Монгол Улсын Хоршооны тухай хууль (1998)

Монгол Улсын Хоршооны тухай хууль (1998)
327003Монгол Улсын Хоршооны тухай хууль1998

1998 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр

2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр баталсан Хоршооны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсон.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Улаанбаатар хот

ХОРШООНЫ ТУХАЙ

/ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. Нийтлэг үндэслэл

edit

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь хоршооны зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж, хоршоог үүсгэн байгуулах, бүртгэх, хоршооны үйл ажиллагааг дуусгавар болгох, хоршооны гишүүнчлэл, хяналт болон хоршооны тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Хоршооны тухай хууль тогтоомж

2.1.Хоршооны тухай хууль тогтоомж нь Иргэний хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

3 дугаар зүйл.Хоршоо, түүний үйл ажиллагааны төрөл

/Энэ зүйлийн гарчигт 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

3.1.Эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор хэд хэдэн этгээд сайн дураараа нэгдсэн, ардчилсан хамтын, хамтын удирдлага, хяналт бүхий, дундын эд хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа явуулахаар хамтран байгуулсан хуулийн этгээдийг хоршоо гэнэ.

/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт, 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

3.2.Хоршоод аж ахуйн үйл ажиллагаагаа хамтран эрхлэх зорилгоор бусад хоршоо болон хуулийн этгээдтэй хамтран дундын хоршоо байгуулж болно. Дундын хоршооны гишүүдийн 51-ээс доошгүй хувь нь хоршоо байна.

/Энэ хэсэгт 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

3.3.Дундын хоршооны эрх зүйн зохицуулалт нь энэ хуулийн 3.1-д заасан хоршоотой адил байна.

3.4.Хоршоо нь дараахь төрлийн үйл ажиллагаа эрхэлж болно:

/Энэ хэсгийг болон энэ хэсгийн заалтын дугаарыг 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

3.4.1.түүхий эд боловсруулалтын;

3.4.2.үйлдвэрлэлийн;

3.4.3.хадгаламж, зээлийн;

3.4.4.борлуулалт, хангамж, бэлтгэн нийлүүлэлтийн;

3.4.5.үйлчилгээний;

3.4.6.орон сууц барих зориулалтын;

3.4.7.эд хэрэглэгчдийн;

3.4.8.дүрэмд заасан үйл ажиллагаа.

/Энэ заалтыг 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

3.5.Хоршоо нь энэ хуулийн 3.4.3-т зааснаас бусад хэд хэдэн үйл ажиллагааг нэгэн зэрэг эрхэлж болно.

/Энэ хэсгийг 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн, энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.6.Энэ хуулийн 3.4.3-т заасан үйл ажиллагааг Хорооноос тусгай зөвшөөрөл авсан хадгаламж, зээлийн хоршоо эрхэлнэ. Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хоршоо, хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоо, хадгаламж, зээлийн хоршоодын дундын хоршооны эрх зүйн байдлыг тусгай хуулиар зохицуулна.

/Энэ хэсгийг 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/

3.7.Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан Хадгаламж, зээлийн хоршооноос бусад хоршоо энэ хуулийн 3.4.3-т заасан үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.

/Энэ хэсгийг 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/

4 дүгээр зүйл.Хоршооны эдийн засгийн гадаад харилцааны эрх

4.1.Хоршоо эдийн засгийн гадаад харилцаанд бие даан оролцох эрхтэй.

5 дугаар зүйл.Хоршооны хариуцлага

5.1.Хоршоо нь үйл ажиллагааныхаа улмаас бий болсон үүргийг зөвхөн өөрийн /хоршооны/ эд хөрөнгөөр хариуцна.

5.2.Хоршооны эд хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд түүний үүргийг гишүүд нь нөхөж хариуцна. Гишүүдийн хүлээх нөхөх хариуцлагын хэмжээг хязгаарлах эсэхийг дүрмээр зохицуулна.

5.3.Хадгаламж, зээлийн хоршоо үйл ажиллагааныхаа улмаас бий болсон үүргийг өөрийн хөрөнгөөр хүлээнэ.

/Энэ хэсгийг 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн, 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

ХОЁРДУГААР БҮЛЭГ. Хоршоог үүсгэн байгуулах, бүртгүүлэх журам

edit

6 дугаар зүйл.Хоршооны гишүүдийн тооны доод хязгаар

6.1.Анхан шатны Хоршоог 9-өөс доошгүй иргэн, дундын хоршоог хоёроос доошгүй хуулийн этгээд байгуулж болно.

/Энэ хэсэгт 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

7 дугаар зүйл.Хоршооны нэр

7.1.Хоршоо нь оноосон нэртэй байна. Хоршооны оноосон нэрний ард "Хоршоо" гэсэн ялгах тэмдгийг хэрэглэнэ.

/Энэ хэсгийг 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

7.2.Хоршоог аль нэг гишүүний нэрээр нэрлэж үл болно.

7.3.Хоршооны оноосон нэрийг өөр хоршоо ашиглах, хоршоогоо нэрлэхийг хориглоно.

8 дугаар зүйл.Хоршооны эд хөрөнгө

8.1.Хоршооны эд хөрөнгө дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:

8.1.1.гишүүнээс нийлүүлсэн хувь хөрөнгө;

8.1.2.дүрэмд заасан бол гишүүний элсэлтийн татвар;

8.1.3.хоршооны үйл ажиллагааны орлогоос хоршооны болзошгүй алдагдлын нөөц санд хуваарилсан хөрөнгө;

/Энэ заалтад 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

8.1.4.бэлэглэсэн, хандивласан хөрөнгө;

8.1.5.хоршооны өмчлөл дэх бусад хөрөнгө.

/Энэ заалтыг 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

8.2.Хоршооны эд хөрөнгө нь нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжид зааснаар зохих бүртгэлтэй байх бөгөөд түүнийг гишүүн тус бүрийн нэр дээр хуваарилан дараахь байдлаар давхар бүртгэнэ:

8.2.1.гишүүний нийлүүлсэн хувь хөрөнгийг үнийн дүнгээр болон биет байдлаар;

8.2.2.хоршооны нөөц санд үлдээхээр хуваарилсан хөрөнгийг гишүүдэд орлого хуваарилах журмаар тооцсон үнийн дүнгээр;

8.2.3.бэлэглэсэн, хандивласан хөрөнгийг гишүүдэд тэнцүү хуваасан үнийн дүнгээр.

8.3.Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хоршооны өөрийн хөрөнгө нь гишүүдийн оруулсан хувь хөрөнгө, нөөц сан, хуваарилагдаагүй орлого, хандив, нийгмийн хөгжлийн сан болон тухайн жилийн цэвэр ашгаас бүрдэнэ.

/Энэ хэсгийг 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн, 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

8.4.Хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэх хоршоонд мөрдөх зохистой үзүүлэлт, эрсдэлийн сангийн доод хэмжээг тодорхойлох журмыг Санхүүгийн зохицуулах хороо тогтоож, хэрэгжилтэд нь хяналт тавина.

