Монгол Улсын Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль (2000)

Монгол Улсын Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль (2000)
321565Монгол Улсын Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль2000

/Энэ хуулийг 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2000 оны 05 дугаар сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

ШУДАРГА БУС ӨРСӨЛДӨӨНИЙГ ХОРИГЛОХ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ - НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

edit

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагааг хориглон хязгаарлах, урьдчилан сэргийлэх эрх зүйн болон зохион байгуулалтын үндсийг тодорхойлж хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль тогтоомж

2.1. Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль[1], энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1. Энэхүү хууль нь зах зээлийн өрсөлдөөнд оролцогч хуулийн этгээд, төрийн болон нутгийн захиргааны байгууллагад нэгэн адил үйлчилнэ.

3.2. Хуульд өөрөөр заагаагүй бол үнэт цаас, санхүүгийн зах зээл болон зар сурталчилгааны үйл ажиллагаа нь өрсөлдөөнд харш үр дагавар үзүүлэх буюу үзүүлж болзошгүй бол энэ хуулийг мөрдөнө.

3.3. Оюуны өмчийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийн хүрээнд хийсэн үйл ажиллагаа, үүссэн нөхцөл байдлыг өрсөлдөөнийг хязгаарласанд тооцохгүй.

4 дүгээр зүйл. Хуулийн нэр томъёо

4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1. "бараа бүтээгдэхүүн" гэж зах зээлд нийлүүлж байгаа бүх төрлийн эд юмс, төлбөрийн хэрэгсэл, үйлчилгээ, шилжүүлж болох эрх зэргийг;

4.1.2. "зах зээл" гэж тодорхой бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт бодитой явагдаж байгаа нутаг дэвсгэрийг;

4.1.3. "санхүүгийн байгууллага" гэж зээлийн болон даатгалын байгууллага, түүнчлэн үнэт цаасны зах зээл дэх мэргэжлийн зуучлагчийг;

4.1.4. "өрсөлдөгч" гэж тухайн төрлийн бараа бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлэлт хийж байгаа этгээдийг.

5 дугаар зүйл. Зах зээлд ноёрхох байдал

5.1. Зах зээлд тодорхой төрлийн бараа бүтээгдэхүүний борлуулалтын гуравны нэгээс дээш хувийг дагнан буюу бусад этгээдтэй хамтран хийж байвал давамгайлах байдалтай гэж үзнэ.

5.2. Давамгай байдлаа хууль бусаар ашиглах, өрсөлдөгчөө зах зээлд ороход саад учруулах, өрсөлдөөнийг болон хэрэглэгчийг хясан боогдуулахыг ноёрхох үйл ажиллагаанд тооцож, ийм төрлийн үйл ажиллагаа явуулсан этгээдийг ноёрхогч гэж үзнэ.

5.3. Тухайн бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлэлт хийж байгаа нэг этгээд байхад л нийгмийн дундаж зардал, хамгийн бага байх зах зээлд дангаараа үйл ажиллагаа явуулж байгаа этгээдийг зүй ёсны монополь гэж үзнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ - ДАВАМГАЙ БАЙДАЛТАЙ АЖ АХУЙН НЭГЖЭЭС ШУДАРГА ӨРСӨЛДӨӨНД СААД УЧРУУЛАХЫГ ХОРИГЛОХ

edit

6 дугаар зүйл. Давамгай байдлаа шударга өрсөлдөөнд харшаар ашиглах

6.1. Давамгай байдалтай аж ахуйн нэгж дангаараа дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

6.1.1. зохиомлоор барааны хомсдол бий болгож үнийг өсгөх зорилгоор өөрийн барааны үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоох, хэмжээг хязгаарлах;

6.1.2. зах зээлд давамгай байдлаа ашиглаж хэрэглэгчдээс борлуулалтын нэмэлт нөхцөлийг шаардах, бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах;

6.1.3. бусад аж ахуйн нэгж зах зээлд гарч ирэхэд саад учруулах, тэдгээрийг зах зээлээс шахан зайлуулах зорилгоор бараа бүтээгдэхүүнээ зардлаас доогуур үнээр борлуулах;

6.1.4. үйл ажиллагаа эрхэлж байгаа бусад этгээдийг зах зээлээс шахан зайлуулах зорилгоор тэдгээртэй аж ахуйн харилцаа тогтоохоос үндэслэлгүйгээр татгалзах, тэдгээрт үндэслэлгүй шалгуур үзүүлэлт тогтоох;

6.1.5. бараа бүтээгдэхүүн борлуулахдаа иж бүрдэлд ороогүй бараа дагалдуулах;

