Монгол Улсын Харьяатын тухай хууль

Монгол Улсын Харьяатын тухай хууль (1995)
299054Монгол Улсын Харьяатын тухай хууль1995

1995 оны 6 дугаар сарын 5-ны өдөр

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Улаанбаатар хот

ХАРЬЯАТЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ - НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

edit

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь иргэний харьяалал хийгээд Монгол Улсын харьяат болох, иргэний харьяаллыг сэргээн тогтоох, харьяатаас гарахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Харьяатын тухай хууль тогтоомж

1.Харьяатын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.Монгол Улсын олон улсын гэрээнд харьяатын тухай хууль тогтоомжид зааснаас өөр журам тогтоосон бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Монгол Улсын харьяат байх

1.Дор дурьдсан хүн Монгол Улсын харьяат байна.

1/энэ хууль хүчин төгөлдөр болсон өдөр Монгол Улсын харьяат байгаа;

2/1921 оны долдугаар сарын 11-ний өдөр болон түүнээс хойш Монгол Улсын харьяат байсан бөгөөд Монгол Улсын харьяатаас гараагүй хүмүүс;

3/энэ хуулийн дагуу Монгол Улсын харьяат болсон.

2.Монгол Улсын харьяат гадаад улсад оршин суух нь иргэний харьяаллаа алдах үндэслэл болохгүй.

3.Гэрлэгсдийн аль нэг нь Монгол Улсын харьяат болох буюу харьяатаас гарах нь эхнэр буюу нөхрийн харьяатыг өөрчлөхөд хүргэхгүй.

4.Монгол Улсын харьяат хаана оршин сууж байгаагаас үл хамааран төрийн ивээлд байж, зөрчигдсөн хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хуулийн дагуу хамгаалуулна.

5.Монгол Улсын иргэнийг харьяатаас хасах, эх орноосоо хөөх, өөр улсад шилжүүлэн өгөхийг хориглоно.

4 дүгээр зүйл.Хоёрдмол харьяаллыг хүлээн зөвшөөрөхгүй байх

1.Монгол Улсын харьяат нэгэн зэрэг гадаад улсын харьяат байхыг хүлээн зөвшөөрөхгүй.

2.Гадаад улсын харьяат нь Монгол Улсын харьяат болохыг хүсвэл тухайн улсынхаа харьяатаас гарсан байх шаардлагатай. Хэрэв тухайн гадаад улсын хууль тогтоомжид өөр улсын харьяат болсноор иргэний харьяаллаа алдахаар зохицуулагдсан бол тухайн улсынхаа харьяатаас гарсан байхыг шаардахгүй бөгөөд энэ тухай холбогдох байгууллагын тодорхойлолт авсан байвал зохино.

/Энэ хэсэгт 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5 дугаар зүйл.Иргэний харьяаллыг гэрчлэх баримт бичиг

1.Монгол Улсын иргэний харьяаллыг гэрчлэх баримт бичиг нь Монгол Улсын иргэний үнэмлэх, түүнийг авах хүртэл хугацаанд төрсний гэрчилгээ байна.

/Энэ хэсэгт 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гадаадын иргэн, харьяалалгүй эцэг эхээс төрсөн хүүхдэд олгосон төрсний гэрчилгээг зөвхөн түүний төрснийг нотлох баримт бичиг гэж үзнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ - МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ БАЙХ, ХАРЬЯАТ БОЛОХ, ХАРЬЯАТААС ГАРАХ

edit

6 дугаар зүйл.Монгол Улсын харьяат болох үндэслэл

Дор дурьдсан үндэслэлээр Монгол Улсын харьяат болно:

1/төрснөөр;

2/Монгол Улсын харьяат болсноор;

3/харьяаллыг сэргээн тогтоосноор;

4/Монгол Улсын олон улсын гэрээнд заасан үндэслэлээр.

7 дугаар зүйл.Хүүхэд Монгол Улсын харьяат байх

1.Эцэг эх нь хоёулаа Монгол Улсын харьяат байсан үед төрсөн хүүхэд Монгол Улсын нутаг дэвсгэрт буюу түүний гадна төрснөөс хамаарахгүй Монгол Улсын харьяат байна.

