас чөлөөлнө.

32.13.Энэ хуулийн 32.11, 32.12-т заасан татвараас хөнгөлж, чөлөөлөх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулна.

33 дугаар зүйл.Соёлын ажилтны үнэлэмж, нийгмийн баталгаа

33.1.Соёлын салбарын хүний нөөцийн хөгжлийг дэмжих төлөвлөгөө, арга хэмжээг Засгийн газар батална.

33.2.Соёлын ажилтан соёлын үйл ажиллагаа эрхлэн, үүсгэн байгуулагчаас тогтоосон цалин, нэмэгдэл хөлс авна.

33.3.Соёлын ажилтанд мэргэшлийн зэрэг, мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох бөгөөд холбогдох журмыг Засгийн газар батална.

33.4.Мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох хөрөнгийг үүсгэн байгуулагч өөрийн байгууллагын төсөвт тусгаж, санхүүжүүлнэ.

33.5.Соёлын ажилтан хөдөлмөрийн шинж чанар, мэргэжлийн онцлогт тохирсон цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, нөхөх олговор, шагнал урамшуулал авч, хуульд заасан бусад хөнгөлөлт эдэлнэ.

33.6.Төрийн болон орон нутгийн өмчийн соёлын байгууллагын ажилтны нэмэгдэл хөлс, нийгмийн баталгааг Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулиар зохицуулна.

33.7.Энэ хуулийн 33.6-д зааснаас бусад соёлын байгууллагын ажилтны нийгмийн баталгааг үүсгэн байгуулагч хариуцна.

33.8.Соёлын ажилтан ажлын онцлогоос хамаарч мэргэжлийн хөдөлмөрийн чадвараа эрт алдсан тохиолдолд түүний хүсэлтийг нь үндэслэн дотоодын их, дээд сургууль, урт, дунд, богино хугацааны тусгай мэргэжил эзэмших сургалтын зардлыг төр хариуцна.

33.9.Тухайн нутаг дэвсгэрийн онцлог, төвөөс алслагдсан байдлыг харгалзан орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд 5 жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгоно.

34 дүгээр зүйл.Соёлын бүтээлч үйлдвэрлэл, үйлчилгээ

34.1.Төрөөс дэмжлэг үзүүлэх соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийг Засгийн газар батална.

34.2.Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийг тогтооход дэвшилтэт технологи, инновацад суурилсан үндэсний өв уламжлал, ёс заншил, соёлын онцлогийг агуулсан өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, экспортлоход чиглүүлэх, нөөцийг оновчтой байршуулах, төрийн дэмжлэгийн үр ашгийг нэмэгдүүлэх зарчмыг баримтална.

34.3.Төрөөс соёлын бүтээлч үйлдвэрлэлд дараах дэмжлэг үзүүлнэ:

34.3.1.соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэх;

34.3.2.соёлын бүтээлч үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт төвлөрүүлэх, дэмжлэг үзүүлэх тогтолцоог бий болгох;

34.3.3.инновац шингэсэн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

34.3.4.соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

34.3.5.соёлын арга хэмжээ, соёлын бараа, үйлчилгээг үйлдвэрлэх, түгээх, хуваарилах арга хэлбэрийг сайжруулж, хүртээмжтэй ашиглах нөхцөлийг бүрдүүлэх.

34.4.Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих арга хэмжээг Засгийн газар батална.

34.5.Төрийн болон орон нутгийн өмчийн соёлын байгууллага Төсвийн тухай хуульд нийцүүлэн худалдаа, үйлчилгээ эрхэлж болно.

35 дугаар зүйл.Мерчандайзийн гэрээ

35.1.Иргэний хуулийн 3381 дүгээр зүйлийн дагуу мерчандайзийн гэрээгээр өмчлөгч, түүний зөвшөөрснөөр эзэмшигч соёлын үнэт зүйлийн загвараар бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах эрхийг үйлдвэрлэгч, борлуулагчид олгох ба үйлдвэрлэгч, борлуулагч нь үйл ажиллагаа явуулж, эзэмшигчид борлуулалтын орлогоос соёлын үнэт зүйл ашигласны төлбөр төлөх үүрэг хүлээнэ.