/Энэ хэсгийг 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн, энэ хэсэгт 2004 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хууль, 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан, энэ хэсгийг 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

9 дүгээр зүйл.Хоршооны дүрэм, түүний агуулга

9.1.Хоршоог үүсгэн байгуулах баримт бичиг нь хоршооны дүрэм байна.

9.2.Хоршооны дүрмийг бүх гишүүдийн хурлаар батална.

9.3.Хоршооны дүрэмд дараахь асуудлыг тусгана:

9.3.1.хоршооны оноосон нэр, оршин байгаа газрын хаяг;

9.3.2.гишүүдийн овог, нэр, хаяг, паспортын болон регистрийн дугаар;

/Энэ заалтад 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9.3.3.хоршооны зорилго, үйл ажиллагааны төрөл;

9.3.4.хоршооны үйл ажиллагаа явуулах хугацаа;

9.3.5.гишүүнээс хоршоонд оруулах хөрөнгийн доод хэмжээ, түүнийг бүрдүүлэх хугацаа, хэлбэр;

/Энэ заалтад 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9.3.6.гишүүдийн заавал оруулах хувиас гадна хоршоонд нийлүүлж болох хувь хөрөнгийн дээд хэмжээ;

9.3.7.гишүүдийн оруулах хувь хөрөнгийг үнэлэх журам;

9.3.8.хоршооны орлого, зарлагыг тооцох, бүртгэх, түүнийг хуваарилах журам;

9.3.9.хоршооны тайлангийн жил;

9.3.10.аж ахуйн үйл ажиллагаандаа тухайн хоршооны гишүүн бус этгээдийг оролцуулах нөхцөл, журам;

9.3.11.хоршооны гишүүнд элсэх, гишүүнээс гарах, хасах нөхцөл, журам, гишүүний эрх, үүрэг, хариуцлага;

9.3.12.гишүүнд үйлчлэх хэлбэр;

9.3.13.хоршооны удирдлагын бүрэлдэхүүн, түүний бүрэн эрх, шийдвэр гаргах журам, хүлээх хариуцлага;

9.3.14.болзошгүй алдагдлыг нөхөх нөөцийн санг бүрдүүлэх арга, хэлбэр нөөцийн санд , хуримтлуулах жилийн орлогын тодорхой хувь хэмжээ түүнд байнга байлгах хөрөнгийн доод хэмжээ;

9.3.15.хоршооны салбар, төлөөлөгчийн газрын ажиллах үндэслэл, журам, түүний эрх, үүрэг, хариуцлага;

9.3.16.хоршооны үйл ажиллагаан дахь дотоодын ба хөндлөнгийн хяналт;

9.3.17.хоршоог өөрчлөн байгуулах, татан буулгах үндэслэл;

9.3.18.хоршоодын холбоонд эвлэлдэн нэгдэх, түүнээс гарах үндэслэл, журам;

9.3.19.бусад зүйл.

10 дугаар зүйл.Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах

10.1.Хоршооны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг гагцхүү бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж, хуралд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэнэ.

10.2.Дүрэмд оруулах дараахь нэмэлт, өөрчлөлтийг бүх гишүүдийн дөрөвний гурваас доошгүйн саналаар шийдвэрлэнэ:

10.2.1.хоршооны үйл ажиллагааны төрлийг өөрчлөх;

10.2.2.гишүүнээс хоршоонд заавал оруулах хувь хэмжээг өөрчлөх;

10.2.3.гишүүдийн нөхөх хариуцлагын хэмжээг өөрчлөх;

10.2.4.хоршоог өөрчлөн байгуулах, татан буулгах;

10.2.5.хоршооны бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг тодорхой хэмжээгээр заавал хэрэглэж байхыг гишүүдэд үүрэг болгох.

10.3.Хоршооны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай бүх гишүүдийн хурлын шийдвэр гарснаас хойш 15 өдрийн дотор бүртгэх байгууллагад мэдэгдэнэ.

/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

11 дүгээр зүйл.Хоршоог бүртгэх

11.1.Хоршооны дүрэм баталснаас хойш 30 хоногийн дотор Тэргүүлэгчид харьяалах нутаг дэвсгэрийн бүртгэх байгууллагад Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу хоршоог бүртгүүлэх өргөдөл гаргана.

/Энэ хэсэгт 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

11.2.Өргөдөлд дараахь зүйлийг хавсаргана:

/Энэ хэсгийн дугаарыг 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

11.2.1.үүсгэн байгуулагч гишүүдийн гарын үсэгтэй дүрэм;

/Энэ заалтад 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

11.2.2.үүсгэн байгуулагч гишүүдийн нэрсийн жагсаалт, паспортын болон регистрийн дугаар;

/Энэ заалтыг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

11.2.3.хоршоог үүсгэн байгуулсан болон Тэргүүлэгчид, Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгосон хурлын тэмдэглэл.

11.3.Улсын бүртгэлийн байгууллага нь энэ хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзвэл ажлын хоёр өдрийн дотор хоршоог улсын бүртгэлд бүртгэнэ.

/Энэ хэсгийн дугаарыг 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчилсөн, энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

11.4.Бүртгэх байгууллага нь хоршоог улсын бүртгэлд бүртгэхдээ хоршооны дүрэмд тэмдэглэл хийх замаар баталгаажуулж, нэг хувийг буцаан олгоно.

/Энэ хэсгийн дугаарыг 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчилсөн, энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

11.5.Бүртгэх байгууллага нь хоршоог бүртгэх явцад энэ хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзвэл зохих үндэслэлийг зааж, бүртгэхээс татгалзсан тухай шийдвэр гаргах ба энэ тухайгаа өргөдөл гаргагчид албан ёсоор мэдэгдэж, баримт бичгийг нь буцаана.

/Энэ хэсгийн дугаарыг 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

11.6.Бүртгэх байгууллагын бүртгэхээс татгалзсан шийдвэрийг өргөдөл гаргагч эс зөвшөөрвөл зохих журмын дагуу шүүхэд гомдол гаргаж болно.

/Энэ хэсгийн дугаарыг 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

12 дугаар зүйл.Хоршоог бүртгэснийг мэдээлэх

12.1.Хоршоог улсын бүртгэлд бүртгэсэн тухай бүртгэх байгууллага нийтэд мэдээлнэ.

12.2.Мэдээлэл дараахь агуулгатай байна:

12.2.1.улсын бүртгэлд бүртгэсэн он, сар, өдөр;

12.2.2.хоршооны нэр, хаяг;

12.2.3.эрхлэх үйл ажиллагааны төрөл;

12.2.4.Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүн;

12.2.5.хоршооны гишүүдийн нөхөх хариуцлагын хэмжээ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ. Хоршооны гишүүн

edit

13 дугаар зүйл.Хоршоонд гишүүнээр элсэх

13.1.Тухайн хоршооны дүрмийг зөвшөөрсөн, түүний үйлчилгээг ашиглаж, холбогдох хариуцлагыг хүлээх чадвартай иргэн, хоршоо сайн дураараа хоршоонд элсэнэ.

13.2.Хоршоонд гишүүнээр элсэхийг хүссэн этгээд өргөдлөө Тэргүүлэгчдэд гаргах ба дүрэмд өөрөөр заагаагүй бол гишүүнд элсүүлэх асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ.