2.Эцэг, эхийн аль нэг нь Монгол Улсын харьяат, нөгөө нь гадаад улсын харьяат бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төрсөн тэдний хүүхэд Монгол Улсын харьяат байна. Хэрэв хүүхэд гадаад улсын нутаг дэвсгэр дээр төрсөн бол хүүхдийн иргэний харьяаллыг эцэг, эхийн харилцан бичгээр тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэнэ.

3.Эцэг, эхийн аль нэг нь Монгол Улсын харьяат, нөгөө нь харьяалалгүй хүн байхад тэдний дундаас төрсөн хүүхэд хаана төрснөөс хамаарахгүйгээр Монгол Улсын харьяат байна.

4.Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа бөгөөд эцэг, эх нь хоёулаа тогтоогдоогүй хүүхэд Монгол Улсын харьяат байна.

5.Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга оршин суугаа харьяалалгүй эцэг, эх хоёрын дундаас Монгол Улсад төрсөн хүүхэд 16 нас хүрсний дараа өөрөө хүсвэл Монгол Улсын харьяат болж болно.

/Энэ хэсгийг 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

6.Харьяалалгүй хүний үрчлэн авсан Монгол Улсын харьяат 16 нас хүрээгүй хүүхэд Монгол Улсын харьяат хэвээр байна.

8 дугаар зүйл.Монгол Улсын харьяат болох

Гадаадын иргэн буюу харьяалалгүй хүн хууль тогтоомжид заасны дагуу Монгол Улсын харьяат болж болно.

9 дүгээр зүйл.Монгол Улсын харьяат болох нөхцөл

1.Монгол Улсын харьяат болохын тулд дараахь нөхцөлийг хангасан байна:

1/амьжиргааны зохих чадвар, эх үүсвэртэй байх;

2/Монголын ард түмний ёс заншил, төрийн албан ёсны хэл, Монгол Улсын Үндсэн хуулийн талаар зохих мэдлэг эзэмшсэн ба иргэний харьяатын асуудлаар өргөдөл гаргасан өдрөөс өмнө Монгол Улсын нутаг дэвсгэр дээр таваас доошгүй жил байнга оршин суусан байх;

/Энэ заалтад 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

3/Монгол Улсын гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас энэ хэсгийн 1, 2-т заасан хүрээнд төрийн бодлогыг үндэслэн тогтоосон бусад тодорхой шалгуурыг хангасан байх;

/Энэ заалтад 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4/энэ хэсгийн 2-т заасан хугацаанд гэмт хэрэг санаатайгаар үйлдээгүй байх;

/Энэ заалтыг 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн/

5/Монгол Улсын иргэн болсноор тус иргэний гадаад улстай тогтоосон харилцаа нь Монгол Улсын нэр хүнд, ашиг сонирхолд хохирол учруулахгүй байх.

/Энэ заалтыг 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн/

2.Энэ зүйлийн 1дэх хэсэгт заасан нөхцөл нь насанд хүрээгүй хүн энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан үндэслэлээр иргэний харьяаллыг сэргээн тогтоолгож байгаа хүнийг Монгол Улсын харьяат болгох асуудлыг шийдвэрлэхэд хамаарахгүй.

3.Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсан, эсхүл Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн, шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан буюу гаргах боломжтой гадаадын иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2-т заасан нөхцөлийг үл харгалзан Монгол Улсын харьяат болгож болно.

/Энэ хэсгийг 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн/

4.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шалгуурыг тогтоох журмыг Засгийн газар тогтооно.

/Энэ заалтыг 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн/

10 дугаар зүйл.Монгол Улсын харьяат болгохоос татгалзах, түдгэлзүүлэх үндэслэл

/Энэ зүйлийн гарчигт 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

1.Дор дурьдсан үндэслэлээр гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг Монгол Улсын харьяат болгохоос татгалзана:

1/олон улсын эрх зүйн хэм хэмжээнд заасан хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон;

2/Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, язгуур эрх ашгийн эсрэг үйл ажиллагаа явуулж байсан буюу явуулж байгаа бол;

3/олон улсын алан хядах байгууллагын гишүүн гэж зарлагдсан хүн;

4/шүүхээр онц аюултай гэмт хэрэгтэн гэж тогтоогдсон;

5/Энэ заалтыг 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хассан/

5/Монгол Улсын нутаг дэвсгэрээс урьд нь албадан гаргагдсан бол.