6.1.6. хэрэглэгчид тухайн барааг дахин борлуулах үнэ, нутаг дэвсгэрийг тогтоож өгөх;

6.1.7. өөрийн бараа бүтээгдэхүүнийг борлуулахдаа өрсөлдөгчийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахуулахгүй байх болзол тулгах;

6.1.8. тухайн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг бууруулахад хүргэж болох бага үнээр уг бараа бүтээгдэхүүнийг өөртөө худалдахыг бусдаас шаардах;

6.1.9. хэрэглэгч болон өрсөлдөгчөөс санхүүгийн хэрэгсэл, эд хөрөнгө, тэдгээрийн эрх, ажиллах хүч зэргийг өөртөө шилжүүлэхийг үндэслэлгүйгээр шаардах;

6.1.10. өрсөлдөгчөө хуваах, тусгаарлах замаар өөрчлөн байгуулах, татан буулгахыг шаардах;

6.1.11. гэрээний зүйлд хамаарахгүй болон гэрээт талд ашиггүй нөхцөлийг гэрээнд тусгахыг тулган шаардах.

7 дугаар зүйл. Давамгай байдалтай өрсөлдөгч аж ахуйн нэгж өрсөлдөөнд саад учруулсан хэлцэл хийхийг хориглох

7.1. Хамтдаа давамгай байдалтай өрсөлдөгч аж ахуйн нэгжүүд өрсөлдөөнийг хязгаарлах зорилгоор дараахь шийдвэр, хэлцэл, тохиролцоо байгуулахыг хориглоно:

7.1.1. бараа бүтээгдэхүүний үнийг харилцан тохиролцох, эсхүл үйлдвэрлэл, үйлчилгээг хязгаарлах;

7.1.2. зах зээлийг нутаг дэвсгэр, үйлдвэрлэл, үйлчилгээ, борлуулалт, барааны нэр, төрөл, хэрэглэгчээр хуваарилах;

7.1.3. өрсөлдөөнд чухал ач холбогдол бүхий хэлцэл, тохиролцооноос хамсан татгалзах;

7.1.4. уралдаан буюу дуудлага худалдаанд үнийг урьдчилан тохиролцож оролцох, бусад өрсөлдөгчөө дээрх үйл ажиллагааны бодит нөхцөлөөс төөрөгдүүлэх, тэдэнд дарамт, шахалт үзүүлэх;

7.1.5. аж ахуйг ашигтай эрхлэх зорилгоор аль нэг байгууллагад гишүүнээр элсэхэд нь өрсөлдөгчид саад учруулах;

7.1.6. барааг гуравдагч этгээдэд худалдах болон худалдан авахыг хязгаарлах.

8 дугаар зүйл. Өрсөлдөгч аж ахуйн нэгжийн удирдлагын албан тушаалд ажиллахыг хориглох

8.1. Давамгай байдалтай аж ахуйн нэгжийн удирдлага өрсөлдөгч бусад аж ахуйн нэгжийн удирдлагын албан тушаалд хавсарч ажиллахыг хориглоно.

9 дүгээр зүйл. Өрсөлдөгчөө эрхшээлдээ авахыг хориглох

9.1. Давамгай байдалтай аж ахуйн нэгж зах зээлд ноёрхох үйл ажиллагаа явуулах зорилгоор өрсөлдөгчийн хувьцааг худалдан авахыг хориглоно.

9.2. Улсын эдийн засагт тэргүүлэх чиглэлийн болон хүн амд нэн шаардлагатай барааны өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зэрэг ашигтай тал нь өрсөлдөөнд учруулах хохирлоос илүүтэй байх нь нотлогдсон тохиолдолд энэ хуулийн 9.1-д заасныг хамааруулахгүй байж болно.

10 дугаар зүйл. Өрсөлдөөнд харш үйл ажиллагаа

10.1. Аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд өрсөлдөөнд харш дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

10.1.1. өрсөлдөгчийн болон түүний бараа бүтээгдэхүүний нэр хүндийг гутаах, эсхүл өрсөлдөгчөө алдагдалд оруулж болохуйц худал, зөрүүтэй буюу гуйвуулсан мэдээ тараах;

10.1.2. өөрийн болон өрсөлдөгчийн үйлдвэрийн газар, түүний байршил, түүнчлэн бараа үйлдвэрлэсэн арга, хэрэглээний шинж чанарын гол үзүүлэлт, хэрэглэх аргын талаар худал, зөрүүтэй мэдээлэх, эсхүл үнэн байдлыг гуйвуулах зэргээр бусдыг төөрөгдүүлэх;

