Монгол Улсын хууль Монгол хэлний тухай
2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Улаанбаатар хот
МОНГОЛ ХЭЛНИЙ ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ - НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
edit1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь монгол хэл, бичиг үсгээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Монгол хэлний тухай хууль тогтоомж
2.1.Монгол хэлний тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол уг гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хууль Монгол Улсын иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллага, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар, бусад хуулийн этгээдэд хамаарна.
4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1."төрийн албан ёсны хэл" гэж төрийн байгууллага, хуулийн этгээдийн аливаа үйл ажиллагаа явуулах, албан хэрэг хөтлөх орчин цагийн утга зохиолын монгол хэлийг;
4.1.2."монгол хэлний хэм хэмжээ" гэж орчин цагийн утга зохиолын монгол хэлний найруулан бичих, зөв дуудах ёс, зүй тогтол, зөв бичих дүрмийг;
4.1.3."үндэсний бичиг" гэж уламжлалт монгол бичгийг;
4.1.4."монгол хэл, бичиг" гэж монгол хэл, кирил болон үндэсний бичгийг.
5 дугаар зүйл.Хуулийн үндсэн зарчим
5.1.Монгол хэл нь монгол үндэстний оюуны соёлын үнэт өв, үндэсний соёл иргэншлийн язгуур үндэс, улс орны нэгдмэл байдал, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын нэгэн баталгаа мөн.
5.2.Монгол хэл, бичиг үсгийг эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг хангах нь төрийн үүрэг мөн.
5.3.Монгол Улсын иргэн бүр монгол хэл, бичиг үсгээ сурах, монгол хэлээр мэдээлэл авах, өвлөх, өвлүүлэх, хамгаалах, хөгжүүлэх боломж, нөхцөлөөр хангагдах эрхтэй.
ХОЁРДУГААР БҮЛЭГ - МОНГОЛ ХЭЛИЙГ ХЭРЭГЛЭХ
edit6 дугаар зүйл.Монгол хэлийг хэрэглэх
6.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт дараах үйл ажиллагаа, албан хэргийг монгол хэлээр хөтлөн явуулна:
6.1.1.төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагаа, албан хэрэг хөтлөлт;
6.1.2.төрөөс олгосон зөвшөөрлийн дагуу гадаад хэлээр сургалт явуулдаг байгууллагаас бусад бүх шатны боловсролын байгууллагын сургалт;
6.1.3.бүх шатны шүүн таслах ажиллагааны тэмдэглэл, архивын холбогдох баримт бичиг;
6.1.4.Монгол Улсын олон улсын гэрээ;
6.1.5.Монгол Улсаас гадаад улс, дипломат төлөөлөгчийн газарт илгээх албан ёсны ноот бичиг;
6.1.6.Монгол Улсын иргэний үнэмлэх, төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ, үндэсний гадаад паспорт, боловсролын баримт бичиг;
6.1.7.газар нутаг, засаг захиргааны нэгж, гудамж, зам, талбай, хуулийн этгээдийн нэр, хаяг;
6.1.8.Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх бичиг, захидал хүлээн авагч, илгээгчийн хаяг;
6.1.9.төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас хэвлэн гаргах мэдээлэл, товхимол;
6.1.10.олон нийтэд зориулсан зар;
6.1.11.албан байгууллага, барилга, байгууламж, нийтийн тээврийн хэрэгсэлд байрлуулах зааварчилгаа, мэдээлэл, аюулгүй ажиллагааны санамж.
6.2.Энэ хуулийн 6.1.4-6.1.6, 6.1.9-6.1.11-т заасан үйл ажиллагаа явуулах, албан хэрэг хөтлөхөд олон улсын харилцааны хэрэгцээ, шаардлагыг харгалзан гадаад хэл давхар хэрэглэж болно.
6.3.Төрөөс олгосон зөвшөөрлийн дагуу гадаад хэлээр сургалт явуулдаг болон гадаад хэл заах тусгай зөвшөөрөл бүхий ерөнхий боловсролын сургуулиас бусад ерөнхий боловсролын сургуульд гадаад хэлийг тавдугаар ангиас эхлэн зааж болно.