/Энэ заалтын дугаарыг 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар 6 байсныг 5 болгон өөрчилсөн/

6/Монгол Улсын нутаг дэвсгэрээс албадан гаргагдсанаас хойш 10 жил өнгөрөөгүй бол.

/Энэ заалтын дугаарыг 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар 7 байсныг 6 болгон өөрчилсөн/

7/Монгол үндэсний ёс заншил, хуульд харш шашны урсгалыг сурталчилсан бол.

/Энэ заалтыг 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн/

2.Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргагчийн өргөдлийг дор дурдсан үндэслэлээр хүлээн авахаас түдгэлзүүлнэ. Үүнд:

1/энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан нөхцөлийг хангаагүй;

2/энэ хуулийн 22 дугаар зүйлд заасан журмыг хангаагүй;

3/хорих ял эдэлж байгаа бол;

4/сэтгэл мэдрэлийн буюу гоц халдвартай өвчтэй, мансууруулах бодис хэрэглэх донтой, архаг архичин гэдэг нь зохих журмаар тогтоогдсон бол;

/Энэ хэсгийг 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн/

3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл нь зохих журмын дагуу нотлогдсон бол Монгол Улсын харьяат болгохоос татгалзах тухай саналаа гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулснаар Ерөнхийлөгчид уламжилна.

/Энэ хэсэгт болон дугаарт 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэл зохих журмын дагуу нотлогдвол гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гадаадын иргэн, харьяалалгүй хүний Монгол Улсын харьяат болох хүсэлтийг хүлээн авахаас түдгэлзүүлж байгаа тухай албан ёсоор мэдэгдэнэ.

/Энэ хэсгийг 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

11 дүгээр зүйл.Монгол Улсын харьяатаас гарах

Энэ хуулиар тогтоосон журмын дагуу Монгол Улсын харьяат өөрийн хүсэлтийн дагуу Монгол Улсын харьяатаас гарч болно.

12 дугаар зүйл.Харьяатаас гарахыг татгалзах

Дор дурьдсан үндэслэлээр Монгол Улсын харьяатаас гаргахыг татгалзаж болно:

1/харьяатаас гарах тухай хүсэлт гаргасан хүн Монгол Улсын өмнө хүлээсэн буюу иргэн, байгууллагын ашиг сонирхолтой холбогдсон эд хөрөнгийн үүргээ биелүүлээгүй;

2/харьяатаас гарах тухай хүсэлт гаргасан хүн гэмт хэрэг үйлдсэний улмаас сэжигтэн, яллагдагчаар татагдсан буюу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ял эдэлж байгаа;

3/харьяатаас гарах нь Монгол Улсын үндэсний болон нийгмийн аюулгүй байдалд хохирол учруулахаар бол.

13 дугаар зүйл.Үрчлэгдсэн хүүхдийн иргэний харьяаллыг шийдвэрлэх

1.Гадаадын иргэн эхнэр, нөхрийн үрчлэн авсан Монгол Улсын харьяат 16 нас хүрээгүй хүүхэд Монгол Улсын харьяат хэвээр байна.

2.Хэрэв гадаадын иргэн, эхнэр, нөхөр нь Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэн авах үед түүний иргэний харьяаллыг өөрчлөх хүсэлт гаргавал үрчлүүлж буй эцэг эхийн саналыг харгалзан тухайн хүүхдийн иргэний харьяаллыг шийдвэрлэж болно.

3.Гадаадын иргэн эхнэр, нөхрийн үрчлэн авсан Монгол Улсын харьяат 16 насанд хүрсэн хүүхдийг тэдний хүсэлтээр Монгол Улсын харьяатаас гарахыг зөвшөөрч болно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ - МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХАРЬЯАЛЛЫГ СЭРГЭЭН ТОГТООХ, ИРГЭНИЙ ХАРЬЯАЛЛАА АЛДАХ

edit

14 дүгээр зүйл.Монгол Улсын иргэний харьяаллыг сэргээн тогтоох

1.Дор дурьдсан тохиолдолд Монгол Улсын иргэний харьяаллыг сэргээн тогтооно:

1/үрчлэгдсэнтэй холбогдож Монгол Улсын иргэн энэ хуулийн 1З дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр иргэний харьяаллаа алдсан;

2/эцэг, эхийн нь харьяат өөрчлөгдсөнтэй холбогдож Монгол Улсын иргэн иргэний харьяаллаа алдсан бол 18 нас хүрснээс хойш таван жилийн дотор;

3/1921 оны долдугаар сарын 11-ний өдөр болон түүнээс хойш Монгол Улсын харьяат байсан бөгөөд аль нэг гадаад улсын харьяат болсон хүмүүс.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан тохиолдолд иргэний харьяаллаа сэргээлгэхийг хүссэн хүн өргөдлөө гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана.

/Энэ хэсэгт 2000 оны 12 дугаар сарын 7-ний өдрийн хууль, 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.Иргэний харьяаллыг сэргээн тогтоолгох тухай өргөдлийг гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар уламжлан Монгол Улсын Ерөнхийлөгчид гаргана.

/Энэ хэсэгт 2000 оны 12 дугаар сарын 7-ний өдрийн хууль, 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.Хэрэв гадаад улсын харьяат болох зорилгоор Монгол Улсын харьяатаас гарсан этгээд гадаад улсын харьяат болж чадаагүй бол өөрийн нь хүсэлтээр Монгол Улсын иргэний харьяаллыг сэргээн тогтооно.

15 дугаар зүйл.Монгол Улсын иргэний харьяаллыг алдах үндэслэл

1.Дор дурьдсан үндэслэлээр Монгол Улсын иргэний харьяаллыг алдана:

1/энэ хуулийн 1З дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр;

2/эцэг, эхийн иргэний харьяалал өөрчлөгдсөнөөр;

3/өөрийн талаар хуурамч баримт бичиг, худал мэдээлэл бүрдүүлж Монгол Улсын харьяат болсон нь тогтоогдсоноор;

4/Монгол Улсын олон улсын гэрээнд болон энэ хуульд заасан бусад үндэслэлээр;

5/Монгол Улсын харьяатаас гарснаар.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн З-т заасан үндэслэлээр Монгол Улсын иргэний харьяаллыг алдах тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгч түүнийг Монгол Улсын харьяат болгосон шийдвэрээ хүчингүй болгоно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ - ХҮҮХДИЙН ИРГЭНИЙ ХАРЬЯАЛАЛ ӨӨРЧЛӨГДӨХ

edit

16 дугаар зүйл.Эцэг, эх хоёулаа буюу аль нэг нь Монгол Улсын харьяат болох тохиолдолд хүүхэд нь Монгол Улсын харьяат болох

1.Эцэг, эх нь хоёулаа Монгол Улсын харьяат болоход тэдний 16 нас хүрээгүй хүүхэд нь Монгол Улсын харьяат болно.

2.Эцэг, эхийн аль нэг нь Монгол Улсын харьяат болох тохиолдолд эцэг, эхийн хүсэлтээр тэдний 16 нас хүрээгүй хүүхэд Монгол Улсын харьяат болж болно. Энэ тохиолдолд эцэг, эхийн бичгээр гаргасан үндэслэл бүхий тохиролцоо байна.

17 дугаар зүйл.Эцэг, эх хоёулаа буюу аль нэг нь Монгол Улсын харьяатаас гарах тохиолдолд тэдний хүүхдийг Монгол Улсын харьяатаас гаргахыг зөвшөөрөх

Эцэг, эх нь хоёулаа буюу аль нэг нь Монгол Улсын харьяатаас гарах тохиолдолд эцэг, эхийн харилцан бичгээр тохиролцсоны үндсэн дээр гаргасан тэдний хүсэлтээр 16 нас хүрээгүй хүүхдийг нь Монгол Улсын харьяатаас гаргахыг зөвшөөрч болно.

18 дугаар зүйл.Хүүхдийн иргэний харьяаллыг өөрчлөхөд түүний зөвшөөрлийг авах

16-18 хүртэл насны хүүхдийн иргэний харьяаллыг өөрчлөх тохиолдолд түүний бичгээр гаргасан зөвшөөрлийг авсан байна.