10.1.3. өөрийн барааг бусдын бараатай ижилсгэн сурталчлах;

10.1.4. ивээн тэтгэгч этгээд ивээн тэтгүүлж байгаа этгээдээс өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаа явуулахыг шаардах;

10.1.5. бараа бүтээгдэхүүн сурталчлахаар өгсөн захиалгын хугацаа, дарааллыг зөрчих;

10.1.6. бусдын барааны тэмдэг, шошго, үйлдвэрийн нэр, барааны чанарын баталгааг дур мэдэн хэрэглэх, түүнчлэн барааны оноосон нэр, баглаа боодлыг хуулбарлах;

10.1.7. патент эзэмшигч, зохиогчийн зөвшөөрөлгүйгээр шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэл, худалдааны мэдээлэл, нууцыг худалдах, нийтлэх, бусдад тараах. Энэ нь патентын болон зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомжоор хязгаарлагдаагүй, зах зээлд чөлөөтэй худалдагдаж байгаа барааг дуурайлган дахин угсран бүтээхэд хамаарахгүй;

10.1.8. барааны чанарын доголдол, аюултай шинж чанарыг нуун дарагдуулах.

ГУРАВДУГААР БҮЛЭГ - ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГААС ӨРСӨЛДӨӨНИЙГ ХЯЗГААРЛАХАД ЧИГЛЭСЭН ШИЙДВЭР ГАРГАХЫГ ХОРИГЛОХ

edit

11 дүгээр зүйл. Төрийн захиргааны байгууллагаас өрсөлдөөнийг

11.1. Хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн болон нутгийн захиргааны байгууллагаас аж ахуйн аливаа үйл ажиллагаатай холбогдсон зөвшөөрлийн /лиценз/ эрх олгохыг хориглоно.

11.2. Төрийн болон нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад тохиолдолд дараахь шийдвэр гаргахыг хориглоно:

11.2.1. аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах, бараа үйлдвэрлэх, борлуулахыг хориглосон буюу хязгаарласан;

11.2.2. аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд бараагаа нэг зах зээлээс нөгөөд борлуулахыг хориглосон буюу хязгаарласан;

11.2.3. аж ахуйн үйл ажиллагааны аливаа чиглэлээр тухайн зах зээлд өрсөлдөгч гарч ирэхийг хориглосон буюу хязгаарласан.

11.3. Төрийн болон нутгийн захиргааны байгууллага хууль тогтоомжид зааснаас бусад тохиолдолд хоорондоо болон аль нэг аж ахуйн нэгжтэй тохиролцон дараахь шийдвэр гаргахыг хориглоно:

11.3.1. бараа бүтээгдэхүүний үнийг бууруулсан, эсхүл нэг хэмжээнд барихад чиглэсэн;

11.3.2. зах зээлийг нутаг дэвсгэр, эсхүл үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээ, барааны нэр, төрөл, худалдагч, худалдан авагчийн хүрээгээр хуваарилахад чиглэсэн;

11.3.3. аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд тухайн зах зээлд гарч ирэхийг хязгаарласан, эсхүл түүнийг зах зээлээс шахан зайлуулахад чиглэсэн;

11.3.4. аж ахуйн нэгжийн бараа бүтээгдэхүүнийг бусад байгууллага, аж ахуйн нэгж, үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдэд зээлээр олгоход чиглэсэн.

11.4. Байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюулын улмаас учирсан хохирлыг нөхөхөд зориулж Засгийн газар, түүний эрх олгосон байгууллагаас зээл олгох, тусламж үзүүлэхийг өрсөлдөөнийг хязгаарласанд тооцохгүй.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ - ШУДАРГА БУС ӨРСӨЛДӨӨНИЙГ ХЯНАН ЗОХИЦУУЛАХ БАЙГУУЛЛАГА

edit

12 дугаар зүйл. Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах алба

12.1.Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид "Хянан зохицуулах алба" гэх/ нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг нь шалган дүнг мэдээлэх чиг үүрэг болон энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг тусгай хуулиар зохицуулна.

/Энэ хэсгийг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

12.2. Хянан зохицуулах алба нь зөвлөлтэй байна:

12.2.1. Зөвлөл нь дарга, дөрвөн гишүүнээс бүрдэнэ. Хянан зохицуулах албаны дарга нь зөвлөлийн дарга байна. Зөвлөлийн гишүүд орон тооны бус байна;

12.2.2. Зөвлөлийн гишүүдийг хянан зохицуулах албаны даргын санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлнө;

12.2.3. Зөвлөл нь энэ хуулийн 14.1.1, 14.1.2, 14.1.3, 14.2, 15.2-т заасан асуудлаар шийдвэр /тогтоол/ гаргана.