6.4.Газар нутаг, гудамж, зам, талбайд гадаад нэр оноох асуудлыг нутгийн өөрөө удирдах байгууллага энэ хуулийн 21.1-д заасан эрх бүхий байгууллагатай зөвшилцөн шийдвэрлэнэ.
6.5.Бүх шатны сургалт, эрдэм шинжилгээний ажилд шинжлэх ухааны нэр томьёог монгол хэлнээ орчуулан хэрэглэхийг эрхэмлэнэ.
6.6.Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн газар болон олон улсын байгууллага Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд гадаад хэлээр хандах бол монгол орчуулгыг хавсаргана.
6.7.Монгол Улсад аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа гадаадын хуулийн этгээд, төрийн бус байгууллага Монгол Улсын төрийн байгууллага, иргэнтэй монгол хэлээр харилцаж, санхүү, татвар, хөдөлмөр, ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн холбогдолтой баримт бичиг, мэдээллийг монгол хэлээр үйлдэнэ.
ГУРАВДУГААР БҮЛЭГ - БИЧИГ ҮСЭГ СОНГОН ХЭРЭГЛЭХ
edit7 дугаар зүйл.Бичиг үсэг сонгон хэрэглэх
7.1.Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, хуулийн этгээд албан хэргээ кирил бичгээр хөтлөн явуулна.
7.2.Энэ хуулийн 11.1.2-т заасан үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна.
7.3.Өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад үндэсний бичгийг зургаадугаар ангиас эхлэн төгстөл тусгайлсан хөтөлбөрөөр заана.
7.4.Их, дээд сургуульд элсэгчдээс авах элсэлтийн ерөнхий шалгалт болон төрийн албанд анх орох иргэнээс авах монгол хэлний шалгалтын агуулгын дөрөвний нэгээс доошгүй хувь нь үндэсний бичгийн мэдлэгийг үнэлэхэд чиглэнэ.
7.5.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдаас гадаад улсын адил төвшний албан тушаалтанд илгээх албан бичиг, захидлыг үндэсний бичгээр үйлдэж гадаад хэлээрх орчуулгыг хавсаргана.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ - МОНГОЛ ХЭЛНИЙ ЗӨВ БИЧИХ ДҮРЭМ, ТОЛЬ БИЧИГ
edit8 дугаар зүйл.Монгол хэлний зөв бичих дүрэм, толь бичиг
8.1.Монгол Улсын хэмжээнд кирил болон үндэсний бичгийн зөв бичих тус тусын нэгдмэл дүрэмтэй байх бөгөөд иргэн, хуулийн этгээд уг дүрмийг дагаж мөрдөнө.
8.2.Кирил болон үндэсний бичгийн зөв бичих дүрэм, түүний өөрчлөлтийг энэ хуулийн 22.1-д заасан эрх бүхий судалгааны байгууллага хариуцан боловсруулж, 21.1-д заасан эрх бүхий байгууллага баталснаар хүчин төгөлдөр болно.
8.3.Кирил болон үндэсний бичгийн зөв бичих дүрмийг баримтлан зохиосон толь бичгийг энэ хуулийн 22.1-д заасан эрх бүхий судалгааны байгууллага хянаж, 21.1-д заасан эрх бүхий байгууллага хэлэлцэн батална.