13.3.Тэргүүлэгчид нь гишүүнээр элсэхийг хүссэн этгээдийн өргөдөл, түүнийг гишүүнээр элсүүлсэн тухай шийдвэрийг бүртгэх байгууллагад бүртгүүлнэ.

13.4.Хоршооны Тэргүүлэгчид, Хяналтын зөвлөлийн гишүүд тухайн хоршооны гишүүн байна.

14 дүгээр зүйл.Хоршооны гишүүний эрх

14.1.Хоршооны гишүүн дараахь эрхтэй:

14.1.1.энэ хууль болон хоршооны дүрэмд заасны дагуу хоршооноос зохих үйлчилгээ авах;

14.1.2.өөрийн хүсэлтээр гишүүнээс гарах, дахин элсэх;

14.1.3.хоршооны үйл ажиллагаанд оролцож, Тэргүүлэгч болон Хяналтын зөвлөлийн гишүүнээр сонгох, сонгогдох;

14.1.4.бүх гишүүдийн хуралд оролцож асуулт тавих, санал гаргах, шийдвэр гаргахад таслах эрхтэй оролцох;

14.1.5.бүх гишүүдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах тухай санал гаргах;

14.1.6.хоршооны жилийн орлогоос тогтоосон журмын дагуу хувь хүртэх;

14.1.7.жилийн тайланг бүх гишүүдийн хурлаар батлахаас өмнө Хяналтын зөвлөлийн дүгнэлтийг шаардан авах;

14.1.8.бүх гишүүдийн хурлын тэмдэглэлтэй танилцах;

14.1.9.хоршооны гишүүдийн бүртгэлтэй танилцах;

14.1.10.хууль, дүрэмд заасан бусад эрх;

14.1.11.хууль, дүрэмд өөрөөр заагаагүй бол өрсөлдөгч бус өөр хоршоонд гишүүн байх, хуулийн этгээдийн хувь нийлүүлэгч байх.

/Энэ заалтыг 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

15 дугаар зүйл.Хоршооны гишүүний үүрэг

15.1.Хоршооны гишүүн дараахь үүрэгтэй:

/Энэ заалтад 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

15.1.1.хоршооны үйл ажиллагаанд оролцох;

/Энэ заалтад 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

15.1.2.хоршооны тухай хууль болон хоршооны дүрэм, бүх гишүүдийн хурлын шийдвэрийг дагаж мөрдөх, хоршоонд оруулах хувь хөрөнгөө хугацаанд нь бүрэн нийлүүлэх;

15.1.3.хоршооны болон бусад гишүүдийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх;

15.1.4.хаягаа өөрчилсөн өөр хоршооонд гишүүнээр элссэн нөхцөлд цаг тухайд нь хоршоонд мэдэгдэх;

/Энэ заалтад 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

15.1.5.хууль, дүрэмд заасан бусад үүрэг.

16 дугаар зүйл.Хоршоонд гишүүнээс нийлүүлэх хувь хөрөнгө, хоршооны эд хөрөнгөөс гишүүнд оногдох хувь хэмжээ

16.1.Хоршоонд гишүүнээр элссэнээр гишүүн нь хоршооны эд хөрөнгийн зохих хувийн өмчлөгч болж, хоршооны гишүүний эрх, үүрэг үүснэ.

16.2.Нийлүүлсэн хувь хөрөнгийн үнийн нийт дүн нь хоршооны хөрөнгөнөөс түүнд оногдох хэмжээг тодорхойлно.

16.3.Хоршооны эд хөрөнгөөс гишүүнд оногдох хэмжээ нь гишүүний нийлүүлсэн нийт хувь хөрөнгө /заавал оруулах хувь хөрөнгө, илүү оруулсан хувь хөрөнгө, хөдөлмөр оролцоо/, тухайн гишүүнд ногдох хоршооны жилийн ашиг, алдагдлын зөрүүг тооцсон дүнтэй тэнцүү байна.

16.4.Гишүүдийн оруулах хувь хөрөнгө, хөдөлмөр оролцоо нь эд хөрөнгө, бэлэн мөнгө болон ажил, үйлчилгээ, оюуны өмчийг үнэлэх хэлбэртэй байна.

16.5.Хоршоонд гишүүний нийлүүлсэн нийт хувь хөрөнгийн хэмжээг үндэслэн хоршоо орлого хуваарилж болно.

16.6.Орлогын хуваарилалтыг Тэргүүлэгчид, Хяналтын Зөвлөлийн хамтарсан саналыг үндэслэн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн, олонхийн саналаар шийдвэрлэнэ.

16.7.Дүрэмд өөрөөр заагаагүй бол хоршоо санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор орлого хуваарилах асуудлыг шийдвэрлэнэ.

/Энэ хэсгийг 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

17 дугаар зүйл.Хоршооны гишүүнээс гарах

17.1.Хоршооны гишүүнээс дараахь тохиолдолд гарна:

17.1.1.гишүүний өөрийн нь хүсэлт гаргасан;

17.1.2.гишүүн нь хоршооны оршин буй газраас өөр нутаг дэвсгэрт шилжсэнээр хоршооны үйл ажиллагаанд оролцох боломжгүй болсон;

/Энэ заалтад 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

17.1.3.гишүүн өөрт оногдох хувь хөрөнгөө бусдад бүхэлд нь шилжүүлсэн.

17.2.Хоршооны гишүүн нас барсан бол түүнийг гишүүнээс гарсанд тооцно.

17.3.Гишүүн хоршооноос гарах тухай хүсэлтээ хоршооны санхүүгийн жил дуусахаас 3-аас доошгүй сарын өмнө бичгээр урьдчилан гаргана.

18 дугаар зүйл.Хоршооны гишүүнээс хасах

18.1.Хоршооны гишүүнээс дараахь үндэслэлээр хасаж болно:

18.1.1.хоршооны гишүүн хууль, дүрэмд заасан үүргээ зөрчсөн;

18.1.2.энэ хуулийн 18.1.1-д заасан үндэслэлээр хоршооны гишүүнээс хасах тухай Тэргүүлэгчдийн сануулга авсаны дараа уг зөрчлийг дахин гаргасан;

18.1.3.тухайн хоршоотой өрсөлдөх хоршоог өөрөө байгуулсан, эсхүл өрсөлдөгч хоршоонд хувь хөрөнгө нийлүүлсэн буюу түүнээс хувь хөрөнгө авч уул хоршоондоо нийлүүлсэн;

18.1.4.энэ хуульд нийцүүлэн хоршооны дүрмээр тогтоосон бусад үндэслэл.

18.2.Хоршооны гишүүнээс хасах асуудлыг дүрэмд өөрөөр заагаагүй бол бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ.

18.3.Гишүүнээс хасах тухай шийдвэр гаргахаас өмнө тухайн гишүүнд гишүүнээс хасах болсон үндэслэл, шалтгааныг танилцуулах ба гишүүн тайлбар хэлж болно.

18.4.Хоршооны гишүүнээс хассан тухай шийдвэрт хасах болсон үндэслэл, шалтгааныг заана.

18.5.Хоршооны гишүүнээс хассан тухай шийдвэр гарснаар уул гишүүний бүрэн эрх дуусгавар болно.