12.3. Хянан зохицуулах алба нь энэ хуульд заасан үндсэн чиг үүргээ төрийн болон нутгийн захиргааны байгууллагаас хамааралгүйгээр бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлнэ.

12.4. Хянан зохицуулах албанд улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч, орон нутагт улсын байцаагч ажиллана.

12.5. Хянан зохицуулах албаны дарга улсын ерөнхий байцаагч байна. Улсын ахлах байцаагч, улсын байцаагчийг улсын ерөнхий байцаагч томилж, чөлөөлнө.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

12.6. Хянан зохицуулах албаны үйл ажиллагааны стратеги, бүтцийг Засгийн газар баталж, төсвөөс санхүүжүүлнэ.

12.7. Хянан зохицуулах алба үйл ажиллагаагаа жил бүр Засгийн газарт тайлагнана.

13 дугаар зүйл. Улсын байцаагчийн бүрэн эрх

13.1. Хянан зохицуулах албаны улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай[2] хуулийн 21 дүгээр зүйлд заасан улсын байцаагчийн нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлж, мөн хуулийн 23 дугаар зүйлд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх баталгаагаар хангагдана.

14 дүгээр зүйл. Хянан зохицуулах албаны бүрэн эрх

14.1. Хянан зохицуулах алба нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

14.1.1. шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр аж ахуйн нэгж, байгууллагад шалгаж дүгнэлт гаргах;

14.1.2.аж ахуйн нэгжийн тухайн зах зээлд давамгайлах болон зүй ёсны монополь байдалтай, түүнчлэн тэр байдлаа алдсаныг тогтоох, бүртгэх, судалгаа гаргах, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих. Аж ахуйн нэгжүүдийн давамгай болон зүй ёсны монополь байдалтай, түүнчлэн тэр байдлаа алдсаныг тогтоох журмыг Засгийн газар батална;

14.1.3. давамгай байдлаа хууль бусаар ашиглаж байгаа аж ахуйн нэгжийг хуваах, тусгаарлах замаар өөрчлөн байгуулахыг тухайн аж ахуйн нэгжийн удирдлагаас шаардах, шаардлагыг хүлээн аваагүй тохиолдолд зөрчлийг арилгах хүртэл үйл ажиллагааг зогсоох;

14.1.4. шударга өрсөлдөөнд харш үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн хууль бус ажиллагааг таслан зогсоох, хориглох, хязгаарлах, захиргааны шийтгэл ногдуулах;

14.1.5. өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдол бүхий мэдээ, мэдээлэл, бичиг баримтыг төрийн болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтан, аж ахуйн нэгжээс гаргуулан авах, түүнд дүн шинжилгээ, боловсруулалт хийх, дүгнэлт гаргах;

14.1.6. шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль тогтоомжийг зөрчиж гаргасан төрийн болон нутгийн захиргааны байгууллагын шийдвэрийг хүчингүй болгуулах саналыг холбогдох дээд байгууллага, албан тушаалтанд гаргаж шийдвэрлүүлэх;

14.1.7. өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх, хамгаалах талаар санал боловсруулан Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх;

14.1.8. өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэхтэй холбогдуулан гаргасан шийдвэрээ нийтэд мэдээлэх;

14.1.9. мэргэжлийн хяналт шалгалтын болон холбогдох бусад байгууллагын ажилтнуудыг хяналт шалгалтын болон дүгнэлт гаргах ажилд татан оролцуулах.

14.2. Улсын байцаагчийн тавьсан актыг шаардлагатай бол Зөвлөл хянаж шийдвэр гаргана.

15 дугаар зүйл. Аж ахуйн нэгжүүдийг өөрчлөн байгуулах

15.1. Давамгай байдалтай аж ахуйн нэгж өрсөлдөгч аж ахуйн нэгжтэй нэгдэх, нийлэхийг хориглоно.

15.2. Аж ахуйн нэгжүүдийн нэгдэх, нийлэх, өөрчлөн байгуулах ажиллагааг Хянан зохицуулах албаны гаргасан дүгнэлтийг үндэслэн улсын бүртгэлд бүртгэнэ. Хянан зохицуулах алба нь холбогдох материалыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор дүгнэлтийг бичгээр гаргана. Шаардлагатай гэж үзвэл Хянан зохицуулах алба энэ хугацааг 14 хоног хүртэл сунгаж болно.