ТАВДУГААР БҮЛЭГ - ТӨРИЙН БОЛОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГА, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ҮҮРЭГ
edit9 дүгээр зүйл.Монгол Улсын Ерөнхийлөгч
9.1.Монгол Улсын Ерөнхийлөгч монгол хэл, бичиг үсгээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх талаар дараах үүрэг хүлээнэ:
9.1.1.монгол хэл, бичиг үсгээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэхтэй холбоотой төрийн бодлогын талаарх саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
9.1.2.монгол хэл, бичиг үсгээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажил, анхаарах асуудлын талаар хоёр жил тутам Улсын Их Хуралд мэдээлэл хийх;
9.1.3.монгол хэл, бичиг үсгээ хэрэглэх, эзэмших, хамгаалах, хөгжүүлэх чиглэлээр зарлиг гаргах, төрийн холбогдох байгууллагад чиглэл өгөх;
9.1.4.энэ хуулийн 21.1-д заасан эрх бүхий байгууллагын бүрэлдэхүүнийг томилж, чөлөөлөх;
9.1.5.монгол хэл, бичиг үсгээ хамгаалах, хөгжүүлэх талаар идэвх санаачилга гаргасан иргэн, хуулийн этгээдэд дөрвөн жил тутамд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал олгох;
9.1.6.хуульд заасан бусад үүрэг.
10 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурал
10.1.Монгол Улсын Их Хурал монгол хэл, бичиг үсгээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх талаар дараах үүрэг хүлээнэ:
10.1.1.монгол хэл, бичиг үсгээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох;
10.1.2.монгол хэл, бичиг үсгийг хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх улс төр, эдийн засгийн баталгааг бүрдүүлэх;
10.1.3.монгол хэл, бичиг үсгийг хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэхтэй холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;
10.1.4.хуульд заасан бусад үүрэг.
11 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газар
11.1.Монгол Улсын Засгийн газар монгол хэл, бичиг үсгээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх талаар дараах үүрэг хүлээнэ:
11.1.1.монгол хэлний талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж, хангах;
11.1.2.монгол хэл, бичиг үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх, хамгаалах, хөгжүүлэх, үндэсний бичгийн хэрэглээнд албан ёсоор шилжих дунд болон урт хугацааны үндэсний хөтөлбөр, дүрэм, журам, үндсэн чиглэл боловсруулж хэрэгжүүлэх;
11.1.3.гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэн, түүний гэр бүлд монгол хэл, бичиг үсэг, уламжлалт зан заншил, түүх соёлын мэдлэг эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах;
11.1.4.төрийн захиргааны бүх шатны байгууллагын төрийн албан хэрэгт кирил болон үндэсний бичгийн хэлний хэм хэмжээг мөрдүүлж хэвшүүлэх ажлыг зохион байгуулах;
11.1.5.хуульд заасан бусад үүрэг.
12 дугаар зүйл.Төрийн албаны төв байгууллага
12.1.Төрийн албаны төв байгууллага дараах үүрэг хүлээнэ:
12.1.1.төрийн албанд анх орох иргэнээс авах монгол хэлний шалгалтыг энэ хуулийн 21.1-д заасан эрх бүхий байгууллагаас баталсан агуулгын дагуу зохион байгуулж, холбогдох мэдээллийн сан бүрдүүлэх;
12.1.2.хуульд заасан бусад үүрэг.
13 дугаар зүйл.Боловсрол, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага
13.1.Боловсрол, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах үүрэг хүлээнэ:
13.1.1.бүх шатны боловсролын сургалтын байгууллагын монгол хэл, үндэсний бичиг, уран зохиолын хичээлийн агуулга, хөтөлбөр, сургалтын төлөвлөгөөг энэ хуулийн 21.1-д заасан эрх бүхий байгууллагын саналыг тусган батлах;
13.1.2.их, дээд сургуульд элсэгчдээс авах элсэлтийн ерөнхий шалгалтын монгол хэлний шалгалтын агуулгыг энэ хуулийн 21.1-д заасан эрх бүхий байгууллагын саналыг тусган батлах;
13.1.3.сурган хүмүүжүүлэх ухаан, хэл шинжлэл, уран зохиол, сэтгүүл зүйн чиглэлээр их, дээд сургуульд элсэгчдээс авах монгол хэл, бичгийн шалгалтын тусгайлсан журам боловсруулах;
13.1.4.суралцагчдын дийлэнх олонх хүн амын өөр хэл бүхий үндэстний цөөнх байвал сургалтыг хос хэлний хөтөлбөрөөр явуулах бөгөөд хос хэлний хөтөлбөрийн агуулгыг батлах;
13.1.5.үндэстний цөөнх монгол хэл болон эх хэл дээр боловсрол эзэмших, соёл, зан заншлаа өвлөх, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах;
13.1.6.хуульд заасан бусад үүрэг.
