Монгол Улсын Хувиргасан амьд организмын тухай хууль
2007 оны 6 дугаар сарын 28-ны өдөр
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Улаанбаатар хот
ХУВИРГАСАН АМЬД ОРГАНИЗМЫН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ - НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
edit1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь хувиргасан амьд организмыг гарган авах, ашиглах, улсын хилээр нэвтрүүлэх, тус улсын нутаг дэвсгэрт биоаюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Хувиргасан амьд организмын тухай хууль тогтоомж
2.1.Хувиргасан амьд организмын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль, Технологи дамжуулах тухай хууль, Генетик нөөцийн тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, энэ хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
2.2.Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол тухайн олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёо
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."биоаюулгүй байдлыг хангах" гэж хувиргасан амьд организмаас хүний эрүүл мэнд, амьтан, ургамал болон биологийн бусад төрөл зүйлд сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах, аюулгүй болгох цогц арга хэмжээг;
3.1.2."хувиргасан амьд организм" гэж орчин үеийн биотехнологийн аргаар гарган авсан удамшлын мэдээллийн шинэ хослол бүхий аливаа амьд организмыг;
3.1.3."биотехнологи" гэж лабораторийн нөхцөлд нэг биетийн эсэд өөр биетийн тодорхой ашигт чанарыг агуулагч ДНХ /дезоксирибонуклеинийн хүчил/ -г холбох, эсхүл ангилал зүйн хувьд ялгаатай организмын эсүүдийг шууд холбох аргаар судалгаа, үйлдвэрлэлийн зориулалттай эрлийз биет гарган авах арга технологийг;
3.1.4."хувиргасан амьд организмыг ашиглах" гэж эрдэм шинжилгээ, туршилт, үйлдвэрлэлийн аргаар гарган авсан хувиргасан амьд организмыг өмчлөх, эзэмших, ашиглахад чиглэгдсэн үйл ажиллагааг;
3.1.5."битүү системд ашиглах" гэж хувиргасан амьд организмыг байгаль орчинд тархах, эсхүл хүний эрүүл мэндэд нөлөөлөхөөс бүрэн сэргийлсэн тусгай орчин буюу зориулалтын лаборатори, хүлэмжид явуулах аливаа үйл ажиллагааг;
3.1.6."эрсдэл" гэж хувиргасан амьд организм нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө учруулж болзошгүй үр дагавар үүсэх магадлалыг;
3.1.7."эрсдлийн үнэлгээ" гэж хувиргасан амьд организм нь хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй болохыг тодорхойлсон мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг.
4 дүгээр зүйл.Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хороо
4.1.Монгол Улсад биоаюулгүй байдлыг хангах ажлыг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий Биоаюулгүй байдлыг хангах орон тооны бус Үндэсний хороо /цаашид "Үндэсний хороо гэх"/ байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд ажиллана.
4.2.Үндэсний хороо нь үйл ажиллагаандаа үндэсний аюулгүй байдлыг хангах, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, нээлттэй байх зарчмыг удирдлага болгоно.
4.3.Үндэсний хорооны бүрэлдэхүүнд байгаль орчин, үйлдвэр, худалдаа, эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, биотехнологийн чиглэлийн эрдэм шинжилгээний байгууллага, холбогдох төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулна.
/Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.4.Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Үндэсний хорооны дүрмийг баталж, бүрэлдэхүүнийг нь томилж, чөлөөлнө.
4.5.Үндэсний хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна.
/Энэ хэсэгт 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4.6.Үндэсний хороо нь дэргэдээ хувиргасан амьд организмын эрсдлийн үнэлгээний тайланд мэргэжлийн дүгнэлт өгөх чиг үүрэг бүхий шинжлэх ухааны орон тооны бус зөвлөл байгуулан ажиллуулж болно.
4.7.Үндэсний хороо нь хуралдааныхаа дэг, энэ хуулийн 4.6-д заасан зөвлөлийн ажиллах журмыг батална.
4.8.Үндэсний хорооны зохицуулагч бөгөөд нарийн бичгийн дарга нь орон тооны байх бөгөөд Үндэсний хорооны зохицуулагч нь Картагений Протоколын нарийн бичгийн дарга нарын газартай харилцана.