18.6.Хоршооны гишүүнээс хассан тухай шийдвэрийг тухайн этгээд эс зөвшөөрвөл гомдлоо 14 хоногийн дотор Хяналтын зөвлөлд гаргаж болно.

18.7.Xяналтын зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрсөн этгээд зохих журмын дагуу шүүхэд гомдол гаргаж болно.

19 дүгээр зүйл.Гишүүнээс гарсан, хасагдсан этгээдтэй тооцоо хийх

19.1.Гишүүнээс гарсан, хасагдсан этгээдтэй холбогдох хууль тогтоомж, эрх зүйн бусад акт, хоршооны дүрмийг үндэслэн тооцоо хийнэ.

19.2.Гишүүн оруулсан бүх хувь хөрөнгөө өөр гишүүнд шилжүүлсэн бол тухайн гишүүнтэй тооцоо хийх шаардлагагүй.

19.3.Харилцагч аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд хоршооноос төлөх төлбөрийн зохих хувь хэмжээний өөрт ногдох хэсгийг хоршооноос гарсан, хасагдсан этгээд энэ хуульд заасан журмаар бусад гишүүний нэгэн адил төлөх үүрэгтэй.

19.4.Дүрэмд өөрөөр заагаагүй бол хоршооны гишүүнээс гарсан, хасагдсан этгээд эд хөрөнгийн тооцоогоо тайлангийн жилийн эцсээр хийнэ.

20 дугаар зүйл.Оруулсан хувь хөрөнгөө бусдад шилжүүлэх

20.1.Хоршооны гишүүн өөрийн оруулсан хувь хөрөнгийг бичгээр хийсэн гэрээний дагуу өөр гишүүнд хэдийд ч шилжүүлж болно.

20.2.Энэ хуулийн 20.1-д заасны дагуу гишүүний хувь хөрөнгийг шилжүүлэн авсан этгээдийн шилжүүлэн авсан болон өөрийнх нь нийлүүлсэн хувь хөрөнгийн нийт хэмжээ нь нэг гишүүний оруулах хувь хөрөнгийн дээд хязгаараас илүүгүй байна.

21 дүгээр зүйл.Гишүүний эд хөрөнгийн эрх өв залгамжлагчид шилжих

21.1.Хоршооны гишүүн нас барсан бол гишүүний эд хөрөнгийн эрх түүний өв залгамжлагчид шилжинэ.

21.2.Өв залгамжлагч нь хоёр түүнээс дээш байвал гишүүнчлэлийн асуудлыг шийдвэрлэх хүртэл тэдгээр нь саналын нэг эрхтэй байна.

21.3.Өв залгамжлагчийг гишүүнд элсүүлэх асуудлыг бүх гишүүдийн хурал шийдвэрлэнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. Хоршооны удирдлага

edit

22 дугаар зүйл.Хоршооны эрх барих байгууллага

22.1.Хоршоо нь бүх гишүүдийн хурал, Тэргүүлэгчид, Хяналтын зөвлөлтэй байна. Хоршооны дүрэмд эдгээрээс өөр байгууллага /гишүүдийн зөвлөл зэрэг/, зохион байгуулалтын бусад хэлбэр байхаар зааж болно.

23 дугаар зүйл.Бүх гишүүдийн хурал

23.1.Хоршооны удирдах дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна.

23.2.Гишүүд хоршоонд холбогдох асуудлыг шийдвэрлэх эрхээ бүх гишүүдийн хурлаар дамжуулан хэрэгжүүлнэ.

23.3.Бүх гишүүдийн хурлыг жилд нэгээс доошгүй удаа хийнэ.

23.4.Дор дурдсан асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ:

23.4.1.дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах;

23.4.2.Тэргүүлэгчид, Хяналтын зөвлөлийн гишүүнийг сонгох, чөлөөлөх, огцруулах, тэдгээрийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэх;

23.4.3.Тэргүүлэгчид болон Хяналтын зөвлөлийн гишүүнийг хоршооны гишүүнээс хасах;

23.4.4.Тэргүүлэгчид болон Хяналтын зөвлөлийн гишүүний буруутай үйл ажиллагааны улмаас хоршоонд учирсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх;

23.4.5.хоршооны эд хөрөнгийг захиран зарцуулах нөхцөл журмыг тогтоох;

23.4.6.гишүүнээс нийлүүлсэн хувь хөрөнгийг буцааж олгох, зээл авах болон зээл олгох хязгаарлалтыг тогтоох;

23.4.7.хоршооны гишүүний элсэлтийн татварын хэмжээг тогтоох;

23.4.8.тайлан, тэнцлийг батлaх, тухайн жилийн орлогыг хуваарилах, алдагдалтай ажилласан бол хэрхэн нөхөх, хоршоодын холбоо болон Хяналтын зөвлөлийн шалгалтын дүнг хэлэлцэх, зардлын төсөв батлах;

23.4.9.дундын хоршоо байгуулах буюу түүнд элсэх, хоршоодын холбоонд эвлэлдэн нэгдэх;

23.4.10.хоршоог өөрчлөн байгуулах, татан буулгах;

23.4.11.хуульд заасан бусад асуудал.

23.5.Бүх гишүүдийн хурал гишүүдийн дийлэнх олонхи оролцсоноор хүчин төгөлдөр болно.

23.6.Бүх гишүүдийн хурлын шийдвэрийг хуульд өөрөөр заагаагүй бол санал хураалтад оролцсон гишүүдийн олонхийн саналаар гаргана.

23.7.Нийлүүлсэн хувь хөрөнгийн хэмжээнээс үл хамааран бүх гишүүдийн хуралд гишүүн тус бүр нэг саналын эрх эдэлнэ.

23.8.Хуралд хэлэлцэхээр товлоогүй асуудлыг хүндэтгэх шалтгаантайгаар оролцож чадаагүй гишүүдээс бусад бүх гишүүн хуралд оролцож байгаа тохиолдолд тэдний дийлэнх олонхийн зөвшөөрснөөр хэлэлцэж болно.

23.9.Хоршооны гишүүн бүх гишүүдийн хуралд биечлэн оролцож саналаа өгнө.

23.10.Хуралд биечлэн оролцох боломжгүй болсон гишүүн буюу дундын хоршооны гишүүн хоршоо нь зохих журмаар олгосон итгэмжлэл бүхий хууль ёсны төлөөлөгчөөр дамжуулан энэ хуулийн 23.9-д заасан эрхээ хэрэгжүүлнэ.

23.11.Тэргүүлэгчид болон Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүн, Хоршооны даргыг сонгох, чөлөөлөх, тэдгээрийн ажиллах журам, хоршооны үйл ажиллагааг дуусгавар болгох тухай асуудлыг бүх гишүүдийн хуралд оролцогчдын дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэнэ.

24 дүгээр зүйл.Бүх гишүүдийн хурал зарлан хуралдуулах журам

24.1.Тэргүүлэгчид бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулна.

24.2.Тэргүүлэгчид үйл ажиллагаагаа явуулахгүй байгаа бол бүх гишүүдийн хурлыг Хяналтын зөвлөл зарлан хуралдуулна.

24.3.Гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувийн саналаар бүх гишүүдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж болно.

