Монгол Улсын Хоршооны тухай хууль
2021 оны 05 сарын 06 өдөр
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Төрийн ордон, Улаанбаатар хот
ХОРШООНЫ ТУХАЙ
/ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ - НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
edit1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь хоршоог үүсгэн байгуулах, хоршооны гишүүнчлэл, удирдлага, зохион байгуулалт, хөрөнгө, хяналт, үйл ажиллагааг дуусгавар болгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Хоршооны хууль тогтоомж
2.1.Хоршооны хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хоршооноос бусад хоршоо энэ хуулийг дагаж мөрдөнө.
4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1."хоршоо" гэж Иргэний хуулийн 36.4-т заасан хуулийн этгээдийг;
4.1.2."хоршооны гишүүн" гэж хоршооны дүрэмд заасан хэмжээгээр хоршоонд хувь хөрөнгө оруулсан, 16 насанд хүрсэн иргэнийг, дундын хоршооны тухайд хоршоо, хуулийн этгээдийг;
4.1.3."хоршооны бараа, бүтээгдэхүүн" гэж хоршоо, хоршооны гишүүний бэлтгэсэн түүхий эд, хагас боловсруулсан болон эцсийн бүтээгдэхүүнийг;
4.1.4."хоршооны гишүүнд төлөх төлбөр" гэж хоршоо гишүүнийхээ бараа, бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан, оюуны өмчийг ашигласны дараа түүнд төлөхөөр тохиролцсон хэлцлийн үнийн дүнг;
4.1.5."хоршооны зуучлалын орлого" гэж хоршооны гишүүний бараа, бүтээгдэхүүнийг зуучлан борлуулсан орлогоос борлуулалтын үйл ажиллагаатай холбогдсон зардал, хоршооны гишүүнд төлөх төлбөрийг хассан дүнг;
4.1.6."болзошгүй эрсдэлээс хамгаалах сан" гэж хоршоонд учирч болох эрсдэлээс хамгаалах зорилгоор энэ хууль болон хоршооны дүрэмд заасны дагуу хоршооны борлуулалтын орлогоос хуримтлуулах мөнгөн хөрөнгийг;
4.1.7."хоршооны гишүүнд ногдох орлого" гэж хоршооны борлуулалтын орлогоос болзошгүй эрсдэлээс хамгаалах сан, хоршооны гишүүнд төлөх төлбөр болон борлуулалтын үйл ажиллагаатай холбогдсон бусад зардлыг хасаж, албан татвар төлсний дараах орлогоос хоршооны гишүүний оруулсан хувь хөрөнгө, оролцоонд ногдох хэмжээгээр хуваарилах хөрөнгийг.
5 дугаар зүйл.Хоршооны үйл ажиллагаанд баримтлах зарчим
5.1.Хоршоо үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална:
5.1.1.үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлахгүй, сайн дурын гишүүнчлэлтэй байх;
5.1.2.хараат бус, бие даасан байх;
5.1.3.хоршооны гишүүдийн ардчилсан удирдлага, хамтын хяналттай, ил тод, нээлттэй байх;
5.1.4.хоршооны гишүүдийн эдийн засгийн тэгш оролцоог хангаж, шударга хуваарилалт хийх;
5.1.5.хоршооны гишүүд, ажилтныг хоршооны хөгжлийг дэмжихэд чиглэсэн сургалт, мэдээллээр хангах;
5.1.6.хоршоо хоорондын хамтын ажиллагааг дэмжих;
5.1.7.хоршооны гишүүдийн нийтлэг эрх ашгийг дээдлэх.
6 дугаар зүйл.Хоршооны хэлбэр, үйл ажиллагааны чиглэл
6.1.Хоршоо анхан шатны болон дундын гэсэн хэлбэртэй байна.
6.2.Анхан шатны хоршоог ес ба түүнээс дээш иргэн хамтран байгуулж болно.
6.3.Хоршоо болон хуулийн этгээд хамтарч дундын хоршоо байгуулж болно. Дундын хоршооны гишүүдийн 51-ээс доошгүй хувь нь хоршоо байна.
6.4.Дундын хоршооны эрх зүйн зохицуулалт нь энэ хуульд заасан хоршооны нийтлэг зохицуулалттай адил байна.
6.5.Хоршоо хууль тогтоомжоор хориглоогүй, хоршооны дүрэмд заасан үйл ажиллагаа явуулна.
ХОЁРДУГААР БҮЛЭГ - ХОРШООГ ҮҮСГЭН БАЙГУУЛАХ
edit7 дугаар зүйл.Хоршооны оноосон нэр, оршин байгаа газар
7.1.Хоршоо оноосон нэртэй байна. Хоршооны оноосон нэрийн ард "Хоршоо" гэсэн ялгах тэмдгийг хэрэглэнэ.
7.2.Хоршоог хоршооны аль нэг гишүүний нэрээр нэрлэж үл болно.
7.3.Хоршооны ерөнхий захиргаа оршин байгаа газрыг хоршооны төв гэж үзнэ.
8 дугаар зүйл.Үүсгэн байгуулах гэрээ
8.1.Хоршоог үүсгэн байгуулагчид хоршоо үүсгэн байгуулах талаар гэрээ байгуулж, уг гэрээнд хоршооны зорилго, үүсгэн байгуулагчдын оруулах хувь хөрөнгийн хэмжээ, эрх, үүрэг, хариуцлага зэргийг тусгана.
8.2.Хоршоог улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсгэн байгуулах гэрээ дуусгавар болно.
9 дүгээр зүйл.Хоршоог улсын бүртгэлд бүртгүүлэх
9.1.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу хоршоог үүсгэн байгуулагч хоршоо байгуулах тухай шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ.
10 дугаар зүйл.Хоршооны дүрэм, түүний агуулга
10.1.Хоршоог үүсгэн байгуулах баримт бичиг нь хоршооны дүрэм байна.
10.2.Хоршооны дүрмийг бүх гишүүдийн хурлаар батална.