5 дугаар зүйл.Үндэсний хорооны бүрэн эрх
5.1.Үндэсний хороо нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
5.1.1.биоаюулгүй байдлыг хангах төрийн бодлогыг боловсруулж, Засгийн газраар батлуулан хэрэгжүүлэх, биотехнологийг хөгжүүлэх таатай орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
5.1.2.биоаюулгүй байдлыг хангах журам, төлөвлөгөө боловсруулж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаар батлуулах;
5.1.3.хувиргасан амьд организмыг улсын хил нэвтрүүлэх зөвшөөрөл олгоход дүгнэлт гаргах;
5.1.4.хувиргасан амьд организмыг гарган авахаар боловсруулсан төслийг хянан хэлэлцэх, гарган авсан хувиргасан амьд организмыг ашиглах эсэх талаар дүгнэлт гаргах;
5.1.5.биоаюулгүй байдлыг хангах байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хамтран ажиллах;
5.1.6.хувиргасан амьд организмыг холбогдох хууль тогтоомжийн дагуу устгах ажлыг зохион байгуулах;
5.1.7.энэ хуулийн 5.1.3, 5.1.4-т заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай нэмэлт мэдээлэл, баримт бичгийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргуулан авах.
5.2.Үндэсний хорооны аливаа шийдвэр нээлттэй байх бөгөөд гаргасан шийдвэрээ хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ.
ХОЁРДУГААР БҮЛЭГ - ХУВИРГАСАН АМЬД ОРГАНИЗМЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ, ГАРГАН АВАХ, ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ
edit6 дугаар зүйл.Хувиргасан амьд организмыг улсын хилээр нэвтрүүлэх
6.1.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.17-д заасан Хувиргасан амьд организмыг экспортлох, импортлох, дамжин өнгөрүүлэх зөвшөөрлийг Үндэсний хорооны дүгнэлтийг үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгох бөгөөд уг зөвшөөрлийг бусдад шилжүүлэхийг хориглоно.
/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
6.2.Зөвшөөрлийн загварыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
6.3.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь хувиргасан амьд организмыг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл авах хүсэлтээ байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бичгээр гаргана.
6.4.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зөвшөөрөл авах хүсэлтдээ дараахь баримт бичгийг хавсаргана:
6.4.1.импортлогч талын мэдэгдэл буюу хувиргасан амьд организмд импортлогч болон экспортлогч орны Засгийн газраас эрх олгогдсон итгэмжлэгдсэн эрдэм шинжилгээний байгууллагаар эрсдлийн үнэлгээ хийлгэсэн тухай дүгнэлт;
6.4.2.хувиргасан амьд организмын онцлог шинжийн талаархи танилцуулга, үржиж чадахуйц нөхцөлийн тодорхойлолт;
6.4.3.хувиргасан амьд организмд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн ажлын тайлан;
6.4.4.хувиргасан амьд организмтай харьцах үеийн аюулгүй ажиллагааны дүрэм, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зөвлөмж, заавар;
6.4.5.иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар, аж ахуйн нэгж, байгууллага бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар.
/Энэ заалтад 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6.5.Энэ хуулийн 6.1-д заасан зөвшөөрлийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Зөвшөөрлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан журмын дагуу Үндэсний хорооны дүгнэлтийг үндэслэн 30 хоногийн дотор шийдвэр гаргана.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
6.6.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь үндэслэлээр зөвшөөрлийг хүчингүй болгоно:
6.6.1.энэ хуулийн 6.4-д заасан баримт бичгийг хуурамчаар үйлдсэн;
6.6.2.зөвшөөрлийн үндсэн дээр хилээр нэвтрүүлж буй хувиргасан амьд организм аюултай нь тогтоогдсон.
6.7.Хувиргасан амьд организмтай харьцах үеийн аюулгүй ажиллагааны дүрэм, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зөвлөмж, зааврыг онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
7 дугаар зүйл.Хувиргасан амьд организмыг улсын хилээр нэвтрүүлэхэд тавих нийтлэг шаардлага, улсын хилээр нэвтрүүлэх, дамжуулан өнгөрүүлэхийг хориглох, түр саатуулах, устгах
7.1.Хувиргасан амьд организмыг улсын хилээр нэвтрүүлэхэд тавих нийтлэг шаардлага, улсын хилээр нэвтрүүлэх, дамжуулан өнгөрүүлэхийг хориглох, түр саатуулах, устгах үйл ажиллагаанд Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн холбогдох заалтыг мөрдөнө.
7.2.Эрсдлийн үнэлгээгээр хор аюултай нь тогтоогдсон хувиргасан амьд организмыг устгах, хоргүйжүүлэх ажиллагааг улсын байцаагчийн хяналтын дор гүйцэтгэнэ.
8 дугаар зүйл.Хувиргасан амьд организмыг нэвтрүүлэх боомт
8.1.Хувиргасан амьд организмыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх боомтыг Үндэсний хорооны саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.
9 дүгээр зүйл.Хувиргасан амьд организмыг гарган авах, үйлдвэрлэх
9.1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хувиргасан амьд организмыг гарган авах, үйлдвэрлэх төслөө Үндэсний хороонд урьдчилан ирүүлж хэлэлцүүлнэ.