35.2.Мерчандайз нь зохиогчийн эрх, барааны тэмдэг, бүтээгдэхүүний загварын эрхээр хамгаалагдана.

35.3.Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараах загвараар бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах эрхийг олгоно:

35.3.1.төрийн өмчийн соёлын байгууллагын эзэмшиж байгаа соёлын үнэт зүйл, урлагийн бүтээл, соёлын биет өв;

35.3.2.төрийн өмчийн музейд хадгалагдаж байгаа үзмэр;

35.3.3.түүх, соёлын үл хөдлөх дурсгал.

35.4.Энэ хуулийн 35.3-т зааснаас бусад орон нутгийн өмчийн соёлын үнэт зүйл, урлагийн бүтээлийн загвараар бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах эрхийг тухайн шатны Засаг дарга олгоно.

35.5.Энэ хуулийн 35.3-т зааснаас бусад төрийн өмчийн байгууллагын эзэмшиж байгаа соёлын үнэт зүйл, урлагийн бүтээлийн загвараар бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах эрхийг тухайн салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно.

35.6.Хууль, гэрээнд өөрөөр заагаагүй бол мерчандайзийн гэрээг Иргэний хуулийн дагуу бичгээр байгуулж, дараах зүйлийг тусгана:

35.6.1.мерчандайзийн зүйлийн хэмжээ, загвар, өнгө, материалын дэлгэрэнгүй тодорхойлолт;

35.6.2.мерчандайзийн гэрээний дагуу үйлдвэрлэх, борлуулах бүтээгдэхүүний тоо хэмжээ;

35.6.3.үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулах борлуулагч, борлуулах цэгийн мэдээлэл;

35.6.4.мерчандайзийн зүйлийг үйлдвэрлэх, борлуулахад шаардлагатай санхүүжилтийн хэлбэр, нөхцөл;

35.6.5.мерчандайзийн зүйлийг гэрээнд заасны дагуу үйлдвэрлэх, борлуулах болон чанарын баталгаа;

35.6.6.загвар ашигласны төлбөрийн хэмжээ, нөхцөл;

35.6.7.мерчандайзийн гэрээний хугацааг сунгах, гэрээний эрх, үүргийг шилжүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах, мерчандайзийн гэрээ ба холбогдох бусад гэрээ хоорондын харилцаа, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл, үүргээ биелүүлээгүй тохиолдол, гэрээ цуцлах, дуусгавар болох үндэслэл, маргаан шийдвэрлэх журам;

35.6.8.талууд харилцан тохиролцсон бусад зүйл.

36 дугаар зүйл.Соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөр, хөнгөлөлт

36.1.Төрийн болон орон нутгийн өмчийн соёлын байгууллага нь бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрийн хэмжээг үүсгэн байгуулагчтай зөвшилцсөний үндсэн дээр тогтооно.

36.2.Энэ хуулийн 36.1-д зааснаас бусад соёлын байгууллага бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ төлбөрийг өөрөө бие дааж тогтооно.

36.3.Төрийн болон орон нутгийн өмчийн соёлын байгууллага нь хүүхэд, өндөр настан, хугацаат цэргийн алба хаагч, хөгжлийн бэрхшээлтэй хүний соёлын үйл ажиллагаанд оролцох сонирхлыг нь дэмжих бөгөөд төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

ДОЛДУГААР БҮЛЭГ - СОЁЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААН ДАХЬ ЗӨВШӨӨРӨЛ, ХЯНАЛТ, ХЯЗГААРЛАЛТ

edit

37 дугаар зүйл.Соёлын үйл ажиллагаанд тавих нөхцөл, шаардлага

37.1.Соёлын үйл ажиллагааг хууль тогтоомжид заасан нөхцөл, шаардлагад нийцүүлэн эрхэлнэ.