10.3.Хоршооны дүрэмд дараах асуудлыг тусгана:
10.3.1.хоршооны оноосон нэр, оршин байгаа газрын хаяг;
10.3.2.хоршооны гишүүний ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, иргэний бүртгэлийн дугаар, дундын хоршооны тухайд гишүүн хоршоо, хуулийн этгээдийн оноосон нэр, оршин байгаа газрын хаяг;
/Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
10.3.3.хоршооны зорилго, үйл ажиллагааны чиглэл;
10.3.4.тодорхой хугацаагаар үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон бол үйл ажиллагаа явуулах хугацаа;
10.3.5.хоршоонд элсэх, хоршооноос гарах, хасах нөхцөл, журам, хоршооны гишүүний эрх, үүрэг, хариуцлага;
10.3.6.хоршооны гишүүний оруулах хувь хөрөнгийн хэлбэр, үнэлэх арга;
10.3.7.хоршооны гишүүний заавал оруулах хувь хөрөнгийн хэмжээ, хугацаа;
10.3.8.хоршооны гишүүний заавал оруулах хувиас гадна хоршоонд нэмж оруулж болох хувь хөрөнгийн дээд хэмжээ;
10.3.9.хоршооны гишүүнчлэлийн журам;
10.3.10.хоршооны гишүүнд үйлчлэх хэлбэр;
10.3.11.хоршоо үйл ажиллагаандаа хоршооны гишүүн бус этгээдийг оролцуулах нөхцөл, журам;
10.3.12.хоршооны эд хөрөнгө, түүнийг бүртгэх, ашиглах, захиран зарцуулах журам;
10.3.13.хоршооны орлого, зарлагыг тооцох, бүртгэх, түүнийг хуваарилах журам;
10.3.14.хоршооны гишүүнд ногдох орлого хуваарилах, оруулсан хувь хөрөнгийг буцаан олгох журам;
10.3.15.хоршооны бүтэц, хэлбэр, удирдлагын бүрэлдэхүүн, түүний бүрэн эрх, хүлээх хариуцлага, шийдвэр гаргах журам;
10.3.16.хоршооны үйл ажиллагаанд тавих дотоод болон хөндлөнгийн хяналт;
10.3.17.хоршооны гүйцэтгэх удирдлагад тавих шаардлага;
10.3.18.хоршооны салбар, төлөөлөгчийн газар байгуулах үндэслэл, ажиллах журам, түүний эрх, үүрэг, хариуцлага;
10.3.19.хоршооны бүх гишүүдийн хурал, хоршооны Тэргүүлэгчид /цаашид "Тэргүүлэгчид" гэх/, хоршооны Хяналтын зөвлөл /цаашид "Хяналтын зөвлөл" гэх/-ийн хуралдааныг хуралдуулахтай холбогдсон энэ хуульд зааснаас бусад асуудал;
10.3.20.болзошгүй эрсдэлээс хамгаалах санд хуримтлуулах хөрөнгийн хувь хэмжээ, уг санд заавал байлгах хөрөнгийн хэмжээ;
10.3.21.хоршооны хөгжлийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хувь хэмжээ;
10.3.22.хоршоодын холбоонд нэгдэх, холбооноос гарах;
10.3.23.хоршоог өөрчлөн байгуулах, татан буулгах, өр төлбөрийг барагдуулах, үлдэгдэл эд хөрөнгийг гишүүдэд хуваах журам;
10.3.24.хоршооноос их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх эрх, уг хэлцлийн улмаас үүссэн хохирлыг барагдуулах, үр дагаврыг арилгах журам;
10.3.25.хоршооны гишүүний хоршоонд оруулсан хувь хөрөнгийг өв залгамжлах, бусдад шилжүүлэх журам;
10.3.26.хоршооны үйл ажиллагаатай холбоотой бусад асуудал.
11 дүгээр зүйл.Хоршооны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах
11.1.Хоршооны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж, хуралд оролцсон гишүүдийн дийлэнх олонхын саналаар шийдвэрлэнэ.
11.2.Хоршооны дүрэмд оруулах дараах нэмэлт, өөрчлөлтийг хоршооны нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар шийдвэрлэнэ:
11.2.1.хоршооны хэлбэр, үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөх;
11.2.2.хоршооны гишүүнээс хоршоонд оруулах хувь хөрөнгийн хэмжээг өөрчлөх;
11.2.3.хоршооны бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг тодорхой хэмжээгээр заавал хэрэглэж байхыг хоршооны гишүүнд үүрэг болгохтой холбоотой асуудал;
11.2.4.хоршоог өөрчлөн байгуулах, татан буулгах.
11.3.Тэргүүлэгчид хоршооны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай бүх гишүүдийн хурлын шийдвэр гарснаас хойш ажлын 15 өдрийн дотор энэ тухай улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдэнэ.
11.4.Хоршооны дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хоршооны гишүүн энэ хуулийн 17.1.12-т заасны дагуу хоршооноос гарах эрхээ эдэлж болно.
12 дугаар зүйл.Хоршооны эрх, үүрэг
12.1.Хоршоо үйл ажиллагаа явуулахдаа дараах эрх эдэлнэ:
12.1.1.төрөөс хоршоог дэмжих талаар хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд хамрагдах, хөнгөлөлттэй зээл, техник, технологи, санхүүгийн дэмжлэг авах;
12.1.2.энэ хууль болон хоршооны дүрэмд нийцүүлэн дотооддоо мөрдөх эрхийн акт батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох;
12.1.3.хуульд заасны дагуу хөдлөх ба үл хөдлөх эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах, шилжүүлэх, түрээслэх, түрээслүүлэх, барьцаалах;
12.1.4.хоршооны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй тохиолдолд энэ хууль болон хоршооны дүрэмд заасны дагуу иргэн, хуулийн этгээдээс зээл, хандив, тусламж авах;
12.1.5.эдийн засгийн гадаад харилцаанд бие даан оролцох.
12.2.Хоршоо үйл ажиллагаа явуулахдаа дараах үүрэг хүлээнэ:
12.2.1.хоршооны гишүүний оролцоог үнэлж, хоршин ажиллах боломжийг бий болгох, хоршооны гишүүнд санхүүгийн дэмжлэг, тусламж олгох;
12.2.2.хоршооны санхүүгийн чадавхыг сайжруулж, хоршооны гишүүнд ногдох орлогын хэмжээг нэмэгдүүлэх;
12.2.3.хоршооны үйлчилгээг шуурхай, чанартай хүргэх техник, технологийг нэвтрүүлэх, хоршооны эд хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах;
12.2.4.хоршооны бараа, бүтээгдэхүүнийг борлуулах сүлжээ, үйлчилгээг бий болгох, хоршооны бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний онцлог, үйл ажиллагааны чиглэлийг харгалзан бусад хоршоо, хуулийн этгээдтэй хорших, төрөлжих хэлбэрээр харилцан уялдаатай хамтран ажиллах;
12.2.5.хоршооллын хөдөлгөөнийг дэмжих;
12.2.6.хуульд заасан бусад үүрэг.
13 дугаар зүйл.Хоршооны хариуцлага
13.1.Хоршоо үйл ажиллагааныхаа улмаас бий болсон үүргийг хоршооны эд хөрөнгөөр хариуцна.
13.2.Хоршоо нь хоршооны гишүүний бусдын өмнө хүлээх үүргийг хариуцахгүй.
13.3.Хоршооны гишүүн нь хоршооны хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү хоршоонд оруулсан хувь хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ.
ГУРАВДУГААР БҮЛЭГ - ХОРШООНЫ ГИШҮҮН
edit14 дүгээр зүйл.Хоршоонд элсэх
14.1.Хоршооны дүрмийг зөвшөөрсөн иргэн сайн дураар анхан шатны хоршоонд элсэнэ.
14.2.Дундын хоршооны дүрмийг зөвшөөрсөн хоршоо, хуулийн этгээд сайн дураар дундын хоршоонд элсэнэ.
14.3.Хоршоонд элсэхийг хүссэн этгээд хүсэлтээ хоршооны даргад гаргана.