14 дүгээр зүйл.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага
14.1.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах үүрэг хүлээнэ:
14.1.1.монгол хэл, бичгийн соёлын өвийг хамгаалах, үндэсний монгол бичгээрх оюуны өв сан, ардын аман зохиол болон монгол утга зохиолын судалгаа, сургалтыг өргөжүүлэх ажлыг боловсролын байгууллагатай хамтран хэрэгжүүлэх;
14.1.2.хуульд заасан бусад үүрэг.
15 дугаар зүйл.Мэдээлэл, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага
/Энэ зүйлийн гарчигт 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
15.1.Мэдээлэл, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах үүрэг хүлээнэ:
/Энэ хэсэгт 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
15.1.1.цахим орчинд монгол хэл, бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх;
15.1.2.латин үсэг хэрэглэх загварчилсан дүрэм, журмыг мөрдүүлэх ажлыг энэ хуулийн 22.1-д заасан эрх бүхий судалгааны байгууллага, холбогдох бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлэх;
15.1.3.энэ хуулийн 21.1-д заасан эрх бүхий байгууллагын баталсан кирил болон үндэсний бичгийн хооронд харилцан хөрвүүлэг хийх, зөв бичих дүрмийн алдаа хянах болон бусад холбогдох программын хэрэглээг нэмэгдүүлэх, цахим орчинд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах;
15.1.4.хуульд заасан бусад үүрэг.
16 дугаар зүйл.Ерөнхий боловсролын сургууль
16.1.Ерөнхий боловсролын сургууль дараах үүрэг хүлээнэ:
16.1.1.суралцагчдад монгол хэл, үндэсний бичиг, уран зохиолын хичээлийг эрх бүхий байгууллагаас баталсан хөтөлбөр, агуулга, стандартын дагуу тасалдалгүй явуулах;
16.1.2.хуульд заасан бусад үүрэг.
16.2.Энэ хуулийн 16.1.1 дэх заалт эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр гадаад хэлээр сургалт явуулдаг ерөнхий боловсролын сургуульд нэгэн адил хамаарна.
17 дугаар зүйл.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга
/Энэ зүйлийн гарчигт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараах үүрэг хүлээнэ:
/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17.1.1.харьяа нутаг дэвсгэрийн хүрээнд энэ хуулийн хэрэгжилтийг хангах, түүнтэй холбоотой үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
17.1.2.харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд албан байгууллага, гудамж, талбайн нэр хаягийг кирил болон үндэсний бичгээр хослуулан, эсхүл дангаар нь бичиж хэвших ажлыг зохион байгуулах;
17.1.3.үндэсний бичгийн хэрэглээг түгээн дэлгэрүүлэхэд идэвх санаачилга гарган ажиллаж байгаа иргэн, хуулийн этгээдийг урамшуулах ажлыг зохион байгуулах;
17.1.4.хуульд заасан бусад үүрэг.
18 дугаар зүйл.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллага
18.1.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллага дараах үүрэг хүлээнэ:
18.1.1.энэ хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, зөрчлийг холбогдох байгууллагад хандан шийдвэрлүүлэх, үр дүнг шуурхай мэдээлэх;
18.1.2.хуульд заасан бусад үүрэг.
19 дүгээр зүйл.Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хэвлэн нийтлэх үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага
19.1.Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хэвлэн нийтлэх үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага дараах үүрэг хүлээнэ:
19.1.1.монгол хэлний зөв бичих дүрэм, орчин цагийн утга зохиолын монгол хэлний хэм хэмжээг чанд баримтлах;
19.1.2.сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтны мэргэжлийн ур чадварын шалгалтад монгол хэл, бичгийн мэдлэгийн шалгуур тогтоосон байх;
19.1.3.хуульд заасан бусад үүрэг.