ТАВДУГААР БҮЛЭГ - ИРГЭНИЙ ХАРЬЯАЛЛЫН АСУУДЛААРХИ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ХЭМЖЭЭ

edit

19 дүгээр зүйл.Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх хэмжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд дор дурьдсан асуудлаар шийдвэр гаргана:

1/гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг Монгол Улсын харьяат болгох;

2/Монгол Улсын харьяатаас гаргах;

3/Монгол Улсын иргэний харьяаллыг сэргээн тогтоох.

20 дугаар зүйл.Төрийн захиргааны байгууллагын эрх хэмжээ

1.Монгол Улсын иргэний харьяалалтай холбогдсон асуудлаар гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр болон гадаад улсад оршин суугаа хүний хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлүүлэхээр холбогдох бусад бичиг баримт, саналын хамт Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулснаар Ерөнхийлөгчид өргөн барина.

/Энэ хэсэгт 2000 оны 12 дугаар сарын 7-ний өдрийн хууль, 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Монгол Улсын иргэний харьяаллын асуудлаар гарсан шийдвэрийн дагуу Монгол Улсын харьяат болсон, харьяатаас гарсан, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгосон, иргэний харьяаллаа алдсан хүний нэгдсэн бүртгэлийг гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хөтөлнө.

/Энэ хэсэгт 2000 оны 12 дугаар сарын 7-ний өдрийн хууль, 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

З. Монгол Улсын иргэний харьяаллын асуудлаар гаргасан өргөдлийг шийдвэрлэхэд тус улсын тагнуулын болон цагдаагийн төв байгууллага, улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг дарга, орон нутгийн цагдаагийн байгууллага, улсын бүртгэлийн байгууллага, Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн буюу консулын газар энэ хуульд заасан журам, тус тусын чиг үүргийн дагуу оролцоно.

/Энэ хэсэгт 2002 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.Тагнуулын төв байгууллага иргэний харьяаллын асуудлаар хүсэлт гаргасан хүний талаар Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үүднээс дүгнэлт хийж, асуудлыг хэрхэн шийдвэрлүүлэхээр тодорхой санал гаргана.

5. Цагдаагийн төв байгууллага болон улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь холбогдох албадаараа дамжуулан иргэний харьяаллын асуудлаар хүсэлт гаргасан хүний иргэний бүртгэлийн талаар лавлагаа өгөх, бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах, түүнчлэн бусад асуудлаар санал дүгнэлт өгөх ажиллагаа тус тус явуулна.

/Энэ хэсэгт 2002 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6. Засаг захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгжийн Засаг дарга, орон нутгийн цагдаагийн байгууллага болон улсын бүртгэлийн байгууллага нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байнга оршин суугаа иргэний харьяаллын асуудлаар хүсэлт гаргасан хүний, Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн буюу консулын газар нь гадаад улсын нутаг дэвсгэр дээр байнга оршин суугаа мөн асуудлаар хүсэлт гаргасан хүний хувийн байдлыг тодорхойлж дүгнэлт гаргана.

/Энэ хэсэгт 2002 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ЗУРГАДУГААР БҮЛЭГ - МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХАРЬЯАЛЛЫН АСУУДЛААР ХҮСЭЛТ ГАРГАХ, ТҮҮНИЙГ ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ

edit

21 дүгээр зүйл.Монгол Улсын иргэний харьяаллын асуудлаар хүсэлт гаргах

1.Монгол Улсын иргэний харьяаллын асуудлаархи хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр дээр гаргана.

2.Монгол Улсын харьяат болох, харьяатаа сэргээн тогтоолгох,харьяатаас гарах тухай хүсэлт гаргагч энэ хуулийн 22 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан журмаар тогтоосон жагсаалтын дагуу зохих бичиг баримтыг бүрдүүлнэ.

3.Хэрэв өргөдөл гаргагч гэр бүлийн бусад гишүүний хамт Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарахыг хүсвэл өргөдлөө хамтран гаргаж болно.

4.Иргэнийхээ харьяаллыг өөрчилж буй эцэг буюу эх өргөдөлдөө 16 насанд хүрээгүй хүүхдийнхээ иргэний харьяаллыг өөрчлөх эсэх талаар бичсэн байна.