14.4.Хоршооны дүрэмд өөрөөр заагаагүй бол хоршоонд элсэх хүсэлтийг хоршооны бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж, хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ.
14.5.Хүсэлт гаргагч нь бүх гишүүдийн хурлын шийдвэрийг үндэслэн хоршооны дүрэмд заасан хэмжээгээр хоршооны гишүүний элсэлтийн хураамжийг төлж, хувь хөрөнгөө хоршоонд оруулснаар хоршооны гишүүний эрх баталгаажна.
14.6.Хоршоонд гишүүн элсүүлсэн тохиолдолд энэ тухай шийдвэр гарснаас хойш 90 хоногийн дотор Тэргүүлэгчид улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ.
15 дугаар зүйл.Хоршооны гишүүний бүртгэл хөтлөх
15.1.Хоршооны гишүүний бүртгэлийг Тэргүүлэгчдийн хурлаас томилогдсон бүртгэгч хөтөлнө.
15.2.Хоршооны гишүүний бүртгэлд дараах зүйлийг тусгана:
15.2.1.хоршооны гишүүний ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, дундын хоршооны тухайд гишүүн хоршоо, хуулийн этгээдийн оноосон нэр, оршин байгаа газрын хаяг;
15.2.2.хоршоонд элссэн, хоршооноос гарсан, хасагдсан тухай мэдээлэл;
15.2.3.хоршоонд хоршооны гишүүнээс оруулсан хувь хөрөнгийн хэлбэр, хэмжээ, хоршооны гишүүнд хуваарилсан ногдох орлого.
16 дугаар зүйл.Хоршооны гишүүний бүртгэлтэй танилцах
16.1.Хоршооны гишүүн өөрийн бүртгэлтэй танилцах эрхтэй.
16.2.Хоршооны гишүүн зөвшөөрснөөр тухайн гишүүний бүртгэлтэй бусад этгээд танилцаж болно.
16.3.Энэ хуулийн 16.2-т заасны дагуу хоршооны гишүүний бүртгэлтэй холбоотой мэдээлэл авсан этгээд уг мэдээллийг бусдад задруулахыг хориглоно.
17 дугаар зүйл.Хоршооны гишүүний эрх, үүрэг
17.1.Хоршооны гишүүн дараах эрх эдэлнэ:
17.1.1.оруулсан хувь хөрөнгийн хэмжээнээс үл хамааран саналын нэг эрхтэй байх;
17.1.2.бүх гишүүдийн хуралд оролцож, асуулт асуух, санал гаргах;
17.1.3.хоршооны үйл ажиллагаанд оролцож, Тэргүүлэгч болон Хяналтын зөвлөлийн гишүүнээр сонгох, сонгогдох, гүйцэтгэх удирдлагын албан тушаалд өрсөлдөх, томилогдох;
17.1.4.бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах санал гаргах;
17.1.5.энэ хууль болон хоршооны дүрэмд заасны дагуу хоршоогоор үйлчлүүлэх, бараа, бүтээгдэхүүнээ хоршоогоор зуучлуулан борлуулах;
17.1.6.хоршооны санхүү, төлбөрийн чадвар, үйл ажиллагаа, менежментийн талаар шаардлагатай мэдээллийг авах, хоршооны гишүүдэд мэдээллийг ил тод, нээлттэй байлгахыг шаардах;
17.1.7.хоршооны үйл ажиллагаан дахь оролцоогоо энэ хууль болон хоршооны дүрэмд заасны дагуу үнэлүүлэх;
17.1.8.энэ хууль болон хоршооны дүрэмд заасны дагуу хуваарилах орлогоос хоршооны гишүүнд ногдох орлого хүртэх;
17.1.9.хоршооны үйл ажиллагааны болон санхүүгийн жилийн тайланг бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэхээс өмнө Хяналтын зөвлөлийн дүгнэлттэй танилцах;
17.1.10.бүх гишүүдийн хурлын тэмдэглэлтэй танилцах;
17.1.11.энэ хууль болон хоршооны дүрмээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийг хоршооны удирдлагаас шаардах;
17.1.12.өөрийн хүсэлтээр хоршооноос гарах, хоршоонд дахин элсэх;
17.1.13.хоршоо татан буугдсаны дараа үлдэх эд хөрөнгө, тэдгээрийг борлуулсны орлогоос энэ хууль болон хоршооны дүрэмд заасны дагуу оногдох хувь хүртэх;
17.1.14.энэ хууль болон хоршооны дүрэмд өөрөөр заагаагүй бол өрсөлдөгч бус өөр хоршооны гишүүн байх, хуулийн этгээдийн хувь нийлүүлэгч байх;
17.1.15.энэ хууль болон хоршооны дүрэмд заасан бусад эрх.
17.2.Хоршооны гишүүн дараах үүрэг хүлээнэ:
17.2.1.хоршооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, хоршооноос бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ авах, хоршоогоор зуучлуулах;
17.2.2.энэ хууль болон хоршооны дүрэм, бүх гишүүдийн хурлын шийдвэрийг дагаж мөрдөх;
17.2.3.хоршоо болон бусад гишүүдийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх;
17.2.4.ижил төрлийн ажил, үйлчилгээ явуулдаг, өрсөлдөгч бус өөр хоршоонд гишүүн, хуулийн этгээдийн хувь нийлүүлэгч болсон тохиолдолд энэ тухай хоршоонд нэн даруй мэдэгдэх;
17.2.5.бүх гишүүдийн хуралд оролцох;
17.2.6.энэ хууль болон хоршооны дүрэмд заасан бусад үүрэг.
18 дугаар зүйл.Хоршооны гишүүний бүрэн эрх дуусгавар болох
18.1.Хоршооны гишүүн хоршооноос гарсан, эсхүл түүнийг хоршооны гишүүнээс хассан тохиолдолд түүний бүрэн эрх дуусгавар болно.
18.2.Хоршооны гишүүн дараах тохиолдолд хоршооноос гарна:
18.2.1.хоршооноос гарах хүсэлт гаргасан;
18.2.2.хоршооны оршин байгаа газраас өөр нутаг дэвсгэрт шилжсэнээр хоршооны үйл ажиллагаанд оролцох боломжгүй болсон;
18.2.3.хоршоонд оруулсан хувь хөрөнгөө бүхэлд нь бусдад шилжүүлсэн;
18.2.4.нас барсан, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр сураггүй алга болсонд тооцогдсон, эсхүл нас барсан гэж зарлагдсан;
18.2.5.сэтгэцийн өвчний улмаас иргэний эрх зүйн чадамжгүйд тооцсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.
18.3.Хоршооны гишүүн хоршооноос гарах хүсэлтээ хоршооны даргад санхүүгийн жил дуусахаас гурваас доошгүй сарын өмнө бичгээр гаргана.