37.2.Соёлын байгууллагын үйлчилгээний болон барилга байгууламж, орчны стандартыг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд заасны дагуу боловсруулан баталж, мөрдүүлнэ.

37.3.Соёлын үйлчилгээ эрхлэх барилга байгууламж, танхим, талбай нь стандарт, эрүүл ахуйн болон хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүн, ахмад настны хэрэгцээ, техникийн шаардлагыг хангасан байна.

37.4.Төрийн болон орон нутгийн өмчийн соёлын үйлчилгээ үзүүлэх барилга байгууламж, талбайн зориулалтыг өөрчлөхийг хориглоно. Хувьчлах болон тухайн барилга байгууламж, талбайг буулгаж, шинээр барих тохиолдолд зориулалтыг хэвээр хадгална.

37.5.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга соёлын үйл ажиллагаа эрхлэх зориулалт бүхий хувийн өмчийн барилга байгууламжийг ашиглан иргэнд соёлын үйлчилгээ үзүүлэх арга хэмжээг зохион байгуулж болно.

/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

37.6.Сум, дүүргийн соёлын төв, соёлын ордны үйл ажиллагааг үнэлэх аргачлалыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

37.7.Төрийн болон орон нутгийн өмчийн соёлын байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээг хуулиар хориглосноос бусад нөхцөлд хүн бүрд нээлттэй байлгаж, соёлын үнэт зүйлтэй танилцах боломжоор хангана.

37.8.Соёлын байгууллага үйл ажиллагаа, үйлчилгээний жагсаалт, нөхцөлийг нэгдсэн журмаар тогтоож, иргэний мэдээлэл авах боломжийг бүрэн хангасан байна.

37.9.Соёлын байгууллагын үйлчилгээг зөөврийн болон нүүдлийн хэлбэрээр хүргэх, хөгжлийн бэрхшээлтэй хүн бусдын адил соёлын үйлчилгээ авахад зориулсан нэн хэрэгцээтэй тоног төхөөрөмж, материал, хэрэгсэл, программ хангамж, орчин нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээг авна.

38 дугаар зүйл.Зөвшөөрөл

38.1.Соёлын ажилтны зуучлалын үйл ажиллагааг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 6.10-т заасан зөвшөөрөл авсны үндсэн дээр эрхэлнэ.

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

38.2.Соёлын үнэт зүйлийн зуучлалыг Иргэний хууль, Оюуны өмчийн тухай хуульд заасны дагуу эрхэлнэ.

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

38.3.Соёлын ажилтныг олон улсын түвшинд соёлын үйл ажиллагаанд оролцуулах, санал болгох, түүний ашиг сонирхлыг төлөөлөн хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, менежментийн үүрэг гүйцэтгэх соёлын ажилтны зуучлалын үйл ажиллагааг зөвшөөрөл бүхий иргэн, хуулийн этгээд эрхэлнэ.

38.4.Соёлын ажилтны зуучлалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна.

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

38.5.Соёлын ажилтны зуучлалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүсэгч нь зөвшөөрлийн холбогдох хуульд заасан баримт бичгээс гадна зөвшөөрөл хүсэгч иргэний, хуулийн этгээд бол удирдах, шийдвэр гаргах, соёлын ажилтантай шууд харилцан ажиллах иргэний хууль, эрх зүй, эдийн засаг, менежментийн талаарх мэдлэгийг нотлох баримт бичиг, эдийн засаг, хүний эрүүл мэнд, хүч хэрэглэсэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй талаарх тодорхойлолтыг өргөдөлд хавсаргана.

38.6.Соёлын ажилтны зуучлалын үйл ажиллагаа эрхлэгч нь ажилтан тус бүртэй бичгээр гэрээ байгуулна.

38.7.Соёлын ажилтны зуучлалын үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага, менежер өөрчлөгдөхөд зөвшөөрөл олгогч байгууллагад урьдчилан мэдэгдэнэ.

38.8.Соёлын ажилтны зуучлалын үйл ажиллагаа эрхлэгч нь уран бүтээлчийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэхүйц нөхцөлд ажиллуулахаар явуулахгүй байх бөгөөд зуучлан ажиллуулах газрыг урьдчилан судалсан байна.