15.3. Хянан зохицуулах алба нь аж ахуйн нэгжүүдийг нэгдэх, нийлэх, хувьчлах замаар өөрчлөн байгуулснаар зах зээлд ноёрхох байр суурь эзлэн өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөл бүрдэнэ гэж үзсэн тохиолдолд аж ахуйн нэгжүүдийг ийнхүү өөрчлөн байгуулахыг татгалзаж болно.

15.4. Татгалзсан дүгнэлт нь уг аж ахуйн нэгжийг улсын бүртгэлд бүртгэхгүй байх үндэслэл болно.

ТАВДУГААР БҮЛЭГ - ЗҮЙ ЁСНЫ МОНОПОЛИЙГ ТӨРӨӨС ЗОХИЦУУЛАХ

edit

16 дугаар зүйл. Зүй ёсны монополийн үйл ажиллагааг зохицуулах

16.1. Хянан зохицуулах алба зүй ёсны монополийн үйл ажиллагаанд дараахь зохицуулалт хийнэ:

16.1.1. зах зээлд нийлүүлж байгаа бараа бүтээгдэхүүний тоо хэмжээний өөрчлөлтийн талаар хүчин чадалтай нь уялдуулан зөвшөөрөл олгох;

16.1.2. бодит зардлыг харгалзан тухайн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчид борлуулах үнийн өөрчлөлтийг хянан зөвшөөрөл олгох;

16.1.3. өрсөлдөөн үүсэх боломж бүрдсэн буюу зүй ёсны монополийн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт буурсан тохиолдолд өрсөлдөөн бий болгох шаардлагыг холбогдох газарт тавьж шийдвэрлүүлэх.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ - БУСАД ЗҮЙЛ

edit

17 дугаар зүйл. Гомдол гаргах

17.1. Хянан зохицуулах албаны шийдвэрийг хууль бус гэж үзсэн этгээд энэ тухай гомдлоо шүүхэд гаргаж болно.

17.2. Энэ хуулийн 18.2-т заасны дагуу хууль зөрчигчид хүлээлгэсэн хариуцлагыг үл биелүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэр биелүүлэх журмаар түүнийг албадан гүйцэтгүүлнэ.

18 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

18.1. Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль тогтоомж зөрчсөнөөс бусдад учруулсан эд хөрөнгийн хохирлыг гэм буруутай этгээдээр хууль тогтоомжийн дагуу нөхөн төлүүлнэ.

18.2. Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль тогтоомж зөрчигчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Хянан зохицуулах албаны улсын байцаагч дараахь захиргааны шийтгэл ногдуулна.

18.2.1. энэ хуулийн 6, 7, 10 дугаар зүйл, 9.1-д заасныг зөрчсөн аж ахуйн нэгжийг 100000-250000 төгрөгөөр торгох, хууль бусаар олсон орлого, эд зүйлийг хураах, зөрчлийг арилгах хүртэл үйл ажиллагааг түр зогсоох, тусгай зөвшөөрлийн эрхийг хууль тогтоомж зөрчихөд ашигласан бол түүнийг хүчингүй болгуулах талаар саналыг зөвшөөрөл олгосон холбогдох эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

18.2.2. энэ хуулийн 8 дугаар зүйл, 15.1-д заасныг зөрчсөн албан тушаалтныг 30000-60000 төгрөгөөр торгож, зөрчил гаргахаас өмнөх байдлыг сэргээн тогтоох;

18.2.3. энэ хуулийн 11.1, 11.2, 11.3-т заасныг зөрчсөн албан тушаалтныг 30000-60000 төгрөгөөр торгох.

ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ


  1. Үндсэн хууль-"Төрийн мэдээлэл"-ийн 1992 оны 1 дүгээрт нийтлэгдсэн.
  2. Төрийн хяналт шалгалтын тухай хууль-"Төрийн мэдээлэл"-ийн 1995 оны 4 дүгээрт нийтлэгдсэн.


  This work is in the public domain in Mongolia and other jurisdictions.

According to the Law of Mongolia on Copyright from September 1st, 1993 as amended on February 1st, 1997, May 21st, 1999 and Jan 19, 2006, works first published in Mongolia are exempt from copyright if they fall under one of the following categories:

  • legislation and other legal documents
  • administrative decisions and official documents of legal entities and organizations
  • court decisions, resolutions, judge's decrees, and other documents and speeches delivered during court hearings
  • translations of any of the above
  • coat of arms, banners, flags, awards, orders, and medals
  • any news for the purpose of reporting currents events and results
  • works of folklore and national traditions
  • ideas, methods, procedures, scientific discoveries, and mathematical concepts

This work falls into one or more of the above categories and is in the public domain.