18.4.Хоршооны гишүүнээс дараах үндэслэлээр хасаж болно:
18.4.1.энэ хууль болон хоршооны дүрэмд заасан үүргээ зөрчсөн тохиолдолд хоршооны гишүүнээс хасах тухай Тэргүүлэгчдээс сануулга авсны дараа уг зөрчлийг дахин гаргасан;
18.4.2.тухайн хоршоотой өрсөлдөх хоршоог байгуулсан, эсхүл өрсөлдөгч хоршоонд хувь хөрөнгө оруулсан;
18.4.3.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоёр ба түүнээс дээш удаа бүх гишүүдийн хуралд оролцоогүй;
18.4.4.энэ хууль болон хоршооны дүрэмд заасан бусад үндэслэл.
18.5.Энэ хуулийн 18.4-т заасан үндэслэл бий болсон тохиолдолд Тэргүүлэгчид энэ тухай хоршооны гишүүнд бичгээр урьдчилан мэдэгдэж, тайлбар хийх боломж олгоно.
18.6.Хоршооны гишүүн түүнийг хоршооны гишүүнээс хасах үндэслэлийг эс зөвшөөрвөл мэдэгдлийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор бүх гишүүдийн хурал хуралдуулах, түүнд тайлбар хийх нөхцөл бүрдүүлэхийг шаардах эрхтэй.
18.7.Хоршооны дүрэмд өөрөөр заагаагүй бол хоршооны гишүүний бүрэн эрхийг дуусгавар болгох асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ.
18.8.Хоршооны гишүүнээс хасах тухай шийдвэрт тухайн шийдвэрийн үндэслэл, шалтгааныг тодорхой тусгана.
18.9.Хоршооноос гарсан, эсхүл хассан тухай шийдвэр гарснаар тухайн гишүүний бүрэн эрх дуусгавар болно.
18.10.Хоршооны гишүүнээс хассан тухай шийдвэрийг тухайн этгээд эс зөвшөөрвөл гомдлоо энэ хуулийн 18.5-д заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор Хяналтын зөвлөлд гаргаж болно.
18.11.Xяналтын зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрсөн этгээд зохих журмын дагуу шүүхэд гомдол гаргаж болно.
19 дүгээр зүйл.Хоршооны гишүүний бүрэн эрх дуусгавар болсон этгээдтэй санхүүгийн тооцоо хийх
19.1.Хоршооноос гарсан, хасагдсан этгээдтэй энэ хууль болон хоршооны дүрмийг үндэслэн санхүүгийн тооцоо хийнэ.
19.2.Хоршооны гишүүн хоршоонд оруулсан хувь хөрөнгөө бүхэлд нь өөр гишүүнд шилжүүлсэн бол түүний эд хөрөнгийн эрх хувь хөрөнгийг шилжүүлэн авсан хоршооны гишүүнд бүрэн шилжинэ.
19.3.Хоршооны харилцагч аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд төлөх төлбөрийг хоршооноос гарсан, хасагдсан этгээд энэ хууль болон хоршооны дүрэмд заасны дагуу хоршооны бусад гишүүний нэгэн адил төлөх үүрэгтэй.
19.4.Хоршооны дүрэмд өөрөөр заагаагүй бол хоршооноос гарсан, хасагдсан этгээдийн санхүүгийн тооцоог тухайн жилийн эцсийн санхүүгийн тайланг үндэслэж хийнэ.
20 дугаар зүйл.Оруулсан хувь хөрөнгөө бусдад шилжүүлэх
20.1.Хоршооны гишүүн оруулсан хувь хөрөнгөө бичгээр хийсэн гэрээний үндсэн дээр бусдад шилжүүлж болно.
20.2.Хоршооны гишүүний хоршоонд оруулсан хувь хөрөнгийг шилжүүлэн авахад тухайн хоршооны гишүүн давуу эрх эдэлнэ.
20.3.Энэ хуулийн 20.1-д заасны дагуу хоршооны гишүүний хувь хөрөнгийг шилжүүлэн авсан этгээдийн шилжүүлэн авсан болон өөрийнх нь оруулсан хувь хөрөнгийн нийт хэмжээ хоршооны дүрмээр тогтоосон дээд хязгаараас хэтрэхгүй байна.
21 дүгээр зүйл.Хоршооны гишүүний эд хөрөнгийн эрх өв залгамжлагчид шилжих
21.1.Хоршооны гишүүн нас барсан, нас барсан гэж зарласан бол тухайн гишүүний эд хөрөнгийн эрх Иргэний хуульд заасны дагуу түүний өв залгамжлагчид шилжинэ.
21.2.Өв залгамжлагч нь хоёр ба түүнээс дээш этгээд байвал гишүүнчлэлийн асуудлыг шийдвэрлэх хүртэлх хугацаанд өв залгамжлагчид саналын нэг эрхтэй байна.
21.3.Хоршооны дүрэмд өөрөөр заагаагүй бол өв залгамжлагчийг хоршооны гишүүнээр элсүүлэх асуудлыг бүх гишүүдийн хурлаар гишүүн элсүүлэх журмын дагуу хэлэлцэж, шийдвэрлэнэ.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ - ХОРШООНЫ ХӨРӨНГӨ, ЭХ ҮҮСВЭР
edit22 дугаар зүйл.Хоршооны өөрийн хөрөнгө
22.1.Хоршооны өөрийн хөрөнгө дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
22.1.1.хоршооны гишүүний оруулсан хувь хөрөнгө;
22.1.2.хоршоонд бэлэглэсэн, хандивласан болон буцалтгүй тусламжийн хэлбэрээр өгсөн хөрөнгө;
22.1.3.болзошгүй эрсдэлээс хамгаалах санд хуваарилсан хөрөнгө;
22.1.4.хоршооны хөгжлийн санд төвлөрүүлсэн хөрөнгө;
22.1.5.хоршооны ашиг, алдагдал.
23 дугаар зүйл.Хоршооны хөрөнгө, эх үүсвэрийг бүртгэх
23.1.Хоршооны хөрөнгө, эх үүсвэрийг энэ хуульд заасан журам, заавар, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу бүртгэнэ.
23.2.Хоршооны нягтлан бодох бүртгэлийн журам, зааврыг санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
24 дүгээр зүйл.Хоршоонд гишүүний оруулсан хувь хөрөнгө
24.1.Хоршооны гишүүн хоршоонд эд хөрөнгө, мөнгөн хөрөнгө, хөдөлмөр оролцоо, ажил, үйлчилгээ, оюуны өмчийн хэлбэрээр хувь хөрөнгө оруулж болно.
24.2.Хоршооны гишүүний хоршоонд оруулах хувь хөрөнгийн дээд хэмжээ тухайн хоршооны өөрийн хөрөнгийн 15 хувиас хэтрэхгүй байна.
24.3.Хоршооны гишүүний хоршоонд оруулах хувь хөрөнгийн хэлбэр, хэмжээг хоршооны дүрмээр энэ хуулийн 24.2-т заасны дагуу тогтооно.
24.4.Хоршооны эд хөрөнгөөс хоршооны гишүүнд оногдох хувь нь гишүүний оруулсан нийт хувь хөрөнгө, тухайн гишүүнд ногдох хоршооны жилийн ашиг, алдагдлын зөрүүг тооцсон дүнтэй тэнцүү байна.