5.16-18 нас хүрээгүй хүүхдийн Монгол Улсын иргэний харьяаллын асуудлаархи хүсэлтийг өөрийн нь зөвшөөрч гарын үсэг зурсны дагуу эцэг, эх, эсхүл түүний асран хамгаалагч буюу харгалзан дэмжигч нь гаргана.

22 дугаар зүйл.Монгол Улсын иргэний харьяаллын асуудлаар хүсэлт гаргах журам

1.Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах тухай хүсэлтийг аймаг, нийслэлийн Засаг дарга, хэрэв Монгол Улсын иргэн гадаад улсад оршин суугаа бол Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчдийн буюу консулын газар,Монгол Улсын гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар дамжуулан Ерөнхийлөгчид уламжилна.

/Энэ хэсэгт 2000 оны 12 дугаар сарын 7-ний өдрийн хууль, 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Хүсэлтийг хүлээн авсан аймаг, нийслэлийн Засаг дарга уг хүний талаар тодорхойлолт, дүгнэлтийг сум, баг, дүүрэг хорооны Засаг даргаас гаргуулан авна.

/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.Хүсэлтийг хүлээн авсан аймаг, нийслэлийн Засаг дарга, Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн буюу консулын газар холбогдох бусад баримт бичгийн бүрдлийг шалган хэрвээ уг баримт бичиг нь гадаад хэл дээр үйлдэгдсэн бол түүний албан ёсоор баталгаажуулсан орчуулга тодорхой саналын хамт Монгол Улсын гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

/Энэ хэсэгт 2000 оны 12 дугаар сарын 7-ний өдрийн хууль, 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.Монгол Улсын гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох хүний талаархи санал, дүгнэлтийг тагнуулын болон цагдаагийн төв байгууллагаас авсан байна.

/Энэ хэсэгт 2000 оны 12 дугаар сарын 7-ний өдрийн хууль, 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5.Иргэний харьяаллын асуудлаар гаргасан өргөдлийг хүлээн авч, хянан хэлэлцэж, шийдвэр гаргах хугацаа зургаан сараас хэтрэхгүй байна.

6.Монгол Улсын иргэний харьяаллын асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах бичиг баримтын жагсаалтыг гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтооно.

/Энэ хэсэгт 2000 оны 12 дугаар сарын 7-ний өдрийн хууль, 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

23 дугаар зүйл.Иргэний харьяаллын асуудлаар дүгнэлт гаргах

1.Энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасан асуудлыг шийдвэрлэхтэй холбогдуулж гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дүгнэлт гаргана.

/Энэ хэсэгт 2000 оны 12 дугаар сарын 7-ний өдрийн хууль, 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Иргэний харьяаллын асуудлаар гаргасан хүсэлтийн дагуу гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дүгнэлт гаргахдаа хүсэлт гаргагчийн ашиг сонирхол, улсын үндэсний аюулгүй байдлын эрх ашиг, гаргасан өргөдлийн агуулга, харьяатын асуудлаар бусад байгууллагаас гаргасан тодорхойлолт болон санал, дүгнэлт түүнчлэн уг асуудлаар шийдвэр гаргахад ач холбогдол бүхий бусад баримт бичгийг тал бүрээс нь нягтлан үзэж, дүгнэлт өгнө. Дүгнэлтэд Монгол Улсын харьяат болгох, харьяатаас гаргах, иргэний харьяаллыг сэргээн тогтоох болон тэдгээрээс татгалзах үндэслэл, нөхцөлийг тодорхой зааж тусгасан байна.

/Энэ хэсэгт 2000 оны 12 дугаар сарын 7-ний өдрийн хууль, 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь иргэний харьяаллын асуудлаар дүгнэлт гаргахад шаардлагатай баримт бичгийг төр, олон нийт, аж ахуйн аль ч байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авна. Эдгээр байгууллага, албан тушаалтан холбогдох баримт бичгийг харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шаардсан хугацаанд нь гаргаж өгөх үүрэгтэй.

/Энэ хэсэгт 2000 оны 12 дугаар сарын 7-ний өдрийн хууль, 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

24 дүгээр зүйл.Иргэний харьяаллын асуудлаар гарах шийдвэр

1.Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, иргэний харьяаллыг сэргээн тогтоолгох хүсэлтийг зөвшөөрөх тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг, татгалзах тохиолдолд захирамж гаргана.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу иргэний харьяаллын асуудлаар шийдвэр гаргаснаас хойш хагас жилийн дотор уг асуудлаар дахин гаргасан өргөдлийг хүлээн авахгүй.