9.2.Үндэсний хороо төслийг хүлээн авч хэлэлцээд дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:
9.2.1.төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын болон эрсдлийн үнэлгээ хийлгүүлэх шийдвэр гаргах;
9.2.2.тухайн төслийг хэрэгжүүлэхээс татгалзах.
9.3.Энэ хуулийн 9.2.1-д заасан шийдвэр гарсан бол иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4.1-д заасны дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, энэ хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу эрсдлийн үнэлгээ хийлгэн холбогдох тайланг Үндэсний хороонд ирүүлнэ.
9.4.Үндэсний хороо энэ хуулийн 9.3-т заасан тайланг хэлэлцэн хувиргасан амьд организмыг ашиглах, үйлдвэрлэх эсэх талаар дүгнэлт гаргана.
9.5.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хувиргасан амьд организмыг гарган авах төслийг зөвхөн битүү систем ашиглан хэрэгжүүлнэ.
9.6.Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглан хувиргасан амьд организмыг гарган авах, ашиглах тохиолдолд Генетик нөөцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу төлбөр төлнө.
/Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
10 дугаар зүйл.Хувиргасан амьд организмд эрсдлийн үнэлгээ хийх
10.1.Хувиргасан амьд организмд эрсдлийн үнэлгээг зөвхөн итгэмжлэгдсэн эрдэм шинжилгээний байгууллага хийнэ.
10.2.Итгэмжлэгдсэн эрдэм шинжилгээний байгууллагад эрсдлийн үнэлгээ хийх эрхийг Үндэсний хорооны саналыг үндэслэн Засгийн газар олгоно.
10.3.Эрсдлийн үнэлгээг Картагений Протоколын 3 дугаар хавсралтын дагуу хийж гүйцэтгэнэ.
11 дүгээр зүйл. Технологийн нууцлал хадгалах
11.1.Үндэсний хорооны гишүүн, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын холбогдох ажилтан, энэ хуулийн 4.6-д заасан зөвлөлийн гишүүн нь чиг үүргээ хэрэгжүүлэхдээ олж мэдсэн хувиргасан амьд организмын технологийн нууцлалыг хадгалах үүрэгтэй.
11.2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь хувиргасан амьд организмын технологийг нууцлах талаархи үндэслэлээ Үндэсний хорооны ажлын албанд ирүүлнэ.
11.3.Ажлын алба нь технологийн нууцлалын үндэслэл, мэдэгдлийг судалж, нууцлах эсэх талаархи холбогдох баримт бичгийг төрийн нууцын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлж шийдвэрлүүлнэ.
11.4.Үндэсний хорооны ажлын албанд технологийн нууцлал хариуцсан ажилтанг тусгайлан томилно.
/Энэ хэсгийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
11.5.Технологийн нууцлалыг хангахдаа Төрийн болон албаны нууцын тухай6хуулийг баримтална.
/2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
ГУРАВДУГААР БҮЛЭГ - БИОАЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ
edit12 дугаар зүйл.Биоаюулгүй байдлыг хангах
12.1.Хувиргасан амьд организмын тухай хуулийг хэрэгжүүлэх нийтлэг журмыг Засгийн газар батална.
12.2.Энэ хуулийн 12.1-д заасан журамд биоаюулгүй байдлыг хангах талаар онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус байгууллагын хэрэгжүүлэх арга хэмжээг тусгана.
13 дугаар зүйл.Хувиргасан амьд организмыг ашиглах
13.1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих журмын дагуу дүгнэлт гаргуулж зөвшөөрөл авсан нөхцөлд хувиргасан амьд организмыг гарган авах, туршилт явуулах, ашиглах, үйлдвэрлэх эрх эдэлнэ.
13.2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хувиргасан амьд организмыг ашиглахдаа хувиргасан амьд организмын аюулгүй байдлыг хангах журмыг дагаж мөрдөнө.
13.3.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага гарган авсан, үйлдвэрлэсэн болон ашиглаж буй хувиргасан амьд организм, түүнээс гарган авсан бүтээгдэхүүндээ гарал үүслийн тодорхойлолт, гарал үүслийг тодорхойлсон шошго тэмдэг бүхий тусгай сав, баглаа, боодол хэрэглэнэ.
13.4.Ашиглаж байгаа болон шинээр гарган авсан хувиргасан амьд организмаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн тус бүрт ашиглах, харьцах заавар заавал дагалдаж байна.
14 дүгээр зүйл.Биоаюулгүй байдлыг хангах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг
14.1.Биоаюулгүй байдлыг хангах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараахь эрх эдэлнэ:
14.1.1.хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй хувиргасан амьд организмыг өөрийн үзэмжээр сонгож хэрэглэх;
14.1.2.хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй хувиргасан амьд организмыг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр улсын хилээр нэвтрүүлэх, гарган авах;
14.1.3.биоаюулгүй байдлыг хангахтай холбогдсон мэдээллийг холбогдох байгууллагаас гаргуулж авах;
14.1.4.биоаюулгүй байдлыг хангах талаар Үндэсний хороонд санал, хүсэлт гаргах;
14.1.5.хувиргасан амьд организмыг гарган авах, ашиглах, улсын хилээр нэвтрүүлэх асуудлаар холбогдох байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах.