25 дугаар зүйл.Болзошгүй эрсдэлээс хамгаалах санд хөрөнгө хуваарилах
25.1.Хоршооны тухайн жилийн борлуулалтын нийт орлогын 20 хүртэл хувийг болзошгүй эрсдэлээс хамгаалах санд хуваарилна.
25.2.Болзошгүй эрсдэлээс хамгаалах сангийн хөрөнгийг хоршооны санхүүгийн тогтвортой байдлыг хангах, алдагдлыг нөхөх, эрсдэлийг бууруулахад ашиглана.
25.3.Болзошгүй эрсдэлээс хамгаалах сангийн хөрөнгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар ашиглаж үл болно.
25.4.Болзошгүй эрсдэлээс хамгаалах санд заавал байлгах хөрөнгийн хэмжээ нь хоршооны сүүлийн гурван жилийн борлуулалтын орлогын дунджийн 20 хувиас хэтрэхгүй байна.
26 дугаар зүйл.Хоршооны гишүүнд ногдох орлого хуваарилах
26.1.Хоршооны гишүүнд ногдох орлогын хувь хэмжээг Тэргүүлэгчид болон Хяналтын зөвлөлийн саналыг харгалзан бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ.
26.2.Хоршооны гишүүн хоршоонд төлөх өр төлбөртэй тохиолдолд түүнд ногдох орлогоос өр төлбөрийг хасаж, үлдэх дүнгээр хуваарилна.
27 дугаар зүйл.Хоршооны хөгжлийн санд хөрөнгө төвлөрүүлэх
27.1.Хоршооны хөгжил, хоршооны гишүүний нийгэм, эдийн засгийн байдлыг дээшлүүлэх, амьдралын чанар, амьдрах орчныг сайжруулах зорилгоор хоршоо хөгжлийн сантай байж болно.
27.2.Энэ хуулийн 26.1-д заасны дагуу хоршооны гишүүнд ногдох орлогыг хуваарилсны дараах орлогоос Хоршооны хөгжлийн санд хөрөнгө төвлөрүүлнэ.
27.3.Хоршооны хөгжлийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ, түүнийг захиран зарцуулах журмыг бүх гишүүдийн хурлаар батална.
28 дугаар зүйл.Хоршоог дэмжих хөрөнгө оруулалт
28.1.Хоршоо үйл ажиллагаагаа өргөжүүлэх, хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор хоршооны гишүүн бус этгээдээс хөрөнгө оруулалт авч болно. Хоршоонд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ хоршооны өөрийн хөрөнгийн 50 хувиас хэтрэхгүй байна.
28.2.Хоршоо болон хөрөнгө оруулагчийн хооронд байгуулсан гэрээгээр хөрөнгө оруулалтын нөхцөлийг зохицуулна.
28.3.Хөрөнгө оруулагч нь хоршооны удирдлага, үйл ажиллагаанд оролцохгүй, хоршооны гишүүний аливаа эрхийг эдлэхгүй.
28.4.Хөрөнгө оруулагчид хувь хүртээх эсэх асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ.
ТАВДУГААР БҮЛЭГ - ХОРШООНЫ УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
edit29 дүгээр зүйл.Хоршооны эрх барих байгууллага
29.1.Хоршооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна.
29.2.Хоршоо нь гишүүдээс сонгогдсон Тэргүүлэгчид, хоршооны дарга, Хяналтын зөвлөлтэй байна.
30 дугаар зүйл.Бүх гишүүдийн хурал
30.1.Хоршооны гишүүн хоршоонд холбогдох асуудлыг шийдвэрлэх эрхээ бүх гишүүдийн хурлаар дамжуулан хэрэгжүүлнэ.
30.2.Бүх гишүүдийн хурлыг жилд нэгээс доошгүй удаа хуралдуулна.
30.3.Дараах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ:
30.3.1.хоршооны дүрмийг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах;
30.3.2.хоршооны эд хөрөнгийг захиран зарцуулах нөхцөл, журмыг тогтоох, үйл ажиллагааны болон санхүүгийн төлөвлөгөө, тухайн жилийн орлого, зардлын төсвийг батлах;
30.3.3.тайлан, тэнцлийг батлaх, тухайн жилийн орлогыг хуваарилах, алдагдал нөхөх асуудлыг шийдвэрлэх;
30.3.4.болзошгүй эрсдэлээс хамгаалах санд хуваарилах хөрөнгийн хэмжээг тогтоох;
30.3.5.хоршооны хөгжлийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ, захиран зарцуулах журмыг батлах;
30.3.6.хоршооны үйл ажиллагаан дахь хоршооны гишүүний оролцоог үнэлэх аргачлал батлах;
30.3.7.хоршооны бусдаас авах зээл, хоршооны гишүүнд олгох санхүүгийн дэмжлэгийн дээд хязгаарыг тогтоох;
30.3.8.Тэргүүлэгчид, Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэх;
30.3.9.хоршооны дарга, Тэргүүлэгчид, Хяналтын зөвлөлийн гишүүнийг сонгох, чөлөөлөх, огцруулах;
30.3.10.Тэргүүлэгчид, Хяналтын зөвлөлийн гишүүнийг хоршооны гишүүнээс хасах;
30.3.11.Тэргүүлэгчид, Хяналтын зөвлөлийн гишүүний хууль бус үйл ажиллагааны улмаас хоршоонд учирсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх;
30.3.12.хоршооны гишүүний элсэлтийн хураамжийн хэмжээг тогтоох;
30.3.13.хоршоонд гишүүдээс оруулах нэмэлт хувь хөрөнгийн хэмжээг тогтоох;
30.3.14.хоршоог дэмжих хөрөнгө оруулалт татах, нөхцөл, журмыг батлах;
30.3.15.хоршоог өөрчлөн байгуулах, татан буулгах;
30.3.16.хуульд заасан бусад асуудал.
30.4.Бүх гишүүдийн хуралд нийт гишүүний олонх оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно.
30.5.Бүх гишүүдийн хурлын шийдвэрийг энэ хуульд өөрөөр заагаагүй бол хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар гаргана.
30.6.Бүх гишүүдийн хурлыг тухайн хуралд оролцогч гишүүдээс сонгосон тэргүүлэгчид удирдана.
30.7.Бүх гишүүдийн хурал хуралдуулахтай холбоотой энэ хуульд зааснаас бусад харилцааг хоршооны дүрмээр зохицуулна.
30.8.Бүх гишүүдийн хуралд хэлэлцэхээр товлоогүй асуудлыг хуралд оролцож байгаа гишүүдийн дийлэнх олонхын зөвшөөрснөөр хэлэлцэж болно.
30.9.Хоршооны гишүүн бүх гишүүдийн хуралд биечлэн оролцож саналаа өгнө.
30.10.Бүх гишүүдийн хуралд биечлэн оролцох боломжгүй болсон хоршооны гишүүн хууль ёсны төлөөлөгчөөрөө дамжуулан энэ хуулийн 17.1-д заасан эрхээ хэрэгжүүлнэ.