24.4.Бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах тухай саналаа гишүүд бичгээр гаргаж гарын үсгээ зурах ба түүнд бүх гишүүдийн хурлыг хуралдуулах үндэслэл, шалтгааныг заана.

24.5.Энэ хуулийн 24.3-т заасан тохиолдолд Тэргүүлэгчид нь бүх гишүүдийн хурал хуралдуулах үндэслэл, шалтгаан, хэлэлцэх асуудлын талаар гишүүдэд мэдэгдэнэ.

24.6.Энэ хуулийн 24.2, 24.5-д заасан шаардлагыг биелүүлээгүй Тэргүүлэгчид, Xяналтын зөвлөлийн гишүүдийг өөрчлөх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр бүх гишүүдийн хурлыг яаралтай зарлан хуралдуулна.

25 дугаар зүйл.Бүх гишүүдийн хурал хуралдах хугацаа, газар

25.1.Бүх гишүүдийн ээлжит хурлыг тайлангийн жил дууссанаас хойш 6 сарын дотор хийнэ.

25.2.Шаардлагатай гэж үзвэл бүх гишүүдийн ээлжит бус хурлыг хэдийд ч зарлан хуралдуулж болно.

25.3.Бүх гишүүдийн хурлыг өөр газар хуралдуулахаар товлоогүй бол хоршооны төв оршин байгаа газар хуралдуулна.

26 дугаар зүйл.Хурал зарлах хэлбэр, хугацаа

26.1.Бүх гишүүдийн ээлжит хурлыг хуралдуулах хугацаа, хэлэлцэх асуудлыг 30-аас доошгүй хоногийн өмнө зарлана.

26.2.Бүх гишүүдийн хурлыг бэлтгэн явуулах ажлыг Тэргүүлэгчид эрхлэн гүйцэтгэнэ.

26.3.Шийдвэр гаргахгүйгээр хэлэлцэх, мэдээлэх асуудлыг бүх гишүүдийн хурал эхлэхээс 3-аас доошгүй хоногийн өмнө төлөвлөгөөнд оруулан хэлэлцэж болно.

26.4.Энэ хуулийн 26.3 нь хурал удирдах, бүх гишүүдийн ээлжит бус хурал хуралдуулахтай холбогдсон асуудлаар шийдвэр гаргахад үл хамаарна.

26-1 дугаар зүйл.Төлөөлөгчдийн хурал

26-1.1. 100-аас дээш тооны гишүүнтэй анхан шатны хоршоо шаардлагатай гэж үзвэл бүх гишүүдийн хурлын оронд төлөөлөгчдийн хуралтай байж болно.

26-1.2.Дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөгчдийн хуралд энэ хуулийн 23.4.1, 23.4.5, 23.4.10, 23.10, 261.3-аас бусад бүх гишүүдийн хуралд хамаарахаар заасан заалт нэгэн адил хамаарна.

26-1.3.Төлөөлөгчдийн хурлын гишүүдийн тоо, түүний бүрэн эрхийн хугацаа, төлөөлөгч сонгох, дүнг гаргах болон нэг төлөөлөгч хоршооны саналын эрх бүхий хэдэн гишүүнийг төлөөлж байх журмыг бүх гишүүдийн хурал тогтооно.

Төлөөлөгчдийн хурлын гишүүдийн тоо нь нийт саналын эрх бүхий гишүүдийн 25 хувиас багагүй хэмжээтэй байна.

26-1.4.Дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөгчийг бүх гишүүдийн хурлаас нууц санал хураалтын үндсэн дээр сонгоно. Төлөөлөгч нь бүрэн эрхээ бусдад шилжүүлж болохгүй.

26-1.5.Төлөөлөгч тус бүрийн саналын эрх нь түүний төлөөлж буй хоршооны гишүүдийн саналын эрхийн нийлбэрээр тодорхойлогдоно.

26-1.6.Төлөөлөгч нь тухайн хоршооны гишүүн байна.

/Энэ зүйлийг 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

27 дугаар зүйл.Хоршооны Тэргүүлэгчид

27.1.Бүх гишүүдийн хурлын чөлөөт цагт хоршооны үйл ажиллагааг Тэргүүлэгчид удирдана.

27.2.Тэргүүлэгчид нь дарга, хоёр буюу түүнээс дээш гишүүнээс бүрэлдэх ба Тэргүүлэгчдийн дарга нь хоршооны дарга байна.

27.3.Тэргүүлэгчид нь хоршоог төлөөлнө.

27.4.Тэргүүлэгчид хоршоог төлөөлөх эрхийг тэдгээрийн олонхийн саналаар хэрэгжүүлнэ.

27.5.Тэргүүлэгчид хоёр сард нэгээс доошгүй удаа хуралдана.

27.6.Тэргүүлэгчид нь хоршооны нягтлан бодох бүртгэлийг хууль тогтоомжийн дагуу хөтлүүлж, тайлангийн жилийн дүн гармагц Xяналтын зөвлөлд мэдэгдэн бүх гишүүдийн хуралд хэлэлцүүлнэ.

27.7.Жилийн болон завсрын тайлан гаргахад, эсхүл баримжаалсан тооцоогоор алдагдал гарч, түүнийг хоршооны нийт эд хөрөнгийн дүнгийн 50 хувь болон нөөцийн сангийн хөрөнгөөс нөхөж чадахгүйд хүрвэл Тэргүүлэгчид бүх гишүүдийн хурлыг нэн даруй зарлан хуралдуулж, уг асуудлыг хэлэлцүүлэх үүрэгтэй.

/Энэ хэсгийн дугаарыг 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

27.8.Тэргүүлэгчид нь гишүүдэд олгох зээлийн дээд хэмжээг тогтооно.

/Энэ хэсгийг 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн, 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

28 дугаар зүйл.Тэргүүлэгчдийн хариуцлага

28.1.Тэргүүлэгчид нь тухайн хоршооны нууцад хамаарах мэдээллийг чандлан хадгалах үүрэгтэй.

28.2.Тэргүүлэгч хууль, дүрэм зөрчиж дараахь зөрчил гаргасан тохиолдолд түүнээс учирсан хохирлыг нөхөн төлнө:

28.2.1.хоршооны гишүүдэд оногдох хувь болон орлогоос ашигласан, захиран зарцуулсан;

28.2.2.хоршооны хөрөнгөөр төлбөр хийсэн;

28.2.3.хоршоог төлбөрийн чадваргүй болгосон буюу дампууруулах үндэслэл бүрдүүлсэн;

28.2.4.хоршооны хөрөнгөөс зээл олгосон.

28.3.Бүх гишүүдийн хурлын шийдвэрээр явуулсан үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг Тэргүүлэгчид нөхөн төлөхгүй.

29 дүгээр зүйл.Гишүүдийн бүртгэл хөтлөх

29.1.Тэргүүлэгчид хоршооны гишүүдийн бүртгэлийг хөтөлнө.