14.2.Биоаюулгүй байдлыг хангах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараахь үүрэг хүлээнэ:
14.2.1.биоаюулгүй байдлыг хангах талаархи хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны хууль ёсны шийдвэрийг биелүүлэх;
14.2.2.хувиргасан амьд организмд итгэмжлэгдсэн эрдэм шинжилгээний байгууллагаар эрсдлийн үнэлгээ хийлгэх;
14.2.3.энэ хуулийн 7 дугаар зүйл болон хувиргасан амьд организмыг гарган авах, ашиглах болон түүнээс үүдэлтэй хор уршгаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгахтай холбогдсон заавар, зөвлөмжийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах;
14.2.4.хувиргасан амьд организмыг гарган авах, ашиглах явцдаа бусдад хохирол учруулсан бол хохирлыг нөхөн төлөх.
15 дугаар зүйл.Хувиргасан амьд организмаас үүдэлтэй хор уршгаас урьдчилан сэргийлэх, арилгах талаархи иргэн, төрийн бус байгууллагын оролцоо
15.1.Иргэн, төрийн бус байгууллага хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд биоаюулгүй байдлыг хангахтай холбогдсон дүрэм, журам, зааврын хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавьж, зөрчил гаргасан бол эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлж болно.
15.2.Иргэн, төрийн бус байгууллага хувиргасан амьд организмаас үүдэлтэй хор уршгаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах талаар төрийн болон төрийн бус бусад байгууллагатай хамтран үйл ажиллагаа явуулж болно.
15.3.Энэ хуулийн 15.2-д заасан үйл ажиллагаа явуулахад холбогдох хуулийн дагуу улсын төсвөөс дэмжлэг үзүүлж болно.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ - БУСАД ЗҮЙЛ
edit16 дугаар зүйл.Биоаюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны санхүүжилт
16.1.Биоаюулгүй байдлыг хангахтай холбоотой үйл ажиллагааг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
16.2.Хувиргасан амьд организмаас үүдэлтэй хор уршгийг яаралтай арилгах зайлшгүй нөхцөлд гарах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.
16.3.Хэрэгжүүлэх гэж буй төслийн үр ашиг, ач холбогдлыг харгалзан улсын төсвөөс санхүүжүүлсэн нөхцөлд уг зардлыг тухайн төсөл хэрэгжүүлэгч этгээдээр гэрээний үндсэн дээр нөхөн төлүүлнэ.
17 дугаар зүйл. Хувиргасан амьд организмыг ашиглах, улсын хилээр нэвтрүүлэхэд тавих хяналт
/Энэ зүйлийг гарчигт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17.1.Хувиргасан амьд организмыг ашиглах, улсын хилээр нэвтрүүлэхэд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон зөвшөөрлийг үндэслэн байгаль орчны болон хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, гаалийн байгууллага хяналт тавина.
/Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17.2.Улсын байцаагч нь Төрийн хяналт, шалгалтын тухай хуулиар тогтоосон эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
/Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
18 дугаар зүйл.Хувиргасан амьд организмыг улсын хилээр нэвтрүүлэхтэй холбогдсон маргааныг шийдвэрлэх
18.1.Хувиргасан амьд организмыг улсын хилээр нэвтрүүлэхтэй холбогдон иргэн, аж ахуйн нэгж, байгууллага улсын байцаагчийн хооронд үүссэн маргааныг гаалийн байгууллага хянан шийдвэрлэх бөгөөд тухайн шийдвэрийг эс зөвшөөрвөл иргэн, аж ахуйн нэгж, байгууллага шүүхэд гомдол гаргаж болно.
/Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
19 дүгээр зүйл. Хувиргасан амьд организмын бүртгэл
19.1.Хувиргасан амьд организм гарган авах туршилт явуулах, үйлдвэрлэх эрхтэй байгууллага нь улсын бүртгэлд хамрагдаж, гарган авсан, ашиглаж буй хувиргасан амьд организмыг бүртгүүлж байна.
19.2.Энэ хуулийн 19.1-т заасан бүртгэлийг Үндэсний хорооны ажлын алба эрхлэн хөтлөнө.
20 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
20.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
This work is in the public domain in Mongolia and other jurisdictions.
According to the Law of Mongolia on Copyright from September 1st, 1993 as amended on February 1st, 1997, May 21st, 1999 and Jan 19, 2006, works first published in Mongolia are exempt from copyright if they fall under one of the following categories:
This work falls into one or more of the above categories and is in the public domain. |