30.11.Тэргүүлэгчид, Хяналтын зөвлөл, хоршооны даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах асуудлыг бүх гишүүдийн хуралд оролцсон гишүүдийн дийлэнх олонхын саналаар шийдвэрлэнэ.
31 дүгээр зүйл.Бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах этгээд
31.1.Тэргүүлэгчид бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулна.
31.2.Тэргүүлэгчид бүх гишүүдийн хурлыг энэ хуулийн 32.1, 34.8-д заасны дагуу хуралдуулаагүй бол Хяналтын зөвлөл зарлан хуралдуулна.
31.3.Хоршооны гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувийн саналаар бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулж болно.
31.4.Энэ хуулийн 31.3-т заасан бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах санаачилга гаргагч нь бүх гишүүдийн хурлыг хуралдуулах үндэслэл, шалтгаан, хэлэлцэх асуудлын саналаа бичгээр гаргаж, гарын үсгээр баталгаажуулан хоршооны гишүүдэд мэдэгдэнэ.
32 дугаар зүйл.Бүх гишүүдийн хурал хуралдах хугацаа, газар
32.1.Бүх гишүүдийн хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш зургаан сарын дотор хуралдуулна.
32.2.Шаардлагатай гэж үзвэл бүх гишүүдийн хурлыг хэдийд ч зарлан хуралдуулж болно.
32.3.Бүх гишүүдийн хурлыг өөр газар хуралдуулахаар товлоогүй бол хоршооны төв оршин байгаа газар хуралдуулна.
33 дугаар зүйл.Бүх гишүүдийн хурлыг зарлах, бэлтгэл ажлыг хангах
33.1.Бүх гишүүдийн хурлыг хуралдуулах хугацаа, хэлэлцэх асуудлыг хуралдахаар товлосон хугацаанаас 30-аас доошгүй хоногийн өмнө зарлана.
33.2.Бүх гишүүдийн хурлын бэлтгэл ажлыг Тэргүүлэгчид, эсхүл хурал хуралдуулах санаачилга гаргагч бусад этгээд эрхлэн гүйцэтгэнэ.
33.3.Шийдвэр гаргахгүйгээр хэлэлцэх, мэдээлэх асуудлыг бүх гишүүдийн хурал эхлэхээс гурваас доошгүй хоногийн өмнө хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулж болно.
34 дүгээр зүйл.Хоршооны Тэргүүлэгчид
34.1.Бүх гишүүдийн хурлын чөлөөт цагт хоршооны үйл ажиллагааг Тэргүүлэгчид удирдана.
34.2.Тэргүүлэгчид нь дарга болон тэгш тоотой гишүүдээс бүрдэнэ.
34.3.Тэргүүлэгчдийн шийдвэр гаргах хэлбэр нь хуралдаан байна. Хуралдаанд аливаа асуудлыг олонхын саналаар шийдвэрлэнэ.
34.4.Тэргүүлэгчид хоршоог төлөөлөх ба энэ эрхийг тухай бүр Тэргүүлэгчдийн олонхын саналаар хэрэгжүүлнэ.
34.5.Тэргүүлэгчид хоёр сар тутамд нэгээс доошгүй удаа хуралдана.
34.6.Тэргүүлэгчид хоршооны нягтлан бодох бүртгэл хөтлөлтийн байдалд хяналт тавьж, жилийн санхүүгийн тайланг Xяналтын зөвлөлд танилцуулж, бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлнэ.
34.7.Хагас жилийн болон жилийн тайлан гаргахад, эсхүл баримжаалсан тооцоогоор алдагдал гарч, түүнийг энэ хуулийн 25.2-т заасны дагуу болзошгүй эрсдэлээс хамгаалах сангийн хөрөнгөөс нөхөх шаардлага үүсвэл Тэргүүлэгчид энэ тухай хоршооны гишүүдэд мэдэгдэнэ.
34.8.Хоршооны алдагдлыг нөхөхөд болзошгүй эрсдэлээс хамгаалах сангийн хөрөнгө хүрэлцэхгүй бол Тэргүүлэгчид бүх гишүүдийн хурлыг нэн даруй зарлан хуралдуулж, уг асуудлыг хэлэлцүүлнэ.
34.9.Хоршооны дүрэмд заасан тохиолдолд шинээр хоршооны гишүүн элсүүлэх асуудлыг Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлэнэ.
35 дугаар зүйл.Тэргүүлэгчдийн хариуцлага
35.1.Тэргүүлэгчид энэ хууль болон хоршооны дүрэмд заасан үүргээ бүрэн хэрэгжүүлэх, хоршооны нууцад хамаарах мэдээллийг чандлан хадгалах үүрэгтэй.
35.2.Тэргүүлэгч хууль, хоршооны дүрэм зөрчсөн болон өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас хоршоонд учруулсан хохирлыг нөхөн төлнө.
35.3.Бүх гишүүдийн хурлын шийдвэрт үндэслэн явуулсан үйл ажиллагааны улмаас хоршоонд учирсан хохирлыг Тэргүүлэгчид хариуцахгүй.
36 дугаар зүйл.Хоршооны дарга
36.1.Хоршооны дарга нь Тэргүүлэгчдийн дарга байна.
36.2.Хоршооны дарга хоршооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.
36.3.Хоршооны дарга Тэргүүлэгчдийн хуралдааныг даргалж, хуралдааны шийдвэрт гарын үсэг зурж баталгаажуулна.
36.4.Хоршоог төлөөлөх итгэмжлэлд хоршооны дарга гарын үсэг зурна.
36.5.Тэргүүлэгчдийн санал болгосноор хоршооны дарга нь гүйцэтгэх захирлыг томилж, түүнтэй гэрээ байгуулна.
36.6.Дундын хоршооны даргаар аль нэг гишүүн хоршоо болон хуулийн этгээдийн удирдлага давхар ажиллахыг хориглоно.
37 дугаар зүйл.Хяналтын зөвлөл
37.1.Хяналтын зөвлөл хоршооны үйл ажиллагаанд хяналт тавьж, хөндлөнгийн хяналтын байгууллагын шийдвэрийг хангуулах чиг үүрэгтэй байна.
37.2.Хяналтын зөвлөл гурваас доошгүй, сондгой тооны гишүүнтэй байна.
37.3.Хяналтын зөвлөл гишүүдээсээ даргаа сонгоно.
38 дугаар зүйл.Хяналтын зөвлөлийн хуралдаан
38.1.Хяналтын зөвлөлийн шийдвэр гаргах хэлбэр нь хуралдаан байна. Хуралдааныг хяналтын зөвлөлийн дарга зарлан хуралдуулна.
38.2.Хяналтын зөвлөлийн гишүүдийн олонх оролцсоноор хуралдааныг хүчин төгөлдөр гэж үзнэ.
38.3.Хяналтын зөвлөлийн хуралдаанд аливаа асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ.
38.4.Хяналтын зөвлөлийн хуралдааныг Хяналтын зөвлөлийн дарга удирдана.
38.5.Хяналтын зөвлөл улиралд нэгээс доошгүй удаа хуралдана.