29.2.Бүртгэлд дараахь асуудлыг тусгана:

29.2.1.гишүүний овог, нэр, оршин суугаа газрын хаяг, гишүүн хоршооны оноосон нэр, орших газрын хаяг;

29.2.2.хоршоонд гишүүнээс нийлүүлсэн хувь хөрөнгө, төрөл, хэмжээ;

29.2.3.хоршооны орлого болон эд хөрөнгөөс тухайн гишүүнд хуваарилсан хэмжээ;

29.2.4.гишүүнээр элссэн, гишүүнээс гарсан, хасагдсан тухай.

/Энэ заалтад 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

30 дугаар зүйл.Бүртгэлтэй танилцах

30.1.Хоршооны гишүүн өөрийн бүртгэлтэй танилцах эрхтэй.

30.2.Хоршооны гишүүн хууль, дүрэмд заасан журмын дагуу бусад гишүүний бүртгэлтэй танилцаж болно.

30.3.Хоршооны гишүүний талаар мэдээлэл авсан этгээд нь уул мэдээллийн нууцыг чандлан хадгалах үүрэгтэй.

30.4.Мэдээлэл авсан этгээд түүнийг зөвхөн хоршооноос анх авсан шаардлагын дагуу ашиглана.

31 дүгээр зүйл.Хоршооны дарга

31.1.Хоршооны дарга бүх гишүүдийн хурлыг даргалж, бүх гишүүдийн хурлын болон Тэргүүлэгчдийн шийдвэрт гарын үсэг зурна.

31.2.Хоршоог төлөөлөх итгэмжлэлд гарын үсэг зурна.

31.3.Тэргүүлэгчдийн санал болгосноор хоршооны Гүйцэтгэх захирлыг томилж, түүнтэй гэрээ байгуулна.

32 дугаар зүйл.Хяналтын зөвлөл

32.1.Хоршооны Тэргүүлэгчдийн үйл ажиллагаанд хяналт тавих, хөндлөнгийн хяналтын байгууллагын шийдвэрийн биелэлтийг хангуулах чиг үүрэгтэй Хяналтын зөвлөлийг бүх гишүүдийн хурлаас байгуулна.

32.2.Хяналтын зөвлөл гурваас доошгүй гишүүнтэй байна.

32.3.Хяналтын зөвлөлийн гишүүдээс дарга, орлогч даргыг сонгоно.

33 дугаар зүйл.Хяналтын зөвлөлийн гишүүн

33.1.Хяналтын зөвлөлийн гишүүд Тэргүүлэгчдийн хуралд зөвлөх эрхтэй оролцоно.

33.2.Хяналтын зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, огцруулах, хоршооны гишүүнээс хасах асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн дөрөвний гурвын саналаар шийдвэрлэнэ.

33.3.Хяналтын зөвлөлийн гишүүн нь Тэргүүлэгчээр сонгогдож үл болно.

33.4.Хяналтын зөвлөлийн гишүүнээс үндсэн үүргээ гүйцэтгэхтэй холбогдон гаргасан зардлыг хоршооноос нөхөн олгох ба түүнд бүх гишүүдийн хурлын шийдвэрийн дагуу зохих урамшил олгож болно.

34 дүгээр зүйл.Хяналтын зөвлөлийн хуралдаан

34.1.Хяналтын зөвлөлийн хуралдааныг дарга, түүний эзгүйд орлогч дарга зарлан хуралдуулна.

34.2.Гишүүдийн олонхи нь оролцсоноор хуралдааныг хүчин төгөлдөр гэж үзнэ.

34.3.Хуралдааныг зөвхөн дарга, эсхүл түүний орлогч удирдана.

34.4.Хяналтын зөвлөл улиралд 1-ээс доошгүй удаа хуралдана.

34.5.Хоршооны Тэргүүлэгчид, эсхүл Хяналтын зөвлөлийн гишүүдийн 50-иас дээш хувь нь Хяналтын зөвлөлийг хуралдуулахыг шаардсан, эсхүл Хяналтын зөвлөлийн дарга шаардлагатай гэж үзсэн бол ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулна.

35 дугаар зүйл.Хяналтын зөвлөлийн бүрэн эрх

35.1.Хяналтын зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

35.1.1.Тэргүүлэгчдийн үйл ажиллагааг хянан шалгах, үүний тулд шаардлагатай баримт бичгийг гаргуулан авах, мэдээлэл, илтгэл сонсох, нягтлан бодох бүртгэл, бусад бичиг баримттай танилцаж, шалгах;

35.1.2.хоршооны жилийн тайлан, цаг үеийн байдлын тухай мэдээ, жилийн орлогын хуваарилалт, алдагдлыг хэрхэн нөхөх зэрэг асуудлаар санал дүгнэлт гаргаж, бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэх;

35.1.3.шаардлагатай гэж үзвэл бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах;

35.1.4.хууль тогтоомж болон хоршооны дүрэмд заасан журмын дагуу Тэргүүлэгчид зээл олгох асуудлыг шийдвэрлэх;

35.1.5.зээлийн олголт, эргэн төлөлт, Зээлийн хорооны үйл ажиллагаанд хяналт тавих;

/Энэ заалтыг 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн, 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

35.1.6.хууль, дүрэмд заасан бусад бүрэн эрх.

/Энэ заалтын дугаарыг 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

35.2.Хяналтын зөвлөл шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн шинжээчийг төлбөртэй ажиллуулж болно.

ТАВДУГААР БҮЛЭГ. Хоршоодын холбоо

edit

36 дугаар зүйл.Хоршоодын холбоо

36.1.Хоршоо хууль тогтоомж болон зорилгодоо нийцсэн үйл ажиллагаа явуулж байгаа эсэх буюу хоршооны үйл ажиллагаа, зохион байгуулалт, санхүү, аж ахуйн зэрэг асуудлыг хянан шалгаж, нийтлэг удирдлагаар хангах чиг үүргийг Хоршоодын холбоо хэрэгжүүлнэ.

36.2.Хоршоодын холбоо нь гишүүнчлэлтэй төрийн бус байгууллага байна.

36.3.Хоршоодын холбооны талаархи энэ хуульд зааснаас бусад асуудал нь Төрийн бус байгууллагын тухай хуулиар зохицуулагдана.

37 дугаар зүйл.Хоршоодын холбооны чиг үүрэг

37.1.Хоршоодын холбоо дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

37.1.1.хоршооны зохион байгуулалт, үйл ажиллагааг хянан шалгах, тодорхойлолт гаргах;

37.1.2.хоршооны данс, санхүү, нягтлан бодох бүртгэл, бусад бичиг баримтын талаархи мэдээллийг гаргуулан авах;

37.1.3.орон нутгийн болон улсын хэмжээнд хоршооллын хөдөлгөөнийг өргөжүүлэх, хоршоог хөгжүүлэх бодлого явуулах;

37.1.4.хоршоодын үйл ажиллагаанд дэмжлэг тусламж үзүүлэх, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх;

37.1.5.хоршоодын боловсон хүчнийг сургах, давтан сургах ажлыг зохион байгуулах;

37.1.6.хоршоодын эрх ашгийг хамгаалах, дэмжлэг туслалцаа үзүүлэх, боловсон хүчин бэлтгэх зэрэг асуудлаар нэгдсэн бодлого боловсруулахаар төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах;

37.1.7.хоршоодод нягтлан бодох бүртгэл хөтлөхөд нь мэргэжлийн туслалцаа үзүүлж, тайлан тэнцлийг шалгаж баталгаажуулах;

37.1.8.Засгийн газраас хуулийн дагуу Хоршоодын холбоонд шилжүүлсэн зарим бүрэн эрх;

37.1.9.хууль, дүрэмд заасан бусад бүрэн эрх.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ. Хоршоог татан буулгах

edit

38 дугаар зүйл.Хоршоог бүх гишүүдийн хурлын шийдвэрээр татан буулгах

38.1.Хоршоог бүх гишүүдийн хурлын шийдвэрээр татан буулгаж болно.