25 дугаар зүйл.Харьяат болсон, харьяатаас гарсан тухай хугацааг тооцох

1.Монгол Улсын харьяат болгосон болон иргэний харьяаллыг сэргээн тогтоосон тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан өдрөөс хүсэлт гаргагчийг Монгол Улсын харьяат болсонд тооцно.

2.Монгол Улсын харьяатаас гарсан тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан өдрөөс хүсэлт гаргагчийг Монгол Улсын харьяатаас гарсанд тооцно.

ДОЛДУГААР БҮЛЭГ - БУСАД ЗҮЙЛ

edit

26 дугаар зүйл.Монгол Улсын иргэний харьяаллын асуудлаар гарсан шийдвэрийг биелүүлэх байгууллага

1.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байнга оршин суугаа хүний иргэний харьяаллын асуудлаар гарсан шийдвэрийг аймаг, нийслэлийн Засаг дарга, гадаад улсын нутаг дэвсгэр дээр оршин суугаа хүний хувьд гарсан шийдвэрийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон холбогдох дипломат төлөөлөгчийн буюу консулын газар хариуцан биелүүлнэ.

2.Монгол Улсын харьяат болсон, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгосон хүнд улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газар Монгол Улсын иргэний үнэмлэх олгоно.

/Энэ хэсэгт 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3. Гадаад улсын нутаг дэвсгэр дээр оршин суугаа Монгол Улсын харьяатаас гарсан хүний иргэний баримт бичгийг дипломат төлөөлөгчийн болон консулын газар хураан авч, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар дамжуулан улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх бөгөөд тус байгууллага Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 6.1-д заасан иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан дахь холбогдох мэдээлэлд бичилт хийнэ.

/Энэ хэсгийг 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийг 2002 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.Монгол Улсын иргэний харьяаллаа алдсан тус улсын нутаг дэвсгэр дээр оршин суугаа хүн Монгол Улсад оршин суух асуудлаа холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлнэ.

/Энэ хэсгийн дугаарт 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

27 дугаар зүйл.Иргэний харьяаллын асуудлаар гарсан шийдвэрийн биелэлтэд хяналт тавих

Иргэний харьяаллын асуудлаар гарсан шийдвэрийн биелэлтэд гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон эрх бүхий бусад байгууллагууд тус тусын чиг үүргийн дагуу хяналт тавина.

/Энэ зүйлд 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

28 дугаар зүйл.Иргэний харьяаллын асуудлаар гарсан шийдвэрт гомдол гаргах

Иргэний харьяаллын асуудлаар гаргасан өргөдлийг хүлээн авахаас үндэсгүй татгалзсан, уг өргөдлийн шийдвэрлэх хугацааг тодорхой шалтгаангүйгээр хэтрүүлсэн, сунгасан, хойшлуулсан иргэний харьяаллын асуудлыг хянан хэлэлцэх болон мөнхүү асуудлаар гарсан шийдвэрийг биелүүлэх журмыг зөрчсөн тухай гомдлыг холбогдох дээд шатны нь байгууллагын албан тушаалтан болон шүүхэд гаргаж болно.

29 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

30 дугаар зүйл.Хуулийг дагаж мөрдөх

Энэ хуулийг 1995 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.ГОМБОЖАВ


  This work is in the public domain in Mongolia and other jurisdictions.

According to the Law of Mongolia on Copyright from September 1st, 1993 as amended on February 1st, 1997, May 21st, 1999 and Jan 19, 2006, works first published in Mongolia are exempt from copyright if they fall under one of the following categories:

  • legislation and other legal documents
  • administrative decisions and official documents of legal entities and organizations
  • court decisions, resolutions, judge's decrees, and other documents and speeches delivered during court hearings
  • translations of any of the above
  • coat of arms, banners, flags, awards, orders, and medals
  • any news for the purpose of reporting currents events and results
  • works of folklore and national traditions
  • ideas, methods, procedures, scientific discoveries, and mathematical concepts

This work falls into one or more of the above categories and is in the public domain.