20 дугаар зүйл.Монгол Улсын иргэн
20.1.Монгол Улсын иргэн дараах эрх эдэлнэ:
20.1.1.монгол хэл, бичиг үсгээ сурч судлах, өвлөх, өвлүүлэх, монгол хэлээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх талаар санаачилга гаргах;
20.1.2.хуульд заасан бусад эрх.
20.2.Монгол Улсын иргэн дараах журамт үүрэг хүлээнэ:
20.2.1.монгол хэлний хэм хэмжээг дагаж мөрдөх;
20.2.2.хуульд заасан бусад үүрэг.
ЗУРГААДУГААР БҮЛЭГ - ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ
edit21 дүгээр зүйл.Хэлний бодлогын үндэсний зөвлөл
21.1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд монгол хэлийг хамгаалах, хөгжүүлэх үндсэн үүрэг бүхий Хэлний бодлогын үндэсний зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/ ажиллана.
21.2.Зөвлөл есөн гишүүнтэй байна. Гишүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгч монгол хэл, утга зохиолын эрдэмтэн, хэвлэл мэдээлэл, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын мэргэжлийн төлөөллөөс сонгож, зургаан жилийн хугацаагаар томилно. Зөвлөлийн дарга, гишүүн хүндэтгэх шалтгаанаар ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсон нөхцөлд Монгол Улсын Ерөнхийлөгч нөхөн томилно.
21.3.Зөвлөлийн даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч Зөвлөлийн гишүүдийн дотроос сонгож, гурван жилийн хугацаатай томилно. Зөвлөлийн даргыг хоёроос дээшгүй удаа улируулан томилж болно.
21.4.Зөвлөл жилд хоёр удаа тогтсон хугацаанд хуралдах бөгөөд зайлшгүй шаардлага үүссэн нөхцөлд ээлжит бус хурлыг Зөвлөлийн даргын шийдвэрээр зарлан хуралдуулна.
21.5.Зөвлөл орон тооны ажлын албатай байх ба түүний өдөр тутмын үйл ажиллагааг ажлын албаны дарга удирдан явуулна.
21.6.Зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийг Зөвлөлийн бүх гишүүдийн хурлаар батална.
21.7.Зөвлөл дараах үүрэг хүлээнэ:
21.7.1.монгол хэл, бичиг үсгийг хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэхтэй холбоотой бодлого боловсруулж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх;
21.7.2.үндэстний цөөнхийн хэл, монгол угсаатны аман аялгууг судлах, хамгаалах, хөгжүүлэх, гадаад оронд суугаа монгол үндэстнүүд, олон улсын хэмжээнд монгол хэл, бичиг үсгийн хэрэглээ, сургалт судалгааг өргөжүүлэх, дэмжих чиглэлээр бодлого боловсруулж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх;
21.7.3.энэ хуулийн 22.1-д заасан эрх бүхий судалгааны байгууллагаас боловсруулсан, дүгнэлт гаргасан кирил болон үндэсний бичгийн зөв бичих дүрэм, түүний өөрчлөлтийг хэлэлцэн батлах;
21.7.4.энэ хуулийн 22.1-д заасан эрх бүхий судалгааны байгууллагын дүгнэлтэд үндэслэн кирил болон үндэсний бичгийн зөв бичих дүрмийн толь, үгийн сангийн толь болон бусад холбогдох толь бичгийг хэлэлцэн батлах;
21.7.5.энэ хуулийн 22.1-д заасан эрх бүхий судалгааны байгууллагаас боловсруулсан гадаад нэр томьёоны орчуулга, монгол хэлний үгийн санд оруулах шинэ нэр томьёог хэлэлцэн батлах;
21.7.6.газар нутаг, гудамж, зам, талбайд гадаад нэр оноох эсэх асуудлаар санал, дүгнэлт гаргаж нутгийн өөрөө удирдах байгууллагад илгээх;
21.7.7.төрийн албанд анх орох иргэнээс авах монгол хэлний төвшин тогтоох шалгалтын агуулгыг энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллагаас ирүүлсний дагуу хэлэлцэн батлах;
21.7.8.энэ хуулийн 22.1-д заасан эрх бүхий судалгааны байгууллагын дүгнэлтэд үндэслэн кирил болон үндэсний бичиг рүү харилцан хөрвүүлэх, зөв бичих дүрмийн алдаа хянах программыг хэлэлцэн батлах;
21.7.9.төрийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага монгол хэлний хэм хэмжээг баримталж байгаа эсэхэд хяналт тавьж, дүгнэлт гаргах;
21.7.10.энэ хуулийн хэрэгжилтэд жил бүр үнэлгээ хийж, үр дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид тайлагнах;
21.7.11.энэ хуулийн хэрэгжилт, зөрчлийн талаар мэдээлэл хүлээн авч, холбогдох эрх бүхий байгууллагад хандан шийдвэрлүүлэх;
21.7.12.энэ хуулийн 22.1-д заасан эрх бүхий судалгааны байгууллагатай хамтран монгол хэл, бичиг үсгийн хэрэглээг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ажлыг хэрэгжүүлэх.