38.2.Хоршоог татан буулгах тухай асуудлыг санал хураалтанд оролцсон гишүүдийн дөрөвний гурваас доошгүйн саналаар шийдвэрлэнэ.

38.3.Хоршоог татан буулгасан тухай шийдвэрийг бүртгэх байгууллагад 7 хоногийн дотор мэдэгдэнэ.

/Энэ хэсгийн дугаарыг 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

39 дүгээр зүйл.Хоршоог шүүх татан буулгах

39.1.Шүүх дор дурдсан үндэслэлээр хоршоог татан буулгана:

39.1.1.дампуурсан;

39.1.2.гишүүдийн тоо хуульд заасан доод хэмжээнд хүрэхгүй болсон ба хоршоо өөрийн санаачлагаар татан буугдаагүй;

39.1.3.хууль, дүрэмд зааснаас өөр үйл ажиллагаа явуулсан;

39.1.4.хуулийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;

39.1.5.хуульд заасан бусад үндэслэл.

40 дүгээр зүйл.Хоршоо татан буугдсаныг мэдэгдэх

40.1.Татан буулгах шийдвэр гаргасан этгээд хоршоо татан буугдсан тухай улсын бүртгэлийн байгууллагад 3 хоногийн дотор мэдэгдэнэ.

40.2.Хоршоо татан буугдсаныг улсын бүртгэлд тэмдэглүүлсэн тухай татан буулгах комисс нийтэд мэдээлнэ.

40.3.Хоршооноос авлагатай этгээдэд хоршоо татан буугдсан тухай тусгайлан мэдэгдэнэ.

41 дүгээр зүйл.Татан буулгах комисс томилох, эгүүлэн татах

41.1.Татан буулгах тухай шийдвэр гаргасан байгууллагаас томилсон татан буулгах комисс татан буулгах ажлыг эрхлэн гүйцэтгэнэ.

41.2.Татан буулгах комиссыг бүх гишүүдийн хурлаас томилж чадаагүй бол Хяналтын зөвлөл, эсхүл хоршоодын холбооны Тэргүүлэгчид томилж болно.

41.3.Татан буулгах комисс байгуулсан байгууллагын шийдвэрээр шаардлагатай гэж үзвэл тухайн комиссыг хугацаанаас нь өмнө татан буулгаж болно.

42 дугаар зүйл.Татан буулгах комиссыг бүртгэх байгууллагад мэдэгдэх

42.1.Татан буулгах комиссын гишүүдийг бүртгэх байгууллагад мэдэгдэж, холбогдох баримт бичгийг хүргүүлнэ.

43 дугаар зүйл.Татан буулгах комисс хоршоог төлөөлж гарын үсэг зурах

43.1.Хоршооны нэрийн хажууд "татан буугдаж байгаа" гэсэн бичилт хийж татан буулгах комиссын гишүүд хоршоог төлөөлж гарын үсгээ зурна.

44 дүгээр зүйл.Татан буулгах явцад гишүүдийн хоршоонд нийлүүлэх хувь хөрөнгийг нэмэгдүүлэх

44.1.Хоршоог татан буулгах явцад түүний нийт хөрөнгө нь өр төлбөр барагдуулахад хүрэлцэхгүй бол дутаж буй хэсгийг хоршоонд нийлүүлэх хувь хөрөнгөө дээд хэмжээнд нь хүртэл төлөөгүй гишүүдэд хувь оногдуулах замаар гаргуулж нөхөн төлнө.

45 дугаар зүйл.Хоршооны үйл ажиллагаа дуусгавар болсноос хойш гишүүдийн үүргийг нэмэгдүүлэхгүй байх

45.1.Хоршооны үйл ажиллагаа дуусгавар болсноос хойш гишүүдийн хоршоонд заавал нийлүүлэх хувь хөрөнгийн хэмжээ, нөхөх хариуцлагыг нэмэгдүүлж үл болно.

46 дугаар зүйл.Хөрөнгө хуваарилахыг хориглох хугацаа

46.1.Хоршооны өр төлбөртэй холбоотой нэхэмжлэлийг Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг үндэслэн барагдуулна.

/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

46.2.Хоршоонд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд ийнхүү нэхэмжлэл гаргах боломжгүй нөхцөлд байгаа бол түүнд төлбөл зохих төлбөрийг нэгэн адил төлнө.

46.3.Төлбөрийн талаар маргаантай бол тухайн этгээдэд ногдох хэсгийг тусгаарласны дараа үлдсэн эд хөрөнгийг гишүүдэд хуваана.

47 дугаар зүйл.Хоршооны эд хөрөнгийг гишүүдэд хуваарилах

47.1.Хоршооны харилцагчдын нэхэмжлэл хангах ажиллагаа дууссаны дараа энэ хуулийн 14, 16 дугаар зүйлийг үндэслэн гишүүдэд хоршооны үлдсэн эд хөрөнгийг хуваарилна.

47.2.Татан буулгасан тухай анхны тайлан мэдээг үндэслэн гишүүдийн оногдлын хэмжээг тогтооно.

47.3.Энэ хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу хоршооны гишүүн нэмэлт хувь хөрөнгө нийлүүлсэн бол эхлээд тэр хэмжээний хөрөнгийг түүнд олгоно.

47.4.Гишүүн нэг бүрт ногдох хувийг нь олгосны дараа хоршооны нийт хөрөнгөөс үлдсэн хэсгийг нийт гишүүдэд тэнцүү хэмжээгээр хуваана.

47.5.Хоршооны дүрмээр эд хөрөнгийг хуваарилахыг хориглох, эсхүл хуваарилах харьцааг өөрөөр тогтоож болно.

48 дугаар зүйл.Хуваах боломжгүй үлдэгдэл хөрөнгө

48.1.Хоршооны үйл ажиллагаа дуусгавар болоход хуваах боломжгүй үлдэгдэл хөрөнгийг тодорхой зориулалтаар хэрэглүүлэхээр шилжүүлэхийг хоршооны дүрэмд тусгайлан заагаагүй бол уг хөрөнгийг нийтийн хэрэгцээнд зориулан ашиглуулахаар хоршооны төв оршиж байсан нийслэл, аймаг, сум, дүүргийн өмчид шилжүүлнэ.

ЗУРГАДУГААР БYЛЭГ. Хоршооны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа

edit

/Энэ бүлгийг 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

48-1 дугаар зүйл.Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа

48-1.1.Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хоршоо 20-иос доошгүй гишүүнтэй байна.