38.9.Соёлын ажилтны зуучлалын үйл ажиллагаа эрхлэгч нь хүүхдийг согтууруулах ундаа борлуулах, худалдах, түүгээр үйлчлэх орчинд ажиллуулахаар явуулахыг хориглоно.

38.10.Соёлын ажилтны зуучлалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүсэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 221.1.6-д заасны дагуу хураамж төлнө.

39 дугаар зүйл.Соёлын үйл ажиллагаанд тавих хяналт, хязгаарлалт

39.1.Соёлын үйл ажиллагаанд соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, соёлын хяналтын улсын байцаагч хяналт тавина.

/Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

39.2.Аймаг, дүүргийн мэргэжлийн хяналтын байгууллагад соёлын хяналтын улсын байцаагч ажиллана.

/Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

39.3.Хууль тогтоомжоор хориглоогүй соёлын үйл ажиллагаа эрхлэхэд төрийн болон бусад байгууллага, улс төрийн нам, эвсэл, холбоо, тэдгээрийн албан тушаалтан хөндлөнгөөс оролцох, дарамт шахалт үзүүлэхийг хориглоно.

39.4.Угсаатны соёлын үнэт зүйлийн өвөрмөц илэрхийллийг ялгаварлан гадуурхахыг хориглоно.

39.5.Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулж болзошгүй болон дайн түрэмгийлэл, хүчирхийлэл, садар самууныг сурталчлах соёлын үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.

39.6.Уран бүтээлчийн анхдагч санаа, ур чадварын нууцыг түүний зөвшөөрөлгүйгээр задруулахыг хориглоно.

39.7.Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлж байгаа уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь, хүүхдэд зориулсан уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн 70 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна.

39.8.Олон нийтийн телевизээс бусад Монгол Улсад бүртгэлтэй өргөн нэвтрүүлгийн телевиз, радио, кабелийн сувгаар дамжуулж байгаа уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 50 хувиас доошгүй нь, хүүхдэд зориулсан уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна.

39.9.Театр, үзвэрийн цэгээр сар тутам түгээх кинонд үндэсний киноны эзлэх хувь, интернэт протоколд суурилсан телевиз /Ай-Пи телевиз/-ийн уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн видео санд байршсан нийт хөтөлбөрт үндэсний кино, нэвтрүүлгийн цагийн эзлэх хувь 40 хувиас доошгүй байна.

39.10.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс нь зөвшөөрөл аваагүй, холбогдох даатгалд даатгуулаагүй тохиолдолд соёлын гадаад үйл ажиллагаанд насанд хүрээгүй хүнийг оролцуулахыг хориглоно.

39.11.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хөшөө дурсгалын цогцолбор байгуулах, соёлын байгууллага байгуулах, соёлын үнэт зүйлийг тогтоож хамгаалалтад авах тухай шийдвэр гаргахад соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, мэргэжлийн холбоодын саналыг авна.

/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

НАЙМДУГААР БҮЛЭГ - БУСАД ЗҮЙЛ

edit

40 дүгээр зүйл.Соёлын хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

40.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

40.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

41 дүгээр зүйл зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

41.1.Энэ хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР


  This work is in the public domain in Mongolia and other jurisdictions.

According to the Law of Mongolia on Copyright from September 1st, 1993 as amended on February 1st, 1997, May 21st, 1999 and Jan 19, 2006, works first published in Mongolia are exempt from copyright if they fall under one of the following categories:

  • legislation and other legal documents
  • administrative decisions and official documents of legal entities and organizations
  • court decisions, resolutions, judge's decrees, and other documents and speeches delivered during court hearings
  • translations of any of the above
  • coat of arms, banners, flags, awards, orders, and medals
  • any news for the purpose of reporting currents events and results
  • works of folklore and national traditions
  • ideas, methods, procedures, scientific discoveries, and mathematical concepts

This work falls into one or more of the above categories and is in the public domain.