ДОЛООДУГААР БҮЛЭГ - ЭРХ БҮХИЙ СУДАЛГААНЫ БАЙГУУЛЛАГА
edit22 дугаар зүйл.Эрх бүхий судалгааны байгууллага
22.1.Монгол Улсын Шинжлэх ухааны академийн бүтцэд монгол хэл, түүний хэрэглээ, хөгжлийг судлах, монгол хэлний хэм хэмжээ, үгийн сангийн өөрчлөлттэй холбоотой санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий монгол хэл шинжлэлийн хүрээлэн /цаашид "эрх бүхий судалгааны байгууллага" гэх/ ажиллана.
22.2.Эрх бүхий судалгааны байгууллага дараах үүрэг хүлээнэ:
22.2.1.монгол хэлний зөв бичих дүрэм боловсруулж, түүнд өөрчлөлт оруулах асуудлаар санал дэвшүүлэх;
22.2.2.эрдэмтэн судлаачид, эрдэм шинжилгээний бусад байгууллагаас боловсруулсан бичиг үсгийн дүрмийн гарын авлага, монгол хэлний үгийн сангийн болон мэргэжлийн хэлний толь бичиг, бусад холбогдох толь бичиг монгол хэлний зөв бичих дүрэмд нийцэж байгаа эсэхийг хянаж, дүгнэлт гаргах;
22.2.3.холбогдох мэргэжлийн байгууллагын туслалцаатайгаар гадаад нэр томьёог монгол хэлнээ орчуулах;
22.2.4.газар нутгийн оноосон нэрийг толь бичигт оруулах, жигдлэх, олон улсын газар зүйн нэрийн тольд бүртгүүлэх талаар энэ хуулийн 21.1-д заасан эрх бүхий байгууллагад санал гаргах;
22.2.5.төрийн албанд анх орох иргэнээс болон гадаадын иргэнээс авах монгол хэлний төвшин тогтоох шалгалтын агуулга боловсруулах ажлыг зохион байгуулах;
22.2.6.монгол хэл, бичгийн зөв бичих дүрэм, хэрэглээтэй холбоотой стандартыг боловсруулж, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 9.1-д заасны дагуу батлуулах;
/Энэ заалтад 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
22.2.7.нэр томьёоны талаар иргэн, хуулийн этгээдийн санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх.
НАЙМДУГААР БҮЛЭГ - БУСАД
edit23 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
23.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
23.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
24 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
24.1.Энэ хуулийг 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
24.2.Энэ хуулийн 7.2 дахь хэсгийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
This work is in the public domain in Mongolia and other jurisdictions.
According to the Law of Mongolia on Copyright from September 1st, 1993 as amended on February 1st, 1997, May 21st, 1999 and Jan 19, 2006, works first published in Mongolia are exempt from copyright if they fall under one of the following categories:
This work falls into one or more of the above categories and is in the public domain. |