48-1.2.Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хоршоо нь дараахь асуудлыг дүрэмдээ тусгана:

48-1.2.1.хадгаламж авах, зээл олгох журам;

48-1.2.2.хоршоо болон гишүүдийн харилцан хүлээх эрх, үүрэг;

48-1.2.3.хоршооны зээлийн сан, зээлийн эрсдэлийн сан болон бусад санг байгуулах, зарцуулах журам;

48-1.2.4.зээлийн хороо болон хоршооны бүтэц дэх бусад байгууллагаас хоршооны хадгаламж, зээлийн үйл ажиллагаанд оролцох журам.

48-1.3.Хоршоо нь хадгаламж, зээлийн үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ.

/Энэ хэсгийг 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

48-1.4.Энэ хуулийн 481.3 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон харилцааг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна.

/Энэ хэсгийг 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

48-2 дугаар зүйл.Хоршооны хадгаламжийн үйл ажиллагаа

48-2.1.Хоршоо нь өөрийн гишүүнээс мөнгөн хөрөнгийн хадгаламж авч болно.

48-2.2.Хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх хоршоо нь Иргэний хуулийн 454-456 дугаар зүйлд заасны дагуу бичгээр байгуулсан гэрээний үндсэн дээр мөнгөн хөрөнгө хадгална.

48-2.3.Хоршооны хадгаламжид авсан мөнгөн хөрөнгө нь тухайн хоршооны эд хөрөнгөд хамаарахгүй. Хадгаламж дахь хөрөнгийг зөвхөн хоршооны зээлийн сангийн эх үүсвэр болгон ашиглаж болно.

48-2.4.Хоршоонд хадгалуулахаар өгсөн хөрөнгө нь хамтран эзэмшигчтэй бол хадгаламж бүхий гишүүн нь энэ тухай хадгаламжийн гэрээ байгуулахаас өмнө хоршоонд мэдэгдэх үүрэгтэй.

48-2.5.Дүрэмд өөрөөр заагаагүй бол хадгаламж, зээлийн хүүг тодорхойлох журмыг бүх гишүүдийн хурлаас тогтооно.

48-2.6.Хоршооны гишүүн нь өөрийн насанд хүрээгүй хүүхдийн нэр дээр хоршоонд хадгаламж нээж болно. Энэ тохиолдолд гэрээг тухайн хүүхдийг насанд хүрэх хүртэлх хугацаагаар байгуулна.

48-3 дугаар зүйл.Хоршооны зээлийн үйл ажиллагаа

48-3.1.Зээлийн үйл ажиллагаа эрхлэх хоршоо нь гишүүндээ хоршооны зээлийн сангийн хөрөнгөөс дүрэмд заасан журмын дагуу зээл олгож болно.

48-3.2.Зээлийн үйл ажиллагаа эрхлэх хоршоо нь зээлийн сан, зээлийн эрсдэлийн сан байгуулна. Зээлийн сан нь хоршооны хөрөнгөөс хуваарилсан хөрөнгө болон хоршооны гишүүдээс авсан хадгаламжийн хөрөнгөөс бүрдэнэ.

Хоршооны зээлийн санд хоршооны өөрийн хөрөнгөөс хуваарилах хөрөнгийн хэмжээ болон зээлийн эрсдэлийн сангийн хөрөнгийн хэмжээг дүрэмд өөрөөр заагаагүй бол бүх гишүүдийн хурлаас тогтооно.

48-3.3.Зээлийн үйл ажиллагаа эрхэлж буй хоршоо нь гишүүддээ Иргэний хуулийн 451-453 дугаар зүйлд заасны дагуу гэрээний үндсэн дээр зээл олгоно.

48-3.4.Зээлийн буцаан төлөлтийг гишүүний хоршоонд оруулсан хувь хөрөнгө болон хадгалуулсан хөрөнгөөр баталгаажуулж болно.

48-4 дугаар зүйл.Зээлийн хороо, түүний бүрэн эрх, бүрэлдэхүүн

48-4.1.Зээлийн үйл ажиллагаа эрхлэх хоршоо нь зээлийн хороотой байна. Зээлийн хороо нь 3-аас доошгүй гишүүнтэй байна. Зээлийн хорооны гишүүдийг бүх гишүүдийн хурлаас нууц санал хураалтын үндсэн дээр сонгоно. Зээлийн хорооны гишүүн нь тэргүүлэгч гишүүн, хяналтын зөвлөлийн гишүүн байж болохгүй.

48-4.2.Зээлийн хороо дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

48-4.2.1.зээл авахаар хүсэлт гаргасан хоршооны гишүүний өргөдлийг шалгах;

48-4.2.2.зээл олгох эсэхийг шийдвэрлэх, зээл олгох;

48-4.2.3.олгосон зээлийг эргэн төлүүлэх;

48-4.2.4.шаардлагатай гэж үзвэл бүх гишүүдийн хурлыг хуралдуулах;

48-4.2.5.хууль болон хоршооны дүрмээр тогтоосон бусад бүрэн эрх.

48-4.3.Зээлийн хорооны хурал гишүүдийн олонхи оролцсоноор хүчин төгөлдөр болно. Дүрмээр үүнээс дээгүүр хувь тогтоож болно.

48-4.4.Дүрэмд энэ хуулийн 484.3-т зааснаас өндөр хувь тогтоогоогүй бол зээлийн хорооны шийдвэрийг санал хураалтад оролцсон хорооны гишүүдийн олонхийн саналаар гаргана.

48-4.5.Зээлийн хорооны даргыг тухайн хоршооны Тэргүүлэгчдийн хурал зээлийн хорооны гишүүдээс томилно.

48-5 дугаар зүйл.Зээлдэгчийн зээлийн мэдээлэл

48-5.1.Зээл олголтыг хариуцлагатай болгож, эрсдлээ бууруулах зорилгоор хоршоо нь зээлдэгчийнхээ зээлийн мэдээллийг гэрээний үндсэн дээр зээлийн мэдээллийн санд өгөх буюу уг сангаас мэдээлэл авч болно.

/Энэ 48-5 дугаар зүйлийг 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ бүлгийг 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн, 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

ДОЛДУГААР БҮЛЭГ

edit

49 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

49.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

49.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

НАЙМДУГААР БҮЛЭГ

edit

50 дугаар зүйл.Хуулийг дагаж мөрдөх журам

50.1.Энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө улсын бүртгэлд бүртгэгдсэн хоршоог энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 жилийн дотор шинэчлэн бүртгэнэ.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ


  This work is in the public domain in Mongolia and other jurisdictions.

According to the Law of Mongolia on Copyright from September 1st, 1993 as amended on February 1st, 1997, May 21st, 1999 and Jan 19, 2006, works first published in Mongolia are exempt from copyright if they fall under one of the following categories:

  • legislation and other legal documents
  • administrative decisions and official documents of legal entities and organizations
  • court decisions, resolutions, judge's decrees, and other documents and speeches delivered during court hearings
  • translations of any of the above
  • coat of arms, banners, flags, awards, orders, and medals
  • any news for the purpose of reporting currents events and results
  • works of folklore and national traditions
  • ideas, methods, procedures, scientific discoveries, and mathematical concepts

This work falls into one or more of the above categories and is in the public domain.