38.6.Тэргүүлэгчид, эсхүл Хяналтын зөвлөлийн гишүүдийн 50-аас дээш хувь нь хуралдахыг шаардсан бол Хяналтын зөвлөлийн хуралдааныг Хяналтын зөвлөлийн дарга зарлан хуралдуулна.
39 дүгээр зүйл.Хяналтын зөвлөлийн бүрэн эрх
39.1.Хяналтын зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
39.1.1.Тэргүүлэгчдийн үйл ажиллагааг хянах, шаардлагатай баримт бичиг, мэдээллийг гаргуулан авах, танилцах;
39.1.2.хоршооны санхүүгийн тайлан, цаг үеийн байдлын мэдээ, орлогын хуваарилалт, алдагдлыг хэрхэн нөхөх зэрэг асуудлаар санал, дүгнэлт гаргаж, Тэргүүлэгчид болон бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэх;
39.1.3.хоршооны гишүүний үүргийн хэрэгжилтэд хяналт тавих;
39.1.4.хөндлөнгийн хяналтын байгууллагын шийдвэрийн биелэлтийг хангуулах;
39.1.5.хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны тайланг бүх гишүүдийн хуралд тайлагнах;
39.1.6.энэ хууль болон хоршооны дүрэмд заасан бусад бүрэн эрх.
40 дүгээр зүйл.Хяналтын зөвлөлийн гишүүн
40.1.Хяналтын зөвлөлийн гишүүнийг Тэргүүлэгчээр сонгож үл болно.
40.2.Хяналтын зөвлөлийн гишүүний энэ хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдсон зардлыг хоршооноос олгоно.
40.3.Хяналтын зөвлөлийн гишүүнд бүх гишүүдийн хурлын шийдвэрийн дагуу урамшуулал олгож болно.
41 дүгээр зүйл.Хоршооны гүйцэтгэх удирдлага
41.1.Хоршоо өдөр тутмынхаа үйл ажиллагааг хэрэгжүүлэх гүйцэтгэх удирдлагатай байж болно.
41.2.Гүйцэтгэх удирдлагыг хоршооны гүйцэтгэх захирал, эсхүл хоршооны дарга тэргүүлнэ.
41.3.Гүйцэтгэх удирдлагад хоршооны гишүүн бус этгээдийг гэрээгээр ажиллуулж болно.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ - ХОРШООНЫ ТАЛААРХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГА, ХОРШООЛЛЫН НЭГДСЭН БА ХОРШООДЫН ХОЛБООНЫ БҮРЭН ЭРХ
edit42 дугаар зүйл.Хоршооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
42.1.Хоршооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хоршооны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
42.1.1.хоршооны чиглэлээр улсын төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээ, санг нэгдсэн бодлого, удирдлагаар хангах;
42.1.2.хоршоог хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрийн талаарх саналыг боловсруулж, Засгийн газраар шийдвэрлүүлэх;
42.1.3.хоршооны хөгжлийг дэмжих бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд холбогдох төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах;
42.1.4.хоршооны мэдээллийн нэгдсэн цахим санг бүрдүүлэх, эрхлэн хөтлөх;
42.1.5.хоршооны хөгжлийн үнэлгээг хоёр жил тутам хийж, тайлагнах, үр дүнд үндэслэн санал боловсруулах;
42.1.6.түүхий эдийг бэлтгэн нийлүүлэх тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэх;
42.1.7.улсын шилдэг хоршоог шалгаруулах, шагнах журмыг батлах;
42.1.8.загвар хоршоог бий болгох, дэмжлэг үзүүлэх, чадавхжуулах;
42.1.9.Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журмыг батлах, уг сангийн зарцуулалтад хяналт тавих, нэгдсэн бодлого, удирдлагаар хангах;
42.1.10.хуульд заасан бусад бүрэн эрх.
43 дугаар зүйл.Нутгийн өөрөө удирдах байгууллага болон Засаг даргын бүрэн эрх
43.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хоршооны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
43.1.1.хоршоог хөгжүүлэх, шаардагдах санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
43.1.2.хуульд заасан бусад бүрэн эрх.
43.2.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга хоршооны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
43.2.1.хоршоог дэмжих, хоршооны үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
43.2.2.хоршооны бараа, бүтээгдэхүүний борлуулалт болон хоршоод үйл ажиллагааны чиглэлээр хорших, харилцан уялдаатай хамтын ажиллагааг дэмжих ажлыг зохион байгуулах;
43.2.3.хуульд заасан бусад бүрэн эрх.
44 дүгээр зүйл.Хоршоодын холбоо
44.1.Хоршоод үйл ажиллагааныхаа чиглэлийн дагуу эвлэлдэн нэгдэж, хоршоодын холбоо байгуулж болно. Хоршоо нь хоршоодын холбооны гишүүн байна.
44.2.Хоршоодын холбоо нь гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага байна.
45 дугаар зүйл.Хоршоодын холбооны чиг үүрэг
45.1.Хоршоодын холбоо нь хоршооны талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
45.1.1.гишүүн хоршооныхоо үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, дэмжих;
45.1.2.хоршооны гишүүн, ажилтныг сургах, давтан сургах ажлыг зохион байгуулах;
45.1.3.хоршооны нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайланг гаргахад мэргэжлийн туслалцаа үзүүлэх;
45.1.4.гишүүн хоршооны санхүү, зах зээл, бизнесийн орчны судалгаа, шинжилгээ хийх, мэдээллийн сан бүрдүүлэх, мэдээлэл өгөх;
45.1.5.гишүүн хоршооны хөгжлийн түвшин, чадавхын үнэлгээ хийх, тодорхойлолт гаргах;
45.1.6.шинээр хоршоо байгуулах, хоршоонд элсэх хүсэлтэй иргэнийг хоршооны үйл ажиллагаа, удирдлага, нягтлан бодох бүртгэлийн талаарх сургалтад хамруулах;
45.1.7.хоршооны үйл ажиллагаа, санхүүгийн байдал, гишүүнчлэлтэй холбоотой мэдээллийг гаргуулан авах;
45.1.8.гишүүн хоршооны эрх ашгийг хамгаалах чиглэлээр түүнийг төлөөлж ажиллах;
45.1.9.хоршооллын хөдөлгөөнийг өргөжүүлэх, хоршоог хөгжүүлэх арга хэмжээг авах;
45.1.10.хуульд заасан бусад чиг үүрэг.
46 дугаар зүйл.Хоршооллын нэгдсэн холбоо
46.1.Хоршооллын байгууллагуудын хөгжлийн чиг хандлага, бодлогыг тодорхойлж, хоршоодыг тогтвортой хөгжих таатай орчныг бүрдүүлэхзорилгоор хоршоодын холбоод нэгдэж, Хоршооллын нэгдсэн холбоог байгуулж болно.
46.2.Хоршооллын нэгдсэн холбоо дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулна:
46.2.1.хоршооллын салбарын хөгжлийн нэгдсэн бодлого, хоршооллын хөдөлгөөнийг өргөжүүлэх талаар төрийн захиргааны төв байгууллагатай хамтран ажиллах, хоршоологчдын эрх ашгийг хамгаалах;
46.2.2.хоршоо хөгжих эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх санал боловсруулах;
46.2.3.хоршооны хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;
46.2.4.төрөөс хоршооллыг дэмжин хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрт хоршоодын холбоодоор дамжуулан тэдгээрийн гишүүн хоршоог хамруулах, хөнгөлөлттэй зээл, бусад төслийн эх үүсвэрийг гишүүдэд хүртээмжтэй, шударга хуваарилах чиглэлээр хоршоодын холбоод, төрийн байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;
46.2.5.хоршооллын давуу тал, шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах, шилдэг туршлагыг дэлгэрүүлэх, сурталчлах ажлыг зохион байгуулах;
46.2.6.хоршооны хөгжлийн түвшин, чадавхын үнэлгээ хийх арга зүй, шалгуур үзүүлэлтийг тогтоон мөрдүүлэх;
46.2.7.гишүүн холбоод, тэдгээрийн гишүүн хоршоодын мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, мэдээлэл өгөх.
ДОЛДУГААР БҮЛЭГ - ХОРШООГ ТАТАН БУУЛГАХ
edit47 дугаар зүйл.Хоршоог бүх гишүүдийн хурлын шийдвэрээр татан буулгах
47.1.Хоршоог бүх гишүүдийн хурлын шийдвэрээр дараах тохиолдолд татан буулгаж болно:
47.1.1.гишүүдийн тоо хуульд заасан доод хэмжээнд хүрэхгүй болсон;
47.1.2.хугацаатай байгуулсан хоршооны хугацаа дууссан буюу зорилгодоо хүрсэн учир цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх шаардлагагүй гэж үзсэн;
47.1.3.хоршоог татан буулгах тухай хоршооны нийт гишүүний дөрөвний гурваас доошгүй хувь нь санал гаргасан.
47.2.Хоршоог бүх гишүүдийн хурлын шийдвэрээр татан буулгах тохиолдолд бүх гишүүдийн хурлаас татан буулгах комисс томилно. Татан буулгах комисс Иргэний хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу татан буулгах ажиллагааг хийнэ.
48 дугаар зүйл.Хоршоог шүүхийн шийдвэрээр татан буулгах
48.1.Шүүх дараах үндэслэлээр хоршоог татан буулгана:
48.1.1.Иргэний хуулийн 32.1-д заасан нөхцөл бий болсон;
48.1.2.гишүүдийн тоо хуульд заасан доод хэмжээнд хүрэхгүй болсон ба хоршоо өөрийн санаачилгаар татан буугдаагүй;
48.1.3.энэ хууль болон хоршооны дүрэмд зааснаас өөр үйл ажиллагаа явуулсан;
48.1.4.бүх гишүүдийн хурлыг гурван жил дараалан зарлан хуралдуулаагүй;
48.1.5.хуульд заасан бусад үндэслэл.
49 дүгээр зүйл.Хоршоо татан буугдсаныг мэдэгдэх
49.1.Хоршоог татан буулгах шийдвэр гаргасан эрх бүхий этгээд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23.1-д заасны дагуу улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдэнэ.
49.2.Хоршоо татан буугдсаныг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн тухай татан буулгах комисс нийтэд мэдээлнэ.
49.3.Хоршооноос авлагатай этгээдэд хоршоо татан буугдсан тухай тусгайлан мэдэгдэнэ.
50 дугаар зүйл.Татан буулгах комисс томилох, татан буулгах
50.1.Хоршоог татан буулгах ажлыг Иргэний хуулийн 32.2-т заасныг үндэслэн энэ тухай шийдвэр гаргасан этгээдийн томилсон комисс эрхлэн гүйцэтгэнэ.
50.2.Татан буулгах комиссыг бүх гишүүдийн хурлаас томилж чадаагүй бол Хяналтын зөвлөл томилно.
50.3.Татан буулгах комисс байгуулсан этгээдийн шийдвэрээр шаардлагатай гэж үзвэл тухайн комиссыг хугацаанаас нь өмнө татан буулгаж болно.
51 дүгээр зүйл.Татан буулгах комиссыг улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдэх
51.1.Татан буулгах комиссын гишүүдийг улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, холбогдох баримт бичгийг хүргүүлнэ.
52 дугаар зүйл.Татан буулгах комисс хоршоог төлөөлж гарын үсэг зурах
52.1.Хоршооны нэрийн хажууд "татан буугдаж байгаа" гэсэн бичилт хийж татан буулгах комиссын гишүүд хоршоог төлөөлж гарын үсгээ зурна.
53 дугаар зүйл.Хоршооны үйл ажиллагаа дуусгавар болсноос хойш хоршооны гишүүний үүргийг нэмэгдүүлэхгүй байх
53.1.Хоршооны үйл ажиллагаа дуусгавар болсноос хойш хоршооны гишүүний хоршоонд заавал оруулах хувь хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлж үл болно.
54 дүгээр зүйл.Хөрөнгө хуваарилахыг хориглох хугацаа
54.1.Хоршооны өр төлбөртэй холбоотой нэхэмжлэлийг Иргэний хуулийн 32.5-д заасан дарааллаар барагдуулна.
54.2.Хоршоонд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд хүндэтгэн үзэх шалтгаанаар нэхэмжлэл гаргаагүй бол түүнд төлбөл зохих төлбөрийг нэгэн адил хуваарилна.
54.3.Төлбөрийн талаар маргаантай бол тухайн этгээдэд ногдох хэсгийг тусгаарласны дараа үлдсэн эд хөрөнгийг хоршооны гишүүдэд хуваана.
55 дугаар зүйл.Хоршооны эд хөрөнгийг гишүүдэд хуваарилах
55.1.Хоршооны харилцагчдын нэхэмжлэлийг хангах ажиллагаа дууссаны дараа хоршооны үлдсэн эд хөрөнгийг хоршооны гишүүдэд хуваарилна.
55.2.Татан буулгалтын тайланг үндэслэн хоршооны гишүүнд оногдох хувийг тогтооно.
55.3.Хоршооны гишүүн нэмэгдэл хувь хөрөнгө оруулсан бол уг хөрөнгийг эхний ээлжид буцаан олгоно.
55.4.Хоршооны гишүүн бүрд оногдох хувийг олгосны дараа хоршооны нийт хөрөнгөөс үлдсэн хэсгийг хоршооны гишүүдэд тэнцүү хэмжээгээр хуваана.
55.5.Энэ хуулийн 55.4-т заасан хэмжээг хоршооны дүрмээр өөрөөр тогтоож болно.
НАЙМДУГААР БҮЛЭГ - БУСАД
edit56 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
56.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хууль, эсхүл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
This work is in the public domain in Mongolia and other jurisdictions.
According to the Law of Mongolia on Copyright from September 1st, 1993 as amended on February 1st, 1997, May 21st, 1999 and Jan 19, 2006, works first published in Mongolia are exempt from copyright if they fall under one of the following categories:
This work falls into one or more of the above categories and is in the public domain. |